Өмнөх аль ч Засгийн газарт ажиллаж байгаагүй хамгийн өндөр IQ-тай хүмүүс ажиллах болно

Twitter Print
2017 оны 01-р сар 20-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслолын өмнөх өдөр буюу пүрэв гарагт “Америкчуудын төлөө ажиллах”-аа амлажээ. Тэрбээр нийслэл Вашингтон хот дахь Линкольны дурсгалын цогцолборт очиж үг хэлэхдээ “би өөрчлөлт хийх болно” гэсэн байна.

Өчигдөр өглөө тэрбээр Виржиниа муж улс дахь Арлингтоны үндэсний оршуулгын газарт очин цэцэг өргөж, дайнд амь эрсэдсэн америк цэргүүдийн дурсгалыг хүндэтгэжээ. Тэрбээр хэлэхдээ “Аялал эхэллээ. Америкийн ард түмнийг гайхамшгаар аялуулахын төлөө бид ажиллаж, зүтгэх болно” гээд “Бид хамтдаа Аугаа Америкийг дахин бий болгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна” гэлээ.

Засгийн газрын албан тушаалд нэр дэвшигчид болон Бүгд Найрамдах намын албаны хүмүүстэй хамт тэрбээр өчигдөр орой зоог барьжээ. Энэ үеэр Д.Трамп хэлэхдээ “Манай Засгийн газарт өмнөх аль ч Засгийн газарт ажиллаж байгаагүй хамгийн өндөр IQ-тай хүмүүс ажиллах болно” гэв.

“ABC News” телевизээс энэ долоо хоногт явуулсан санал асуулгад оролцогчдын 54 хувь нь Д.Трампыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Д.Трампын нэр хүнд сүүлийн 40 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан хүмүүсийнхтэй харьцуулахад хамгийн доогуур байна.

Түүний тангараг өргөх ёслолын үеэр Вашингтон хот даяар 100 орчим иргэний нийгмийн бүлгүүд эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөжээ. Тангараг өргөх ёслол болон ёслолын жагсаалын үеэр аюулгүй байдлыг хангах хатуу чанд арга хэмжээ авах юм.

Г.Доржханд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.