iPhone: Дэлхийг өөрчилсөн 10 арга зам

Twitter Print
2017 оны 01-р сар 09-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Америкийн “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 9-нд “iPhone” ухаалаг гар утсыг дэлхий дахинд танилцуулж байлаа.

Анхандаа “iPhone”-ийг хүмүүс үл ойшоож байсан хэдий ч энэ бүтээгдэхүүн өнөөдөр хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, бусад компаниуд ч ухаалаг гар утас үйлдвэрлэж эхэлсэн билээ. Энэ бүтээгдэхүүн дэлхий ертөнцийг шинэлэг санаануудаараа өөрчилсөн гэж хэлэхэд болно. Одоогийн байдлаар, нэг тэрбум гаруй ширхэг “iPhone”-г хүмүүс ашиглаж байна.

iPhone: Дэлхийг өөрчилсөн 10 арга зам 

1. GPS

Утсанд GPS суулгахаас өмнө бид газрын зураг олох эсвэл танихгүй хэн нэгнээс зам асуух хэрэгтэй болдог байлаа. Магадгүй, бүр муу зүйл ч тохиолдож магадгүй байв. Эхэндээ “iPhone” байршил тогтоох үйлчилгээгүй байсан боловч үйлдвэрлэгдсэний дараа жил нь буюу 2008 онд "iPhone 3G" үйлчилгээг нэвтрүүлсэн юм. 

2. Урсдаг зурвас

Өөр хүн рүү бичсэн мессэж болон өөрийнхөө бичсэн мессэжийг нэг цонхон дээр харна гэдэг нь “iPhone” гарахаас өмнө боломжгүй зүйл байв. Бидний өөр хүн рүү бичсэн мессэжүүд цэсэн дотор тусгай файл болж хадгалагддаг байлаа. Бид өмнө нь бичсэн мессэж эсвэл хэн нэгэн рүү илгээсэн мессэжээ уншихын тулд тухайн цэс рүү буцаж орох хэрэгтэй болдог байсныг та бүхэн санаж байна уу?

Дэлгэцэн дээр бүх текстэн мессэжийг харуулах нь цаг завыг хэмнэсэн төгс шийдлүүдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

3. Сэлфи

Сэлфи буюу өөрийнхөө зургийг авах хэв маягт үнэлгээ өгөх боломжийг танд үлдээе! Гэхдээ ухаалаг гар утасны нүүрэн дээрх камераар  “сэлфидэх” нь яах аргагүй нийгмийг хамарсан үзэгдэл болоод байна.

2003 оны эхээр гар утаснууд нүүрний камертай болсон. Тэр үед "iPhone4"  нүүрний камертайгаар худалдаанд гарсан юм. Хүмүүс энэ камерыг дүрсээ хараад утсаар ярихад зориулагдсан гэж бодож байсан байх.

Гэвч удалгүй сэлфи моодонд орж, түүнийг зураг авах бусад шийдлээс хамгийн шилдэг нь гэж үзэх болсон билээ.

4. Цэнэгээ нэг хоног барина

Бүхэл өдөржингөө Snake /могой/ тоглосон ч таны хуучин Nokia наад зах тав хоног цэнэгээ барьдаг байсныг та санаж байна уу? Харин одооны гар утаснууд ийм олон хоногоор цэнэгээ барина гэдэг бол бараг боломжгүй.

Мэдрэгчийн өгөгдлүүд болон ухаалаг гар утасны ажиллах процесс нь батарейг байнгын ачаалалтай байлгадаг байна.

"iPhone"-ыг танилцуулснаас хойш 10 жил өнгөрөөд байгаа энэ үед ч мөн адил гар утасны зай цэнэгээ удаан барина гэдэг боломжгүй. Зураг авах, утсаар ярих, GPS ашиглах гээд бүхий л үйлдлийг хийх явцад утасны цэнэг секунд тутамд тодорхой хэмжээгээр барагдаж байдаг юм.

5. Гар утсыг ашиглан зөвхөн ярьдаг гэсэн ойлголтыг таягдан хаясан

Гар утас, ер нь бүх утсан харилцуурыг ярихад л ашигладаг байлаа. Харин одоо бол огт өөр. Бид гар утсаар бие биетэйгээ утсаар ярихаас гадна мессэж бичиж, Твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр аялж байна.

2015 онд хийсэн нэгэн судалгааны тайланд “ухаалаг гар утас хэрэглэгчдийн дөрөвний нэг нь өнгөрсөн долоо хоногт утсаар яриагүй” гэжээ. Дуут шуудангийн тухай дурсахын ч хэрэггүй. Энэ үйлчилгээний эрин үе аль хэдийн өнгөрсөн.

6. Автомат залруулагч

Мэдрэгчтэй дэлгэцийн ачаар бид алдаагаа засахын тулд заавал товчлуур дээр дарах шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, бидний алдааг автоматаар засдаг болсон билээ.

Автомат залруулагч нь хүн биш учраас алдаа гаргах нь мэдээж. Гэхдээ байнга биш.

Мессэжний алдааг залруулснаа харуулдаг программаа “Apple” патентжуулаад байна.

7. Таавар таалгах, мэтгэлцэх нь үеэ өнгөрөөсөн

Та хэзээ ч, хаана ч ямар нэгэн асуултын хариултыг мэдэхгүй байвал утсаа шүүрэн аваад хариултыг нь олох боломжтой. Юуг ч лавлан асууж болно. Галт тэрэгний цагийн хуваарь, үгийн утга ... г.м. Түүнд мэдэхгүй зүйл гэж үгүй.

8. Томруулах

Ямар нэгэн зүйл хийхэд дэлгэц нь хэтэрхий жижиг мэт санагддаг байсан нь “iPhone” гарахаас өмнө гар утас хэрэглэгчдэд тохиолддог байсан түгээмэл асуудлуудын нэг юм. Энэ асуудлыг “zoom”-ын тусламжтайгаар шийдвэрлэх боломжийг “Apple” танд олголоо.

9. Аппликейшн

Одоогоос 10 жилийн өмнө гарч ирсэн “аппликейшн” гэдэг энэ үг хэдэн арван тэрбум долларын бизнесийг бий болгожээ.

“iPhone”-ы амжилт нь аппликейшнтэй салшгүй холбоотой. Мөн аппликейшн нь  “Instagram”-аас эхлүүлээд “Uber” хүртэлх хэдэн зуун томоохон компаниуд үүсэн бий болоход чухал нөлөө үзүүлсэн гэхэд хилсдэхгүй.

“App Store”-ыг анх 2008 онд “iPhone 3G” дээр суурилуулжээ. Одоо “App Store”-т 2 сая гаруй аппликейшн байна. Өнгөрсөн онд хэрэглэгчид iOS аппликейшнд 23 тэрбум доллар зарцуулжээ.

10. iPod-ын мөхөл

“iPhone”-оос өмнө бид mp3 тоглуулагч, гар утас, дижитал камер хэрэглэж байлаа.  Харин энэ бүгдийг орлох “iPod"-ыг "Apple” компани 2009 онд худалдаанд гаргаж, 55 сая ширхгийг борлуулж байв.

Харин одоо нэг “iPhone” зарагдахад нэг "iPod" хэрэглээнээс гарч байна.

Гэхдээ “Apple” компани “iPod”-оо борлуулсаар байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд огт шинэчлээгүй юм.

Г.Доржханд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.