Олон мангас хувалзнууд, цагаан захтай дээрэмчдийг тэжээж тэд улам бүр томорсоор.../Цуврал-1/

2017 оны 01-р сар 10-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 10 гаруйхан жилийн дотор бидний Монголчууд, иргэн бүр, бизнесийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд, цаашилбал улс эх орон маань өрөнд баригджээ. Тэтгэврийн зээл моргейжийн зээл, цалингийн зээл, сургалтын зээл гээд л яваад өгнө. Жирийн иргэдээс ломбарднаас зээл авч үзээгүй нь цөөхөн байгаа болов уу.

Мөнгө зээлдүүлдэг хэсэг нь нийт хүн амын маш бага хувь. Энэ нь нийгмийн баялгийн хуваарилалт тэгш бус /байгалийн баялаг хамаарна/, хөдөлмөрийн зах зээлийн бодлого алдагдсан, татварын бодлогын алдаа гэх мэт олон хүчин зүйлээс хамааралтай. Бизнесийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид яагаад хөл дээрээ тогтож хуримтлал бий болгож чадахгүй байна вэ? Энэ асуултад нэг л хариулт бий. Арилжааны банкуудын зээл дэлхийд байхгүй өндөр хүүтэй байгаад гол учир оршино.

Аж ахуй, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн үр ашиг банкуудыг баяжуулах, гадаад дотоодын мөнгө хүүлэгчдийн хуримтлалыг өсгөхөд зориулагдаж байна. Энд Монголын арилжааны банкуудын хувь эзэмшигчдийн дийлэнх нь гадаадын байгууллага, иргэд байдаг гэдгийг дурдах хэрэгтэй. Үйлдвэрлэгчид бүтээн байгуулагчид /барилгын салбарынхан/ зориулсан бага хүүтэй зээл байх боловч шалгуур өндөр, гол төлөв холбоо сүлжээгээр олгогдоно.  

Аль улс төрийн нам төрийн эрх барьж байна тэр намыг дагасан бүлэглэлд багтсан аж ахуйн нэгж, хүмүүс бага хүүтэй зээлийг зуучлагчтай /хаялагатай/ авах жишээтэй. Хэрвээ бизнес чинь амжилттай явдаг хангалттай барьцаа хөрөнгөтэй, банкны өндөр шалгуурыг хангаж чадаж байгаа бол банкны талд ашигтай нөхцөл бүхий зээл, барьцааны гэрээгээр тэр бага хүүтэй зээлийг авах боломжтой.

Тэр гэрээнд зээлдэгч талын эрх ашиг, зах зээлийн хүндрэлүүд гарч болох эрсдэлүүд хөнгөлөлтүүд тусгагдаагүй гэхэд болно. Банк хугацаандаа хүүгээ төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү, мөн янз бүрийн шимтгэл бас авна. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол бүх насны чинь хөдөлмөрийн үр дүн болох хөрөнгийг чинь зах зээлийн үнээс доогуур үнэлж авах ба үйл ажиллагааг чинь зогсоож, дансны гүйлгээг чинь хаана. Амьдрал дээр бодит байдал ийм байгаа. Монголын арилжааны банкууд том мангасууд, түүний доор хувалзнууд бас үржин тэлж байна. Энэ бол банк бус санхүүгийн байгууллагууд ломбардууд бусад мөнгө хүүлэгч нар.

Арилжааны банкуудын зээл олгох шалгуур судлах хугацаа зэргээс залхаж зээлдэгч нар ББСБ–аас зээл авах нь элбэг. Зарим банкууд доороо танил тал, удирдлагын нөхдүүдийн сүлжээгээр хэд хэдэн банк бус санхүүгийн байгууллагуудтай байдаг гэхэд эргэлзэх зүйлгүй. Tэд банкнаас бага хувиар зээл аваад хүүгээ нугалаад, нэмээд зээлдэгч нарт зээл олгоно. Монголд үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгчид ийм олон мангас хувалзнууд цагаан захтай дээрэмчдийг тэжээж тэд улам бүр томорсоор.

Бидэнд гарц бий юу? 

Байнаа, эхний ээлжид шинээр бүрэлдсэн УИХ хууль эрх зүйн орчинг яаралтай өөрчлөн сайжруулах, Мэргэжлийн Засгийн газар салбар болгоны төлөөллийг оролцуулан хөгжлийн бодлогын үндэсний зөвлөл байгуулах, хөгжлийн оновчтой төлөвлөгөө, хэрэгжилтийн боловсронгуй хяналтын систем зайлшгүй хэрэгтэй байна.

Энэ бүхэнд намчирхахгүйгээр төрийн тэргүүний дэмжлэгийг авах нь зүйтэй болов уу. Бидэнд хөгжлийн шинэ бодлого, эрх зүйн  орчин, үүний дотор хамгийн чухал нь мөнгө санхүүгийн бодлогоо өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байна. Улс орон, хүн ам, газар нутгийн онцлогоо харгалзан үзэж, хамгийн богино хугацаанд бодит мөнгөтэй болж, байгалийн баялгаа хойч үедээ үлдээх боломж бол Монгол орныг дэлхийн санхүүгийн төв болгохаялал жуулчлалын дэлхийн хэмжээний төвүүдийг бий болгоход хангалттай.

Монголд дэлхийн санхүүгийн төвийг хэрхэн байгуулах чинээлэг улс орнууд тэрбумтангуудын мөнгийг хэрхэн татах, мөнгөтэй болчихоод цаашид яаж хөгжих, Монгол хүн Арабын иргэд шиг чинээлэг сайхан амьдрах, үр хүүхэд хойч үеэ өндөр боловсролтой болгох, эрүүл мэндийг салбар нийгмийн халамжаа Скандинавын орнууд, Канадын түвшинд хүргэх зэрэг нь дэс дараалалтай төрийн бодлогоор хэрэгжих нь дамжиггүй. Монгол хүн дэлхийн хүн судлалын эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон онцгой гентэй. Дэлхийн зах зээлийг удирддаг тэрбумтан чинээлэг еврейчүүд, еврей гаралтангуудаас ч илүү Монгол хүн өндөр чадамжийн гентэй гэж би боддог.

Ахин тэмдэглэхэд өнөөдөр бидэнд хөгжлийн дэвшилтэд бодлого, тогтвортой хэрэгжүүлэгч засаг төр, ухаалаг хяналтын систем агаар ус мэт хэрэгтэй байна. Сонгуулийн болон улс төрийн амлалтаас илүү улс эх орны хувь заяаны асуудал, хөгжлийн ирээдүйтэй, оновчтой гарцыг тодорхойлох нь эрх баригчдын нэн түрүүний зорилго байх нь дамжиггүй. Нэгэнт сонгосон УИХ, Засгийн газраа дэмжиж монгол хүн бүр хичээн зүтгэж ажиллаваас Монгол орон хөгжин цэцэглэх болно.

Дараагийн бүлгийг Монгол орныг дэлхийн санхүүгийн төв болгох нь гэж гарчиглая....

Эдийн засагч Я.Батцэцэг

Дэлхийн санхүүгийн төв ба Монгол улс /Цуврал-2/ http://mongolcom.mn/read/44765

Дэлхийн шившиг болон мөнгө гуйж бадарчилж байхын оронд хөрөнгө, мөнгө босго /Цуврал-3/ http://mongolcom.mn/read/44923

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.118.63) 2017-01-10 10:08
      • 0
      • 0

      Батцэцэг эгчдээ амжилт хүсье Мундаг эдийн засагч мундаг эмэгтэй шүү

      Хариулах