Д.Оюунхорол: Цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр авах боломжийг бүрдүүлнэ

Twitter Print
2017 оны 01-р сар 10-нд 07:53 цагт
Мэдээний зураг,

БОАЖЯ, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй агаарын бохирлдлыг бууруулах “Технологийн үзэсгэлэн” өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үзэсгэлэнгийн  үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнг үзэж, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж ярилцах үеэрээ энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ойрмогхон дахин уулзахаар болсон юм.

Тэрбээр эдийн засгийн бололцоо, боломж муу байгаа ч Засгийн газар  агаарын бохирдлыг бууруулах бодлогын шинжтэй арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж, эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэсэн гэв. Мөн утааг бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй. Ийм их мөнгөөр түлш, зуух сольж утаа шийдэх гэж оролдсон. Энэ мөнгөөр шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүн гарах байсан байж магадгүй гэв. Түүнчлэн Засгийн газар түлш, зуух бус бусад олон төрлөөр утааны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг зэрэг хийнэ. Мөн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн айл өрхүүд энэ боломжоо зөв, бүрэн ашиглаж чадвал маш сайн үр дүн гарна. Иргэдээс, айл өрхөөс хамаарах зүйл их. Жишээ нь, гэр хорооллын нийт хэрэглэгчийн маань 75 хувь нь тарифт тоолууртай байна. Гэхдээ өнөөдөр ард иргэд  маань бүгд  цахилгаан халаагуур авах боломжтой биш. БОАЖЯ-наас Монголын банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр бэлэн мөнгөөр цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуур худалдан авч чадахгүй байгаа айл өрхүүд хөнгөлөлттэй зээлээр шөнийн тарифын хөнгөлөлтдөө хамрагдах боломжийг бүрдүүлж өгнө” гэв.

Үзэсгэлэнд 51 аж ахуйн нэгж байгууллага  төрөл бүрийн цахилгаан, хийн болон  усан халаагуур, зуух, боловсруулсан шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, автомашинаас гарах утааг багасгагч шингэн, дулаан алдалт багатай нано технологийн барилгын материал, утаанаас хамгаалах амны хаалт зэрэг бүтээгдэхүүнээ танилцууллаа. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүү их сонирхож байв. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бол жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.   

Үзэсгэлэнг үзэж сонирхсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхий сайд Д.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар Баянзүрх дүүргийн хоёр, 27 дугаар хорооны иргэн  А.Хосбаяр, 27 дугаар хорооны иргэн Ц.Донжив нарынд очсон юм. Эдгээр хороод нь УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын сонгогдсон тойрог юм. Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд иргэн Ц.Донживынд төслийн зуух, А.Хосбаярынд  шалны халаалт суурилуулжээ.

Тэд агаарын бохирдолтой тэмцэх ажилд өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, утааны эсрэг хамтдаа тэмцэхийг бусдадаа уриаллаа. Нэг үгээр эдгээр айл өрх утааны эсрэг тэмцэж буй эко гэр бүлүүд аж. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Х. Билгүүнийх  өмнө нь нам даралтын зуухтай байжээ.  Тэр үед өдөрт 3 шуудай нүүрс түлдэг байж.  2011 онд шалнаасаа халаадаг төхөөрөмжийн төсөлд хамрагдаж, зургаан жилийн турш байрны айлаас дутахгүй тохилог амьдарч байгаа гэнэ. Цахилгааны төлбөрийн хувьд сард 100 мянга орчим төгрөг гардаг гэнэ. Хэрэгцээтэй үедээ халаагуураа ажиллуулаад, гэрт хүн байхгүй үед халаалтын төхөөрөмжөө унтраачихдаг учраас цахилгааны хувьд ч хэмнэлттэй байдаг гэв.

Одоо цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн учраас энэ төхөөрөмжийг хэрэглэхэд боломжийн боллоо гэв. МҮХАҮТ-д зохион байгуулж буй агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн өнөөдөр үргэлжилнэ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.221) 2017-01-10 16:18
      • 0
      • 0

      Сүүлд нь Цахилгааныхаа алдагдалыг тарифаа нэмж нөхөж авах биз

      Хариулах