Өнөөдрийн 18.00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо

Twitter Print
2017 оны 01-р сар 17-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хэрэгтэй холбоотойгоор байгуулагдсан Ажлын хэсгээс яг одоо мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл буюу 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан” болохыг танилцууллаа.

Ингэхдээ Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдэв.

Архинд хордсон гурван иргэн орцны жижүүр байжээ

Хэрэг Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд болжээ. Хэргийн газарт өнгөрсөн шөнийн 00.00 цагийн үед очиход цагдаагийн байгууллага үзлэг хийж дууссан байлаа. Тус хотхоны нэгдүгээр орцонд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй нас барсан байдалтай олдсон бол хоёрдугаар орцонд хоёр эрэгтэй нас барсан тухай эх сурвалжууд хэллээ.

Мөн нэгдүгээр орцны хонгилын өрөөнд тэд хамт архи уусан гэсэн таамаг хэргийн газрын эхний үзлэгийн явцаас гарсан аж.

Цагдаагийн байгууллагад өдрийн 12:10 цагт гурван хүн нас барсан тухай дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс очиж үзлэг хийжээ. Үзлэгийн явцад эхлээд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй архи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай амь насаа алдсаныг тогтоожээ. Үргэлжлүүлэн шалгах явцад өөр орцонд дахин хоёр хүн ижил шалтгаантай нас барсан болохыг цагдаа нар тогтоож, 20:00 цагийн үед таван хүн нас барсан гэсэн мэдээллийг албаныхан өгсөн юм.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус байрны сантехникийн ажилтан болон орцны үйлчлэгч хийдэг хүмүүс хамт архи уусан байх магадлалтай аж. Нас барсан таван иргэн бүгд насанд хүрсэн хүмүүс бөгөөд дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй байжээ. Хэргийн газрын үзлэгийн явцад "Мөнхжин-Од" ХХК-ийн үйлдвэрлэдэг 3500 төгрөгөөр борлуулагддаг "Найрсаг" гэх нэртэй архинд хордсон байж болзошгүй байгаа юм.

Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд дээрх архийг уусныхаа дараагаар шил арчигч “Гайхмаараа” шингэн уусан гэх мэдээлэл байна.

Талийгаачдыг ямар хүчин зүйлээс болж амиа алдсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээгээр тодорхой болох юм.

3363 архийг битүүмжлэн шинжлүүлэхээр лабораторид хүргүүлжээ

Хэргийн газарт цагдаагийн байгууллага шалгалт явуулж, эд мөрийн баримтыг Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилж байгаа, мөн хэрэг гарсан газрын ойр орчмын архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 761 байгууллагыг хяналт шалгалтад хамруулж, 3363 архийг битүүмжлэн шинжлүүлэхээр лабораторид хүргүүлсэн байна.

МХЕГ-аас 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ

Мэргэжлийн хяналтын газрын хувьд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ.

Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байгаа юм.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулав.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.250.130) 2017-01-17 15:32
      • 0
      • 1

      юуч хийж чадахгуй лалрууд хийх юмаа олждээ

      Хариулах