Рональду FIFA-гийн шилдэг тоглогчоор шалгарлаа

2017 оны 01-р сар 10-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Криштиан Рональду FIFA /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/-гаас анх удаа зохион байгуулсан Хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах ёслолоос Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагнал хүртлээ. “THE BEST FIFA FOOTBALL AWARDS” ёслолын ажиллагаа Швейцарийн Цюрих хотноо болж, саяхан өндөрлөсөн юм.

Испанийн “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн тоглогч Рональду эцсийн шатны шалгаруулалтад “Барселона”-гийн Лионель Месси болон “Атлетико Мадрид” клубын Антуан Грицманн нарыг ялж, шилдгээр шалгарчээ. Өнгөрсөн 2016 онд “Реал”-ын хамт аваргуудын лигийн цом өргөж, шигшээ багаа удирдан Европын аваргаар тодорсон тэрбээр мөн арванхоёрдугаар сард Ballon d’Or хүртсэн билээ.

Харин Дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчоор АНУ-ын шигшээ багийн Карли Льод тодорсон байна. Мөн “Лейстер Сити”-гийн дасгалжуулагч Клаудио Ранейри эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагч, Германы шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Сильвия Найд эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч, Малайзын “Пенанг” клубын тоглогч Мохд Файз Субри хамгийн гоёмсог гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагнал тус тус хүртлээ.

2010 оноос хойш France Football сэтгүүлтэй хамтран FIFA Ballon d’Or арга хэмжээ зохион байгуулдаг байсан уламжлалаа эвдэж, энэ жилээс эхлэн бие даан оны шилдгийг тодруулж байгаа юм. Түүнээс өмнө FIFA “Дэлхийн оны шилдэг тоглогч”-ийг шилдэг эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, ганган гоолын эзэн, бэлгэдлийн шигшээ багийн хамт нэрлэдэг байсан билээ. Харин France Football сэтгүүлээс эхтэй Ballon d’Or буюу Алтан бөмбөг шагнал бол зөвхөн Европын шилдэг тоглогчид очдог цом юм.

2016 онд хөлбөмбөгийн ногоон талбайд амжилтаараа цойлсон шилдгүүдийг тодруулахдаа FIFA 2015.11.20-2016.11.22 хүртэлх хугацааны амжилтыг харгалзан үзсэн бөгөөд анх удаа олон нийтийн санаа бодлыг тусгаж, мөн дэлхий даяарх спортын сэтгүүлчид, улс орны шигшээ багийн дасгалжуулагч, шигшээ багийн ахлагч гэсэн дөрвөн талын саналд үндэслэсэн юм.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧ: КРИШТИАН РОНАЛЬДУ

Криштиан Рональдугийн хувьд 2016 он үнэхээр онцгой байлаа. Аваргуудын лигийн финалд шийдвэрлэх торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн, Клубүүдийн дэлхийн аваргад “Реал”-ын төлөө хет-трик хийсэн, Португалийн шигшээг тивийн аваргад хөтөлсөн, Ballon d’Or шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн гээд түүний амжилт бахархам байсан. Өөр хэний ч чадаагүй, шилдгийн өрсөлдөөнд үргэлж нэр нь хамт бичигддэг Лионель Мессигийн чадаагүйг тэр чадсан болохоор ийнхүү илүү өндөр санал авчээ.

Рональдугийн 2016 оны статистик үзүүлэлтийг товч танилцуулбал:

  • 44 тоглолт, 42 гоол, 14 оновчтой дамжуулалт.

  • Европын топ таван лигийн хүрээнд 10-аас дээш гоол оруулсан тоглогчдоос гоолын хугацаагаар гуравт бичигдэх амжилт үзүүлжээ. Тодруулбал, тэр өнгөрсөн жил дунджаар 83,68 минутад нэг гоол оруулсан байна. Энэ үзүүлэлтээр нэгт нь Радамель Фалкао /59,6/, хоёрт Луиз Суарез /82,57/ бичигджээ.

  • Аваргуудын лигийн 2015-2016 оны улиралд 16 гоол оруулж, мэргэн буучаар шалгарсан.

БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭ БАГ:

Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн шагналд эцсийн шатанд тунан үлдээд байсан ч Антуан Грицманн FIFA-гаас нэрлэсэн 2016 оны бэлгэдлийн шигшээ багт багтсангүй. Энэ бүрэлдэхүүнд “Реал Мадрид”-аас тав, “Барса”-гаас дөрөв, “Ювентус”, “Байерн Мюнхен”-ээс тус тус нэг тоглогч багтжээ. Дэлхийн хамгийн шилдэг лиг гэгддэг Премьер лигээс харин ганц ч тоглогч байсангүй.



ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧ:

Хэдийгээр АНУ-ын шигшээ баг олимпийн медалийн тавцанд гарч чадаагүй ч багийн ахлагч Карли Льод шигшээ баг болоод “Хьюстон Дэш” клубын бүрэлдэхүүнд тогтмол амжилт үзүүлсэн тул шилдгээр шалгарчээ. Түүний хамт эцсийн шатны шалгаруулалтад Бразилын Марта, Германы Мелани Берингер нар тунаж үлдээд байсан юм.

ЭРЭГТЭЙ БАГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

Премьер лигийн “Лейстер Сити” багийн дасгалжуулагч Клаудио Раньери энэ жил шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртлээ. Багаа Аваргуудын лигийн шөвгийн 16 хүртэл амжилттай удирдан залсан тэрбээр “Реал Мадрид”-ын Зинедин Зидан, Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Фернандо Сантос нараас илүү санал авч, шилдгээр тодорсон байна.

ЭМЭГТЭЙ БАГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

Германы шигшээ багийг олимпийн аваргад хөтөлсөн Сильвия Найд 11 жил шигшээ багтаа хүчин зүтгэсний эцэст 2016 онд зодог тайлсан юм. Дэлхийн аварга болоод тивийн аваргын хоёр ч цомын эзэн тэрбээр Риогийн олимпод түрүүлсэн амжилттайгаар спортын замналаа өндөрлүүлсэн билээ.

ПУШКАШИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ:

2016 оны хамгийн гоёмсог, хамгийн ганган, хамгийн шилдэг гоолын эзнээр Малайзын супер лигийн “Пенанг” клубын хагас хамгаалагч Мохд Файз Субри тодорсон юм.

ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИЙН ШАГНАЛ:

FIFA-гаас анх удаа ХӨЛБӨМБӨГИЙН ЖИНХЭНЭ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД-д FIFA Fan Award шагнал олгохоор шийдвэрлэсэн бөгөөд анхны шагналыг “Ливерпуль” болон “Боруссия Дортмунд”-ын фанатууд хүртэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Европа лигийн шөвгийн наймын тоглолтын өмнө цэнгэлдэхэд цугласан хоёр багийн хөгжөөн дэмжигчид Хиллсборогийн халдлагад амиа алдсан “Ливерпуль”-ийн фенүүдийн дурсгалыг хүндэтгэн “You’ll Never Walk Alone” дууг хамтдаа дуулсан юм. Цэнгэлдэх дүүрэн үзэгчид хөг нийлэн, цуурайтуулан дуулсан энэ дуугаа тэд Хиллсборогийн аймшигт, эмгэнэлт хэргийн 27 жилийн ойд зориулсан юм.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ШАГНАЛ:

Колумбийн “Атлетико Насьональ” клубт FIFA Шударга өрсөлдөөний шагнал гардуулав. Өмнөд Америкийн цомын тэмцээний финалд “Атлетико Насьональ”-тай өрсөлдөхөөр Колумбийг зорин ниссэн Бразилын “Шапекоэнсе” клубын 19 тоглогч онгоцны ослоор амиа алдсан билээ. Эмгэнэл энэ ослын дараа “Атлетико Насьональ” тэмцээний аваргын цомыг “Шапекоэнсе”-д гардуулахыг хүссэн юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.