Япон Өмнөд Солонгосоос элчин сайдаа татсан асуудал улам хүндэрч байна

2017 оны 01-р сар 11-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-эд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий консулын газрын хажууханд байрлуулсантай холбоотойгоор Япон улс Өмнөд Солонгосоос Элчин сайдаа эгүүлэн татлаа. “Зугаацуулагч эмэгтэй” гэдэг бол энэ хоёр улсын хоорондох таагүй сэдвийн нэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр солонгос эмэгтэйчүүдийг Японы Квантуны армийн цэргүүдийн бэлгийн хүслийг хангах зорилгоор ашиглаж байсан гунигт түүхтэй бөгөөд 200 мянга гаруй залуу бүсгүй "зугаацуулагч эмэгтэй"-н үүргийг гүйцэтгэж байсан гэдэг.

Өмнөд Солонгосын боомт хот болох Бусанд өнгөрөгч оны сүүлчээр нэгэн иргэний нийгмийн байгууллагын босгосон уг хөшөө нь хоёр улсын хооронд зөрчил үүсгэсэн юм. Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэлэхдээ “Бид асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхийг Өмнөд Солонгосоос удаа дараа хүссэн боловч байдал өөрчлөгдсөнгүй. Үүний улмаас өнөөдөр бид ийм арга хэмжээ авахад хүрлээ” гэв. Одоогоор Япон улсаас БНСУ-д суух Элчин сайд Ясумаса Нагаминэ, Ерөнхий консул Ясухиро Моримото нар түр хугацаагаар Өмнөд Солонгосыг орхин гарч Токиод ирээд байгаа юм. 

Японы талаас Өмнөд Солонгостой хийх иенийн своп хэлэлцээрээ зогсоохоо мэдэгдсэнээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар төлөвлөгдөөд байсан өндөр албан тушаалтнуудын уулзалтаа цуцлахаа дипломат шугамаар бас мэдэгдсэн аж.

Солонгос эмэгтэйн хөшөөг өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд Өмнөд Солонгосын олон нийтийн хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид Бусан хотын захиргааны зөвшөөрөлгүйгээр босгосон тул тухайн өдөр нь буулгажээ. Харин 30-ны өдөр хотын захиргаанаас зөвшөөрөл авсан олон нийтийн байгууллагуудын идэвхтнүүд уг хөшөөг Японы дипломат төлөөлөгчийн газрын байрны урд дахин босгосон юм.

“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр 2015 оны 12 дугаар сард хоёр тал тохиролцоонд хүрсний дараа Өмнөд Солонгосын Засгийн газар “Нэгтгэл, эдгээлтийн сан”-г байгуулсан билээ. Японы тал уг санд 10 сая доллар хандивласан байна. 

Тэгвэл БНСУ-ын Гэр бүл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах яамнаас 2017 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хохирогч бүрт тэтгэмж болгож сард 6,6 сая вон олгохоор болсон байна. Түүнчлэн өмнө нь олгодог байсан амжиргаа, асаргааны зардлыг үргэлжлүүлэн олгох ба 1,3 сая ба 1,08 сая воноор тус тус нэмэгдүүлсэн байна. Өдгөө тус улсад “зугаацуулагч эмэгтэй”-н амьд гэрч, хохирогч болсон 40 хүн байдаг ажээ.  

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.