Жирэмсний хордлого тайлах, хөнгөвчлөх арга

Twitter Print
2017 оны 10-р сар 14-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Жирэмсний эрт үеийн хордлого буюу бөөлжилт, дотор муухай оргих шинжүүд жирэмсний 5-6 дахь долоо хоногтойгоос эхлэн 9 долоо хоногтойд дээд хэмжээндээ хүрч 16-18 дахь долоо хоногоос хэвийн болдог ба нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувьд ямар нэг хэмжээгээр (бөөлжилт, дотор муухайрах шинж хүнд хөнгөн хэлбэрийн хувьд ялгаатайгаар) тохиолддог байна.

Шалтгааны хувьд бүрэн тогтоогдоогүй бөгөөд хэд хэдэн таамаг дэвшүүлдэг байна. Үүнд: сэтгэлзүйн хүчин зүйл, дааврын өөрчлөлт, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удаашрах, ходоод гэдэсний эмгэгтэй холбоотойгоор (сөргөө, хелико бактер, ходоодны шарх), шингэн дутагдах гэх мэт.

Хөнгөн, дунд зэргээр явагдаж байгаа эмэгтэйчүүдийн хувьд тусгайлсан эмчилгээ шаардлагагүй ба хүнд хэлбэрээр явагдаж байгаа эмэгтэйчүүдэд доорх шинж тэмдгүүд гарах ба яаралтай эмчид хандах хэрэгтэй. Үүнд: 

- Шингэн дутагдаж үсгүйжих, шээс ховордох, хүрэн өнгөтэй шээх, босоход толгой эргэх 

- Өдрийн турш бөөлжих эсвэл цустай бөөлжих 

- Хэвлийгээр өвдөх 

- 12 цагаас дээш хугацаанд огт юм идэж, ууж чадахгүй байх 

- Биеийн жин 2,3 кг-аас илүүтэй алдах

Жирэмсний хордлого хөнгөн дунд зэргээр явагдаж байгаа эмэгтэйчүүдэд биед ямар өөрчлөлт гардаг талаар бичье. Умай ихэс томорч, ургийн шингэн нэмэгдэхийн хэрээр зүрхний цус хаялт 30-50 хувь, нийт эргэлдэх цусны хэмжээ 45 хувиар нэмэгдэж зүрхний цохилтын тоо хэвийн үед 1 минутанд 70 цохилдог байсан бол 90 хүрч нэмэгдэх нь хэвийнд тооцогдох болно. 

Цусны сийвэнгийн хэмжээ ихэссэнээс гематокрит (цусны улаан эсийн сийвэн дэх харьцаа) буурна. Цусны цагаан эсийн хэмжээ 9000-12000/ul болж ихэсч болох ба ямар нэг үрэвсэл явагдаж байна гэж үзэхгүй. Нийт төмрийн хэмжээ 1 гр хүртэл нэмэгдэх ба жирэмсний 2-р хагаст хамгийн их хэмжээнд хүрч өдөрт 6-7 мг төмөр хэрэгтэй болно. Усгүйжилтэй холбоотой мөн ходоодны шүүрлээр бөөлжсөний улмаас цусанд кали, хлор багасах, шээсний хүчил ихсэх шинж гарч болно. Бөөрний үйл ажиллагаа зүрхний үйл ажиллагаатай адилаар нэмэгдэнэ. Жирэмсний 16-24 дэх долоо хоногт бөөрний түүдгэнцрийн шүүлт 30-50 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр ойр ойрхон шээс хүрнэ.

Жирэмсний хордлогыг хэрхэн хөнгөвчлөх болон юу хийж болох талаар бичье.

Хоол хүнс. Амин дэмээр баялаг хүнс хэрэглэх. Хоол болон зуушийг өдрийн турш бага багаар идэж ходоодоо хэзээ ч битгий хоосон байлгаарай. Зарим эмэгтэйчүүдэд нүүрс ус дотор муухайрахыг багасгах нөлөө үзүүлдэг бол нөгөө хэсэгт нь уураг ихээр агуулсан хүнс дээрх шинж тэмдгийг багасгадаг.

Шингэн сайн уух. Ердийн нөхцөлд ч шингэн дутагдах нь ямар ч насны хүнд аюултай байдаг бол жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү ноцтой үр дагавар авчирдаг байна. Эхийн эрүүл мэндэд хор учруулна. Жирэмсэн эмэгтэй хангалттай хэмжээний шингэн уугаагүйгээс бөөлжис цутгах, өтгөн хатах, цээж гашуу оргих зэрэг наад захын тавгүйтэл болон сав агших, тонус нэмэгдэх, хугацаанаас өмнө дутуу төрөх аюулд хүргэнэ. 

Ялангуяа жирэмсний хоёр дахь болон гуравдах триместерт шингэн дутагдал дутуу төрөх шалтгаан болдог байна. Учир нь шингэн дутагдах нь цусны эргэлтийг удаашруулж, окситоцин буюу умайн агшилтыг өдөөгч гормоны түвшинг өндөрсгөдөг, улмаар умай агшсанаар дутуу төрөлтөнд хүргэдэг ажээ. Үүний зэрэгцээ шингэн дутагдал нь биеийн температурыг нэмэгдүүлж, булчин болон шөрмөс татах, биеийн дулааны хэмнэл алдагдахад нөлөөлдөг. Хүүхдэд аюултай. Эх нь хангалттай шингэн уугаагүйгээс жирэмсний эхний болон хоёр дахь триместерт гэдсэн дэх хүүхэд амниотик шингэний дутагдалд орно. Амниотик шингэн бол хүүхдийн амьдрах, өсөх гол орчин билээ. Амниотик шингэн дутагдсанаар хүүхэд усан дотроо хөвөхийн оронд эхийн умайн хананд шахагдах, умайн ханатай шүргэлцэлд орж гар, хөл зэрэг эрхтэн бүрэлдэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн бие махбод, ясжилтад саад учирч түнхний мултрал, дутуу хөгжил зэрэг гажиг үүсэх аюултай. Витамин В6 дутагдсанаас болж хордлого өгөх тохиолдол байдаг ба В6 нь дотор муухайрах шинжийг багасгадаг байна.

Сэтгэл санаа. Сэтгэл санаагаа тайван байлгах, ажлын ачааллаа багасгах, амрах (өдөрт 8-10цаг унтаж байх). Ядрах үед дотор муухайралт нэмэгддэг тул аль болох сайн амарч байхыг хичээх хэрэгтэй. Мөн хорт зуршлаас татгалзаарай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.