Б.Лхагважав: Хямралыг бүх компани, ААН-ийн дэмжлэгээр гарна гэж бодож байна

Twitter Print
2017 оны 01-р сар 19-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Юуны өмнө цас ихтэй хахир хүйтэн өвлийг туулж буй малчид болон тариаланчид, ногоочид, үйлчилгээ-худалдааны байгууллагын ажилтан ажиллагсадаас аваад Монгол Улсын үндэсний баялгийн гол үндэс болсон нийт бизнес эрхлэгчиддээ Шинэ оны халуун мэнд хүргэе!

2017 он өмнөх жилүүд шиг хүндхэн жил байгаа. Энэ “зуд” үргэлжилсээр улс орон, бизнесийн бид тэр чигээрээ хямралын дөрөв дэх жилийн нүүрийг үзэж шинэ онтой золгож байна. Тиймээс энэ он манай бизнесийнхэн нилээд тэсвэр тэвчээр, оюун ухаан, менежмент шаардсан жил байх болов уу. Манай бизнесийнхэн 1990 оноос буюу Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс хойшхи гурван том хямралыг байгаа эд хөрөнгө, орлогоо шавхан байж, өөрсдийн хат, туршлага бүх зүйлээрээ нэр төртэй даван туулж ирлээ.

Эдийн засаг өнөөдөр хасах 1.6 хувьтай гарч байна. Энэ нь 2009 оны түүхэн үйл явдал давтагдах болов уу гэж бодож байна. Гэхдээ би өөдрөг үзэлтэй. Ер нь ёроолын цэгтээ хүрсэн болов уу гэж бодож байна. Цаашид хэрэв бид макро эдийн засгийн мөнгөний бодлогоо нэг чигтэй шийдэж, дээр нь улстөрийн зөв шийдвэр гаргаж чадах юм бол буцаад дээш гарах бололцоо байгаа. Ингээд дээшлэх бололцоотой байвал 2018-2019 онд эдийн засаг өсөлттэй гарна. Тиймээс 2017 он манай бизнесменүүдийн хувьд чухал жил юм. Энд бид байгаа хүч нөөцөө ашиглаад, үүн дээр техник-технологи, иннновацийн шинэчлэлээ таслалгүй хийж, хүний нөөц, Компанийн засаглалаа сайжруулаад явбал ойрын ирээдүйд дээшлэх тэр графикийн өсөлт рүү хамт алхах юм. Хямралыг бүх компани, ААН-ийн дэмжлэгээр гарна гэж бодож байна.

Макро эдийн засагт хямралын байдал 2013 оноос бий болоход МҮХАҮТ эхнээс нь татварын зөөлөн бодлого барих, мөнгөний бодлогоо сайжруулах, банк, санхүү гээд олон асуудал дээр дуу хоолойгоо өргөж ирсэн. Танхимын зүгээс 2015-2016 онд хийсэн ажил маань хямралаас гарах үндэс сууриуд байсан. Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн Ил тод байдлын хуулийг УИХ-аар зүтгүүлж, батлуулан, үүнтэй зэрэгцэн 2016 оны эхнээс татварын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн, өнгөрсөн онд Компанийн засаглал руу хандан ажиллаж ирсэн. Энэ бүхэн нь бид хамтдаа хямралаас гаргах арга замаа хайхад алхам алхамаар хийгдэж байгаа ажлууд юм. Одоо энэ бүх хийгдсэн ажлын суурь нь бүрдээд ирэх юм бол өнөөдрийн энэ миний хэлээд буй ёроолдоо хүрсэн хямралын доод цэгээс бид дээшээ хамтдаа явна гэсэн үг. Энэ дээр бүгд хамт байцгаая.

Танхим өнгөрсөн хугацаанд макро эдийн засгийн бодлогод нөлөөлөх гарцыг хайсан. Цаашлаад, 2017 онд цэвэр эдийн засагт нөлөөлөх бодлогууд дээр төр, засагтай хамтран ажиллана. Шаардах үедээ шаардана, зарим үед эсрэг ч байж магадгүй юм. Өнөөдөр Монгол Улс төр, хувийн хэвшил, иргэн бүгдийн хамтын оролцоогоор энэ хүндрэл, хямралаас гарна. Гэхдээ энэ хүндрэл бий болгочихсон зүйл биш юм гэдгийг энд зориуд дурьдаж хэлмээр байна. Юу гэвэл өнгөрсөн жилүүдэд манай улс гаднаас их мөнгө авсан. Тэр мөнгөөр гурван км зам барих гэх мэтээр дахин үйлдвэрлэгдэггүй, баялаг үүсгэдэггүй, нийгмийн халамжийн зүйл их хийгдсэн. Энэ бүх тавьсан өрийг иргэд, баялаг бүтээгч бизнесийн бид л төлнө. Тиймээс энэ бүхэн хямрал гэхээсээ илүү Монгол Улс арай бийлэгжүү байх үед хийгдэж нийгмийн асуудлыг шийдэхэд оруулсан хөрөнгө оруулалтын буцааж төлөх төлбөр нь ирээдүйн татвар төлөгч биднээс төлөгдөх юм. Тэгэхээр энд Монгол Улсын иргэн бүр оролцохоос өөр арга байхгүй.

2017 оны нэг гол асуудал бол нийтийн мөнгө, нийтийн санхүү, төрийн нийтийн хамааралтай өмч байна. Энэ гол гурван салбар дээр МҮХАҮТ нэгдсэн бодлого гаргаж төр, засагт албан ёсоор өгнө. Бодлогын хэмжээнд загвартай нь гаргаж өгнө. Энэ гурван асуудлыг цэгцлэхгүйгээр бид цааш явж чадахгүйгээ харлаа. Жирийн нэг бизнесмен, жирийн нэг аж ахуй эрхлэж буй хүн мөрөөрөө явж байтал том макро эдийн засагт нөлөөлөхөөр асуудлууд нь буцаж манай улсыг хүнд байдалд оруулаад байгаа юм. Тиймээс эргэж хүнд байдал орохгүйн тулд бүгдээр сонор сэрэмжтэй байя. Мэдээллээ хамтдаа боловсруулж, хамтдаа гарц хайж хамтдаа шийдэхээс аргагүй.

Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.