Н.Номтойбаярын ашиг сонирхол Засгийн газрынхаа нэр хүндийг хөлдөө чирч эхэллээ

2017 оны 01-р сар 17-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

АН-ын засаглалын үед Хөгжлийн банкинд төвлөрсөн бондын мөнгөнөөс олгосон зээлийн 60 гаруй хувь нь эргэн төлөгдөх боломжгүй болсон тухай мэдээ улс төрийн хүрээнд дуулиан тарьж, нийгмийн анхаарлыг татаад удаж байна. Банкыг шалгасан Ажлын хэсгийн 2000 хуудас материал нийтэд ил болохоос өмнө зээлийг Хөгжлийн банкны хөрөнгийг хэнд олгох вэ гэдгийг голчлон шийдсэн АН-ынхан хуу хамчихсан мэт ойлголт түгэж байв. Гэвч УИХ-ын чуулган дээр өрнөсөн эцэс төгсгөлгүй хэрүүлийн зах зух зарим зээл хаашаа явсан болох замыг зааж, зээлээс МАН-ын улстөрчид ч авсан. Тэгчихээд мөн л луу унжин зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн болох баримтууд ил болсон юм. Энд хоёр том компанийн нэр дурдагдсан ба эзэд нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд байгаа.

Баримт УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын "Монполимет" групп 111 тэрбум, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гэр бүлийн "МАК" групп 109 тэрбум төгрөгийн зээл авсан болохыг нотолсон. Харин "Монполимет" групп хоёр удаа зээл төлөлтөө хойшлуулсан бол "МАК" групп зээлээ төлөлгүй 238 хоногийн хугацаа хэтрүүлсэн мэдээлэл бий. Эдийн засгийн ачаанаас их бага хэмжээгээр хөнгөлөлцдөг аж ахуйн нэгж аль нэг банкнаас зээл авах нь ердийн үзэгдэл л дээ. Гайхалтай нь "МАК" болон "Монполимет" группууд бондоос зээл авч, эргэн төлөлт дээрээ асуудал үүсгэж байгаа бол дээр нь нэмээд Засгийн газраа лообийдон гадаадаас ажиллах хүч авах, ингэхдээ их хэмжээний хөнгөлөлт эдлэх эрхээс сугарч үлдсэн нь олны хараанаас мултарсангүй.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн цаг үеийг бүх л аж ажуйн нэгжүүд даван туулж байгаа. Тэд илүү гэсэн төсвөө танаж, ажилчдаа цомхотгон, цалингаа хасаж яг одоо ширүүн бороонд цохиулсан өвс шиг бөхийчихөөд байж байна. Дагаад ажилчдынх нь амьдрал хэцүүдэж, монголчууд нийтээрээ нийгмээрээ энэ хүнд цаг үеийг туулах гэж чармайж явна. Хүнд байдалд орсон яваа аж ахуйн нэгжүүдэд жаахан ч гэсэн толгой өндийх хүсэл бий. Зээл нь олддог бол зээл авчихмаар, үйл ажиллагаагаа сэргээж, ажилчдаа цалин хөлстэй залгуулахыг дор дороо л бодож байгаа нь гарцаагүй. Гаднаас ажиллах хүч оруулж ирээд зурсан төслөө амилуулах тэмүүлэл ч бий. Гэвч энэхүү зээл санаснаар олдохгүй. Харин УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд бол энэ нь асуудалгүй хэрэг бөгөөд хууль зөрчих, Засгийн газраа лообийдох, давуу эрхээрээ далайлган эдийн засгийн хөнгөлөлт эдлэх, шударга бус өрсөлдөөн явуулах нь асуудал  биш аж.

Бондоос авсан зээлээ төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн "МАК" болон "Монполимет" группууд шинэ оны өмнө онцгой эрх эдэлж Засгийн газраар гадаадаас ажиллах хүч авах тухай тусгай тогтоол гаргуулжээ. 2016 оны 12 сарын 21-ны өдөр гаргасан энэ тогтоолын дагуу “Монцемент билдинг материалс” ХХК 710, “Монголын алт” ХХК 1600 гадаад иргэнийг Монгол Улсад ажиллуулахаар авчирч байгаа. Гайхалтай нь тэд гадаад ажилчдынхаа ажлын байрны төлбөрийг нэмж чөлөөлүүлжээ.

Гадаадын иргэнд сар бүр ногдуулах ажлын байрны төлбөрийн хэмжээг Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосон. Энэхүү төлбөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болсон. Энэ журмын дагуу МАК компанийн 1600 гадаад ажилтны нэг нь сар бүр 480 мянга, жилд 9 тэрбум 216 сая, "Монполимет" групп 710 ажилтны татвар болох 4 тэрбум 89 сая, 600 мянган төгрөг, нийт 13 тэрбум 305 сая, 600 мянган төгрөгийг Хөдөлмөр эрхлэх санд тушаах ёстой байв. Гэвч эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэж чармайж байгаагаа үргэлж ярьж буй Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хоёрын компанийн толгойг илээд, 13 тэрбумын татвараас чөлөөлж орхилоо.

Гадаадын иргэний ажлын байрны төлбөр. Энэ бол Монгол Улс тэднийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил эрхлүүлсний төлөө хуулиар авч байгаа хураамж юм. Энэ хураамжаас гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яам, Консул, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсын гэрээ болон төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байгаа сайн дурын ажилтан, Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээний дагуу  ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтнууд, боловсрол, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнууд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны шийдвэрийн дагуу 50 хувь чөлөөлөгддөг. Гэвч МАК болон Монполимет группын 2310 гадаад ажилчин энэ төлбөрөөс бүрэн чөлөөлөгджээ.

Гадаад ажилчид оруулж ирж байгаа компанийн үйл ажиллагаа, зөвшөөрөл зэрэгт хяналт тавьж ажиллах үүрэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад бий. Харин энэ салбарыг хариуцсан сайд Н.Номтойбаяр өөрийн гэр бүлийнхээ компанид давуу эрхтэй олгож, сайдын ашиг сонирхлыг Засгийн газар нь танхимаараа дэмжсэн нь гайхалтай. Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет группын охин компани “Монцемент билдинг материалс” ХХК өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн Сайншанд хотоос 55 км, Улаанбаатар хотоос 520 км-т орших “Сэнжит Худаг”-ийн шохойн чулууны ордыг түшиглэн байгуулсан үйлдвэрээ хэвлэл мэдээллээр танилцуулаад авсан. 2015 оны наймдугаар сард ашиглалтад орсон энэ ордын нөөц нь 170 жилийн настай. Үйлдвэрийг дагаад Дорноговь аймгийн Өргөн суманд Эрдэнэт шиг бүтээн байгуулалт эхэлсэн гэж тус компани рекламдсан. Монгол Улсад шинэ үйлдвэр байгуулагдсан нь мэдээж хэрэг сайхан үйл явдал. Бүтээн байгуулалт өрнөж байгаад бас талархах ёстой. Гэхдээ хэдэн үеэрээ идээд барахгүй шахам ордод эзэн суусан нэг компани бондоос хөнгөлөлттэй зээл авчихаад нэмээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу ордог гадаад ажилчдын төлбөрөөс чөлөөлөгдөж, хэдэн тэрбумын хөнгөлөлтийг дангаараа эдлээд суух нь хэр зохиостой юм бэ?

МАК группын тухайд тэд Хөгжлийн банкнаас авсан зээлээ Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл, Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл, Цагаан суваргын зэс, молбиденийн уурхайд өдөрт 40 мянган тонн хүдэр боловсруулах Оюутолгойтой дүйх хэмжээний баяжуулах үйлдвэр байгуулахад зориулж байгаа аж. Өнгөрсөн хавар МАК Данийн Копенгагений хөрөнгийн биржид бүртгэлтэй “FLSmidth” групптэй 43 сая ам.долларын гэрээ байгуулсан. “FLSmidth” групптэй энэ гэрээгээ тус групп ихэд нууцалсан ч инженеринг, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 15 мянган гаруй ажилтантай “FLSmidth” групп хамтрагчаа МАК групп мөн гэдгийг өөрсдөө зарласан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед МАК тун одтой ажиллана. Учир нь тус группын дээрх төслүүд бүгд урагшилахыг энэ танхим олон хуулийг зөрчин ногоон гэрлээр дэмжиж эхэллээ. Нэг группын ажил өөдлөх сайн хэрэг ч зөвхөн нэг сайдын хувийн сонирхол, шуналаар, түүний хувийнх нь  компанийн үйл ажиллагаа хууль зөрчин байж онцгойлон дэвжээд байх нь тэнцвэртэй хэрэг биш байх.  

Улс орон санхүүгийн хямралд гүнзгий нэрвэгдэж байхад эрх мэдэлтэй сайд нь хувийн компанийнхаа төрд төлөх татвараас 13 тэрбум төгрөг харамлаж, түүнийг нь Засгийн газар өөгшүүлж суугааг яав ч эрүүл шийдвэр, эрүүл өрсөлдөөн гэж хэлэхгүй. МАК компанийн 1600 гадаад ажилчин ажиллуулах гэж байгаа Цагаан суврагын орд нь 44.4 мянган тонн зэс агуулсан 10.6 сая тонн исэлдсэн хүдэр, 1.2 сая тонн зэс бүхий 240 сая  тонн сульфидын хүдрийн нөөцтэй. Тус групп энэ нөөцийг 18 жилд хоёр үе шаттай ашиглана гэж буй ч хайгуул явуулахад нөөц нэмэгдэх магадлалтай. МАК групп Цагаан суврагын ордыг хэрхэн гартаа оруулсан, ямар арга замаар стратегийн орд болгосон, одоо тус ордоос төмөр зам тавихаар хэрхэн яарч байгаа зэрэг түүхээ бодвол ийм хүнд цаг үед улсын төсвөөс татвараа харамлаад байх учиргүй.   

Нийтлэлч Д.Отгонжаргал

Эх сурвалж: pressnews.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.185.16) 2017-01-24 07:03
      • 0
      • 0

      odoo bosoh tsag bolson shu hiih ajil alga zav bna

      Хариулах

    • Зочин

      (119.40.98.42) 2017-01-18 15:33
      • 0
      • 0

      Said uuruu ene munguu ulsad tutsun bol yadarsan heden mergejil surgalt uildwerleliin tuwiin 18000 huuhduudiin 70000 buyu tetgelegiig ugchihuur l bj shuu dee

      Хариулах