Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд уншиж ч амжаагүй байтал ийм том хуулийг батлуулах нь маш аюултай

2017 оны 01-р сар 09-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлгийн хуалдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд нар мэдээлэл хийлээ.  Бүлгийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт сонсох ёстой байсан. Гэвч ажлын хэсэг болон Хөгжлийн банкийг төлөөлөх чадамжтай албан тушаалтан хүрэлцэн ирээгүй. Өнөөдөр ч мөн адил чадамжтай төлөөлөл ирсэнгүй. Тиймээс Хөгжлийн банкны шалгалтын дүнг МАН-ынхан хоёр удаагийн сонгуулиар улс төрийн зорилготой ашигласан гэдэг нь харагдлаа.

Ялангуяа Хөгжлийн банкийг мэргэжлийн байгууллагаар шалгуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж манай бүлэг үзсэн. Иймд дараагийн долоо хоногийн даваа гаригт дахин мэдээлэл хийх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж онцолсон юм.

Мөн тэрээр “Сонгуулийн тухай хуулийг салгаж Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан боловсруулж байгаа нь цаанаа учир шалтгаантай. Өөрөөр хэлбэл МАН-ынхан өөртөө ашигтайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг найруулж байж мэдэх юм. Энэ хуулийн төсөлд заасан УИХ-д суудалтай нам гэдгийг тайлбарлах оролдлого нь Үндсэн хуулийн цэцэд очих маргаан дагуулж байна. Тиймээс УИХ-д суудалтай, суудалгүй намуудын төлөөллийг оролцуулж энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлэг зохион байгуулна” гэв.     

Түүнчлэн “Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл дээр Ардчилсан нам завсарлага авсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд баталсан Олон улсын гэрээний тухай хуулиар нэлээд олон эрхийг Засгийн газар өөртөө авсан. Тодруулбал, олон улсын гэрээг УИХ-аар батлах ёстой. Гэтэл зарим гэрээг Засгийн газар дангаараа шийдэж батлах эрхтэй болсон. Үүний цаана томоохон ордыг шийдэх зорилго УИХ болон Засгийн газарт байна гэсэн хардлага төрүүлж байгаа юм” гэлээ.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.  

-Хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалтууд ороогүй байхад мэдээллийг мушгилаа гэх тайлбарын тухайд?

-Өнөөдрийг хүртэл бид Үндсэн хуулиа буруу хэрэглэж ирсэн. УИХ-ын дурын гишүүн дуртай үедээ Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьдаг нь УИХ-ын чуулганы хугацаанд маш их хугацаа авдаг болсон. Цэцийн маш тодорхой шийдвэр гарч Засгийн газрын гишүүнийг өөрчлөх асуудал Ерөнхий сайдаас л эх үүсвэртэй байх ёстой гэдэг. Үүнтэй адил УИХ-д суудалтай намын цаад эх үүсвэрийг маш тодорхой болгох ёстой.

С.Жавхлан гишүүн өнөөдөр нам байгуулах юм уу эсвэл намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу гэдэг эрхийг өмнөх хууль шигээ хязгаарлах уу шинэ сонгуулийн тогтолцооныхоо дагуу хязгаарлах уу гэх мэт маш олон асуудлууд байна. МАХН өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө нэр дэвшигчтэй холбогдуулан тодорхой заалтуудыг ярьж байгаа. Энэ бүх талаасаа дээрх бүх асуудлыг тодорхой болгох ёстой. Дээр нь парламентад суудалгүй намуудын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох байр, суурийг тодорхой болгох ёстой. Энэ талаар бид өргөн хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүд уншиж ч амжаагүй байтал ийм том хуулийг батлуулах нь маш аюултай. Улс төрийн тогтвортой байдлаа хадгалах үүднээс уг хуулийг харилцан зөвшилцөж батлах шаардлагатай. Өмнөх сонгуулийг энэ хуулиар явуулсан байхад заавал энэ удаа өөрчлөлт оруулах шаардлагатай.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.