Малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ

2017 оны 01-р сар 17-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Дайны дараахан буюу 1948 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элстэй багийн малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Тэр хавар бүсгүй дөнгөж арван найман нас хүрээд байлаа. Аргал түүж яваад хээрээс хөлөө хугалан нисч чадахаа байсан хэрээ олжээ. Говьд хаврын тарчиг цагт өлссөн хэрээ ядарсан цагаан зээр барих гэж байгаад зээрэндээ даруулж унан гэмтсэн нь тэр байжээ. Бүсгүй хэрээг өрөвдөн хугарсан хөлд нь мод барин боогоод аргандаа үүрэн гэртээ авчирчээ.

Хэрээнд хоол өгч бусад цагт нь араган дотор хийгээд орхино. Сүүлдээ хөл нь ч эдгэрч өөрт нь дасч бүсгүйн гараас хоол идэх болжээ. Хөл нь эдгэсэн юм чинь яваг гэж бодоод араган дотроос нь гаргасан боловч явсангүй. Тэр цагаас хойш хэрээ хүн хоёрын нөхөрлөл эхэлж, энэ жил жаран нэг дэхь хавартайгаа золгож байна. Бөмбүүлэй гуай ямар ч олон хэрээн дотроос өөрийнхөө хэрээг хугарсан хөлний бороолсон хэсэг дээр ургасан цагаан үсээр нь танина. Хэрээний хөл эдгэхдээ олом жирэм, унаганы ногтны ормоор олойртсон байдаг шиг цагаан үс ургасан байдаг тул түүгээр нь ялгадаг байжээ.

Бөмбөөлэй гуай надад ярихдаа "Хэрээг хараал хийдэг хар өнгөтэй гэж л боддог байлаа. Хэрээ хүний ачийг мартдаггүй сайхан сэтгэлтэй шувуу юм билээ. Монголчууд хэрээг гурван зуу насалдаг гэдэг. Миний хэрээ анх надтай учрахдаа хэдэн настай байсан юм бүү мэд. Эр эмийг нь мал шиг ялгаж болдоггүй юм билээ. Тэгэхдээ миний энэ муу шувуу “бүсгүй” амьтан байгаа юм" гэж билээ.

Улс амьтан юу ч гэх юм билээ гэж хэрээгээ хөөгөөд явдаггүй бөгөөд эхлээд эзэндээ аашлуулан хэд хоног ирэхгүй боловч удалгүй хүрээд л ирнэ. Тэдний гэрээс холгүй үе дамжин нутаглаж ирсэн Гүн­шандны хайлаасны нэгэн дээр хэрээ үүрээ засжээ. Хэрээ ухаантай гэдэг үнэн. Бөмбүүлэй гуай хааяа гэрт гадаа орж гарч байгаад малаа харахаа мартсан үедээ хэрээндээ "Ажил хийгээд завгүй байхад малаа хардаггүй яасан залхуу шувуув гэж аашлахад хэрээ ихэд гэмшсэн маягтай өндөөр нисч малаа харчихаад эзнээрээ эрүүлэлгүй мал дээрээ дагуулаад очно. Нэг эвгүй юм нь айлын гадаа байгаа чөдөр ногт, уурганы хуйв, малын тушаа, гялгар зүйл, толь, халбага сэрээг үүрэндээ зуугаад ирнэ. Бас манай гэрт авчирах тул хүмүүс хэрээгээрээ хулгай хийлгэлээ гэж хэлэх бий гэхээс санаа зовдог байлаа..

Хэрээ хээр хонь хургалсан байвал гэртээ ирж хэл өгнө. Хэл өгч байгаа нь андашгүй тоонон дээгүүр далавчаа шуугиулан ниснэ, гуаглана. Тэгээд л дагуулаад очно. Бүр нэг нь хургалсан хонио гэрээс хүн иртэл ээрч байна. Сүүлд нь бодоход энэ ч бас учиртай юм билээ. Хургалсан малын хагийг иддэг байсан юм билээ"

Уншигч та юун хоёр дахь хэрээ гараад ирэв гэж гайхаж магад. Анх ирсэн хэрээ эм хэрээ байсан тул “нөхөрт” гарч үргэлж хоёул явдаг байлаа. Тэр ч байтугай хөгшнийг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад нь эртэйгээ хоёул эргэж очсон байдаг юм.

Бас нэг сонин юм болжээ. Нутгийн нэг матаач Бөмбөөлэй хэрээ шувууны хэл мэддэг, хараал хийж магадгүй гэж дээд газарт алтан хошуу өргөжээ. Түүнийг шалгахаар аймгийн намын хорооноос хүн ирж шалгахад мань хүн "Ямар юмных нь хэрээ шувууны хэл мэддэг юм. Хээрээс нэг өвчтэй шувуу олсон эдгээд л нисээд явчихна билээ" гэжээ.

Түүний дараахан нэг өдөр хэрээ нь үр хүүхэд хань ижил нь бололтой тав зургаан хэрээ дагуулаад ирэхэд нь Бөмбөөлэй гуай хоол өгөх зуураа "Та нараас болж намайг шалгасан. Дахиж битгий ингэж олуулаа ирж бай" гэснээс хойш олуулаа ирэхээ байж гэрийнх нь ойролцоох хайлаасан дээрх үүрэн дээрээ байх болсон гэнэ. Хаврын тарчиг цагт хоол идэш ховордож хэрээ өлсөх тул Бөмбөөлэй гуай өвөл идэш хийх үед гэдэс дотрын өвдөл цөвдөл базаана. Хадгалж байгаад хоол унд ховордсон үед шувуундаа өгнө.

Хэрээ зөнч ухаантай шувуу ажээ. Далавч нь шуугиад л элэн халин нисээд байвал тэр өдөр сайн мэдээ сонсоно. Ойр ойрхон нисч буугаад л гуаглаад байвал тэр өдөр хэрүүл юмуу согтуу хүн агсан тавих юмуу таагүй зүйл болдог байлаа. Улс амьтан элдвээр хэлж байсан ч Бөмбүүлэй гуай огт тоохгүй өөрийгөө ядарсан амьтанд тус болж байна гэж бодож байсан. Хөгшнийг ийш тийш явахад хоёр хэрээ нь хүүхэд шиг л дагана. Яагаад ч юм явахыг нь мэднэ. Сумын шуудангаар аймгийн төв ороход машиныг холоос дагана. Түүнийг мэдсэн хүү нь хүртэл сумын шуудан дагаад нисэж яваа хэрээг нь харж Ээжийн шувуу явж байна гэнэ. Машинаас хамаагүй түрүүлнэ. Бас хашир. Өөрийг нь явахгүй үлдчих вий гэж боддог юм уу суусан хойно нь хойноос дагах юмуу шуудан зогсох газарт хэдийнэ ирчихсэн байна.

Сүүлдээ сумын шуудангийн зам, аймагт буудаг айлыг хоёрыг мэдчихсэн машин зогсоход түрүүлж ирээд хүлээж байх юмуу очих айлын нь ойролцоо түрүүлээд ирчихсэн хүлээгээд сууж байдаг байлаа. Нэг удаа аймагт буудаг айлын борц хийсэн шуудайны буланг эвтэйхэн цоолоод” шомбодчихсоныг” мэдээд айхтар зэмлүүлснээс хойш хулгай хийхээ байсан гэдэг.

Тэр жил намар өвлийн заагаар Бөмбүүлэй гуайн бие чилээрхэж суудлаар хот явж эмнэлэгт хэвтэхэд нь түүнийг хэрээ нь эргэж ирсэн тухай Бөмбүүлэй гуай:

-Хөөрхий минь намайг эргэж ирсэн нь үнэн. Тэр холоос яаж ирсэн юм хөөрхий. Их сэрүү орсон цаг байсан. Вагонд суухыг харсан болохоор шөнөжин суудал дагаж ниссэн байх. Эсвэл суудлын дээр суугаад ирсэн юм шиг байгаа юм гэжээ.

Эмнэлэгт нэг палатанд хэвтэж байсан хүн "Маргааш хагалгаанд орох гэж байхад муу ёрын юм. Энэ хоёр хэрээ хэд хоног цонхон дээр суугаад байх юм гэхэд хөгшин "Миний муу хоёр шувуу намайг санаад бүр хар царайлчихсан бээвийгээд сууж байна" гэж дуу алдсан гэдэг.

Хоёр хэрээ нь эзнээ харсныг мэдээд баярлалдан нисч байсан гэнэ. Хөгшин хэрээ нь эргэж ирснийг хүүхдүүддээ дуулгаж мах авчруулан сайн гэгч нь хоол өгөөд "Та хоёр чинь гэр орон мал хуйгаа хаячихаад яаж яваа хүүхдүүдэв. Би удахгүй эдгээд харина. Хотын хэрээнүүдэд гадуурхагдаж хог идэж явсан биз. Одоо харьцгаа" гэхэд хоёр хэрээ нь аав ээждээ зэмлүүлсэн хүүхэд шиг яваад өгчээ.

Энэ хоёр хэрээ эмнэлэгт хэвтсэн эзнээ эргэхийн тулд хэдий хэр холоос ирснийг бодож үзье. Бөмбөөлэй гуай амьдардаг Хөвсгөл сум нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос баруун урагш 170 км­т байдаг хилийн сум. Сайншандаас Улаанбаатар хүртэл 450 км байдаг юм. Тэгэхээр хоёр хэрээ 620 км газраас нисч ирсэн байна. Шандаас хот орох суудлын галт тэрэг оройн 9 цагт хөдөлж өглөө 9 цагт хотод ирдэг юм. Тэгэхээр Бөмбүүлэй гуайн хоёр хэрээ шөнөжин нисэх юмуу вагоны нэг хэсэг дээр шөнөжин сууж явсан байж таарна. Хотод буухад нь эмнэлэг хүртэл бас л сэм дагаж. Гарч ирэхгүй болохоор нь хөдөөнийхөн үзүүлдэг 1­-р эмнэлгийн 300 гаруй цонхыг нэг бүрчлэн харж эзнээ хайсаар эзнийхээ хэвтэж байгаа палатыг нь олоод ирсэн байх нь. Намрын сэрүү орсон үед хоёр шувуу буцаад харихдаа бас л 600 км гаруй явж очно гэдэг шувуу байтугай хүнд ч амаргүй ажил.

Бөмбүүлэй гуайн хэрээ сайн санаатай хүнийг андахгүй. Ялангуяа тус сумын Л.Гайхал гэдэг хүнд сайн байсан гэдэг. Өөрийг нь эзгүй бол ач охиноос нь л хоол авч иднэ. Өөр хэний ч өгсөн хоолыг иддэгүй гэнэ. Би аймгийн сонины эрхлэгч байхдаа Хөвсгөл сумын Чулуут багийн өдөрлөгт очиж телевизийн нэвтрүүлэг хийх замдаа Сумын засаг дарга Батмөнх, Тамгын газрын дарга Ц.Чулуунбаатар нараар газарчлуулан Бөмбүүлэй гуайн очиж билээ.

Хэрээний зураг авах гэж яваа тухайгаа хэлтэл хөгшин:

-Ирэхгүй ээ? Манай шувуу тоо мэддэг юм. Сая та нар машинаас хэдүүлээ буусан бэ гэж асуусан. 

Бид

авуулаа буусаан гэтэл:

-Тэгвэл таван хүн машинд буцаж суугаад явж байгаа юм шиг гэрээс далд очоод хүлээж бай. Түүний дараа л нэг ирж магадгүй гэв.

Бусдыгаа машинд суулгаж явуулаад оператортайгаа хоёул үлдлээ. Зураг авах камертай хүнээ бараан дотор нуугаад би гэрийн хаяагаар харж хүлээлээ.

Бөмбүүлэй гуай хүн дуудаж байгаа юм шиг дуудтал хэрээ хаанаас ч юм нисээд ирэх нь тэр. Тэгснээ өнөө хэрээ зураг авах гэж нуугдсан операторын толгой дээр очоод суучих нь тэр. Ингээд бид зураг авч чадалгүй буцаж билээ. Ямартай ч хэрээний тухай тэр сонирхолтой мэдээг Сайншанд телевизээр явуулахдаа манай зураглаач аймгийн Мах комбинат дээр очиж өөр хэрээний дүрс оруулсан гэдэг юм.

Хэрээ хамгийн урт настай шувуу гэдэг. Бас цагаан завьжтай хэрээ хамгийн урт настай юм гэсэн. Говийн жирийн малчин бүсгүйтэй 1948 он буюу одоогоос 61 жилийн тэртээ хувь зохиолоор уулзсан хэрээ хэдэн настай байсан юм бол. Хорвоогийн амьдрал баян юм болохоор хэрээ муу хүнээс илүү ач тусыг ойлгон, цайлган сэтгэл монгол ижийг 60 гаруй жил бараадан яваа бус уу.

Хөгшин өөрийнхөө хэрээг эм шувуу гэж боддог юм билээ. Харин хэрээний эр болох том биетэй хэрээ бол нөхөр нь. Түүнийгээ хөгшин Миний ааштай шувууг бодвол эр том биерхүү. Ааш зан нь дөлгөөн. Бас хүнийх шиг сайхан хар нүдтэй. Хоол ундаа жижигтээ авчирч өгнө. Нэг бус удаа бусад хэрээнээс хамгаалж байхыг нь бодвол гэрийн эзэн юм шиг байгаа юм гэж хэлсэн нь сонин.

Ингэж газрын хүн, тэнгэрийн жигүүртэн хоёр нөхөрлөсөн сонин түүх ийм буюу.

Ж.Дашдондог "Хар шувууны цагаан түүх" 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • sanal

      (103.10.22.84) 2017-01-20 22:21
      • 0
      • 0

      mongolchuud ene tuuheer gadnii mundggudiig avchran chanartai sain kino hiivel hol yvna shuu. choniin tuhai hytadyn chonon sulded aldsan odoo aldalgui sain kino hiih heregtei

      Хариулах

    • Сайншанд

      (202.72.242.179) 2017-01-18 14:13
      • 0
      • 0

      Энэ бол үнэн түүх, Дорноговь аймгийн зохиолч Төмөрпүрэв гуайн бичсэн Хэрээтэй нөхөрөлсөн 50 жил хэмээх сайхан ном бас байдаг юм.

      Хариулах

    • . байвай батыр.

      (202.21.106.159) 2017-01-18 13:16
      • 0
      • 0

      Хэрээ шувуу 160насалдаг. Хорвоод хатаагдсан мундаг шувуу. Шүтээн тэнгэрүүдийн унаа хөлөг хамгаалагч б байдаг.

      Хариулах

    • чинбүк

      (202.179.4.94) 2017-01-18 12:10
      • 0
      • 0

      Воов

      Хариулах

    • Зочин

      (65.49.68.166) 2017-01-18 11:30
      • 0
      • 0

      sonirholtoi, sonin tuuh bna shuu

      Хариулах

    • Зочин

      (202.70.44.116) 2017-01-18 08:43
      • 0
      • 0

      Гайхалтай сайхан түүх байна

      Хариулах

    • зочин

      (122.201.31.5) 2017-01-18 00:44
      • 0
      • 0

      Сайхан түүх байна аа.

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.236) 2017-01-17 21:45
      • 0
      • 0

      saihan tuuh ba.huuhduuded surgamjtai sanaa avuushtai yum ba .

      Хариулах

    • saran

      (95.211.226.36) 2017-01-17 19:54
      • 0
      • 0

      gaixaltai saixan um aa

      Хариулах

    • Зочин

      (59.153.85.126) 2017-01-17 16:48
      • 0
      • 0

      sonirholtoi tuuh bn

      Хариулах

    • уугаа

      (124.158.126.92) 2017-01-17 15:32
      • 0
      • 0

      сайхан түүх байна

      Хариулах

    • Чулуунбат Уранчимэг

      (89.132.114.251) 2017-01-17 15:01
      • 0
      • 0

      Сайхан явдал байна шуу,амьтан,шувуу хунд дасахаараа их ухаалаг болдог байх,бур эзнийхээ яриа уйлдлийг ойлгодог б х

      Хариулах