Амьдралын хором бүхэнд таларх

Twitter Print
2018 оны 10-р сар 26-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс бидний амьдрал адармаатай. Хэн нэг маань хамаг мөнгөө алдвал, алдсан мөнгөтэй нь хамт газар дэлхий хөмрөх шиг л болно... Хэн нэгнийх нь дурлал бүтэлгүйтвэл бас л эргэж ч харалгүй орхин одсон тэр л хүнтэй нь хамт хорвоо ертөнц бүхлээрээ нүүрээ буруулчих мэт санагдана. Ингэж өнчирсөн, далавчаа тасдуулсан шувуу мэт болсон залуусаас нэг бус нь өөрийн амьдралыг цэглэх шийдвэр гаргадаг нь харамсалтай...

Гэтэл үүнийг уншигч тантай яг тийм хүн таарлаа гэж бодъё. Танаас зөвлөгөө бас хүсэж ч болох. Тэгвэл би танд ийм нэгэн энгийн зөвлөгөөг хөөрхий залуу хүнд хэлэхийг санал болгоё. Тэр хүндээ эхлээд тухлаад суухыг гуй. Учир нь цаадах чинь хямарчихаад огт төвлөрч чадахгүй яваа. Суухаар нь нэг гараараа хамраа чимхэж битүүлээд, амаа хамхиж амьсгалаа түгжихийг зөвлө. Огт амьсгалж болохгүйг бас хэлэхээ мартав.

Яг энэ байдлаар өөрөө сууж байна гээд төсөөлөөд үз. Тэр хүний оронд өөрийгөө тавиад бод. Туршаад үзэж болно шүү. Ингээд ам хамраа битүүлээд сайндаа л 2 минут ч хүрэхгүй "чиний бие" хахаж цацан бөглөрөх шахаад "Хараал идсэн хэдэн халтар цааснаас чинь болж үхэх гэж үү? Би амьдрахыг хүсэж байна. Тэр нэг амьтнаас чинь болж хорвоог орхимооргүй байна" хэмээн чам руу амь тэмцэн хашгирах болно.

Яагаад бидэнд элдэв бэрхшээл тийм "чухал" эсвэл "аюултай" бүр аминаас ч үнэтэй болчихдог билээ. Яагаад гэвэл бид чинь хамгийн суурь, чухал зүйл болох амьд байгаагаа, хүн байхын үнэ цэнийг умартсанаас болоод л тэр. Бодоод үз. Та амьд байж байж л бусад зүйлс чухал мэт, ач холбогдолтой мэт болж ирдэг. Та амьгүй, биегүй ердөө нэг сүнс эсвэл чөөгий болчихсон байна гэж бодвол тэр мөнгө танд хэрэг болох болов уу? Эд баялаг байвч ашиг тусаа танд өгөх үү? Хэн нэгэнд татагдавч тэр хүн чинь таныг харахгүй мэдрэхгүйгээс хойш яалтай билээ. Хүн биш болчихвол энэ үзэсгэлэнт хорвоод ийм сайхан амьд бурхадтай хамт амьдрах завшаан гуйгаад, уйлаад ч олдохгүй шүү дээ.

Хүн байна гэдэг, хүн хүндээ бүр амьд мэнд, азтай буянтай хүн байна гэдэг л хамгаас үнэтэй, хосгүй завшаан юм шүү дээ. Хүн болж төрж байж л дараагийн зэрэглэлийн хуурамч үзэгдлүүд үнэн мэт болж ирэхийг бид хэт гүн хүлээж авдагаас болж асуудал үүсээд байгаа юм. Яасан? Хэн нэг нь чамайг гомдоогоо юу. Дурласан залуу чинь хаячихаа юу. Мөнгөө хадгалууулсан банк чинь дампуурчихсан уу. Үхмээр болж байна уу. За тэгвэл тайвшир, энд суу. Тэгээд ам хамраа таглаад үнэхээр үхмээр байгааг чинь хамтдаа шалгаад үзье. Нээрээ хямраад байвал энэ аргаар шалгаад үзээрэй.

Амьдралын хамгийн үнэтэй зүйл яг одоо байгаа энэ мөчдөө талархан, баяр баяслаар бялхаж амьдар.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.