Гэр бүл салалт ихсэж энэ хэрээр хүүхдүүд өнчирсөөр...

2017 оны 01-р сар 10-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Манай улсад сүүлийн үед салалт ихсэж энэ хэрээр хүүхдүүд өнчирч байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Гэр бүлээ цуцлуулж байгаа иргэдийн дийлэнхийг залуучууд эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Залуу хүмүүс гэр бүл болсноороо нийгмийн өмнө хариуцлага хүлээж буйгаа ойлгодоггүйгээс үүдэлтэй хэмээн үүнийг судлаачид дүгнэж. Гэр бүл салснаар хүүхэд сэтгэлзүйгээр хохироод зогсохгүй өмчлөл, асрамж, тэтгэлэг зэргээс болж эрх ашиг нь зөрчигддөг.

25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байна

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн статистик мэдээллийг танилцуулсан байна. Дээрх мэдээллээс үзэхэд гэр бүл салалт өндөр хувьтай гарчээ. Тодруулбал, 4159 хүн гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт юм байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж. 

Харин өнгөрсөн жил гэрлэлтээ батлуулсан 17118 тохиолдол байгаагаас 87 хувь нь анхны гэрлэлт байсан байна. 13 хувь нь дахин гэрлэсэн, мөн гэрлэлтээ сэргээсэн байна. Насны ангилалаар авч үзвэл эмэгтэйчүүд 18-24, эрчүүд 24-34 насандаа гэрлэжээ.

Жишээ дурдъя. Хэнтий аймагт төрийн захиргааны байгууллагад алба хашдаг нэгэн эрхэм гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд ханджээ. Тэрбээр хоёр хүүхэдтэй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Энэ хоёр миний хүүхэд биш байх магадлалтай. Тиймээс би эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэмээр байна. Хэрэв миний хүүхэд биш бол тэтгэмжийн мөнгө өгч, эд хөрөнгө үлдээхгүй” гэжээ. Уг нь тэр эрхэм байртай, машинтай. Байр, машинаа хүүхдүүддээ үлдээхгүй гэсэндээ заль зохиож байна хэмээн эхнэр нь шүүхэд хариу нэхэмжлэл гаргасан гэсэн. Энэ мэтчилэн гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд л болдог. 

Харин гадаад улс орнуудад гэрлэлт цуцалж байгаа үед хүүхдэд оногдох эд хөрөнгийг хуулчилж өгсөн байдаг. Тухайбал, ОХУ-д гэр бүл цуцалсан бол хүүхдэд зориулсан өрөө, номын сан, хадгаламж зэрэг нь хүүхдийн хөдлөшгүй өмч байна гэж хуулиндаа зааж өгсөн. Энэ бол зөвхөн гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн хувьд шийдвэрлэх асуудал. Гэтэл дагавар хүүхэд, хамтран амьдрагчдын хүүхдийн асуудал бас байна. Үүнийг зохицуулсан хуулийн ганцхан томъёолол бий. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хосуудаас төр­сөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэнтэй адил байна гэж заасан. Гэхдээ Дээд шүүх тэр хуулийн заалтыг хэрэглэхдээ эд хөрөнгийн харилцаанд адил тэгш эрх эдлэх боломжийг хязгаарладаг. Энэ мэт зүйлээс болоод хүүхэд хохирох асуудал бий. Хүүхэд тэжээн тэтгүүлэх, нэмэгдэл зардал гаргуулах эрхтэй. Гэтэл манай улсад хуулиар тогтоодог тэтгэлгийн хэмжээ бага. Хүүхдийн наад захын хэрэгцээг хангахад ч хүрэлцдэггүй. 

Гэр бүл салалтын сэдэл: Гэрлэлтээ цуцлуулагсдын өөрсдийнх нь хэлж байгаа субьектив үзэл бодол.
 
Гэр бүл салалтын шалтгаан: Гэр бүл салах шалтгааныг объектив болон субьектив хүчин зүйлд хувааж болно.        
 
Объектив хүчин зүйл: 

- Эдийн засгийн нөхцөл

- Амьжиргааны доогуур түвшин

- Орон байрны хангамж хэрэгцээ муу

- Холимог гэр бүл олшрох

- Гэр бүлийг төрөөс дэмжих дэмжлэг сул

- Архидалт өндөр зэрэг орно.
 
Субъектив хүчин зүйл: 

- Гэр бүлийн сэтгэл санаа, ашиг сонирхол

- Хайр дурлал

- Нэр төр

- Гэр бүлийн дотоод эв нэгдэл суларсан

- Гэр бүлийн гишүүд харилцан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхгүй байх

- Үзэл бодол үл тохирох

- Залуу үеийг гэр бүлийн амьдралд бэлдэж чадаагүй зэрэг орно.
 
Гэр бүл салалт хүүхдэд нөлөөлөх нь 

Гэр бүл салалт бол зөвхөн нэг болоод өнгөрөх үзэгдэл, үйл явдал биш. Энэ нь гэр бүлийн цаашдын амьдралд гүн гүнзгий сүүдрээ тусган үлдээдэг.

Судалгаанаас үзэхэд салалтын дараах урт хугацааны нөлөөлөл нь охидоос илүү хөвгүүдэд илүүтэй тусдаг байна. Салалтын дараа эцэг охин хоёрын харилцаа нь эцэг хүүгийнхээс харьцангуй илүү тогтвортой байгаа нь ажиглагддаг. Нэгэн судалгаанаас үзэхэд ийм гэр бүлийн охид илүү хөнгөн хуумгай, бэлэвсэн эхнэрийн өрх гэрт өссөн охид золбоо муутай, аливаа зүйлд уруу татагдаж, өртөмтхий болдог талтай байдаг ажээ.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.