Засгийн газрыг шүүхэд өгөв

Twitter Print
2017 оны 01-р сар 09-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдаж, тус холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд утааны эсрэг тайван жагсаал зохион байгуулж, төр засагт шаардлага хүргүүлээд байсан юм. Тэд энэ сарын 28-ны өдөр “Боож үхлээ” нэртэй жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэн, мөн Засгийн газрыг шүүхэд өгсөн байна.

Энэ талаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны дарга Ц.Пүрэвхүү хэлэхдээ “Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээ авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой.

Хэвлий дэх үрээ алдаж, нулимсаа арчиж шаналахаас өөр яах ч сонголтгүй үлдсэн ээжүүдийнхээ төлөө бид Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эм тарианд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно.

Бид орлогынхоо талыг утаанаас болж эмнэлэгт зарцуулж байхад, утааг арилгах нэрээр улс төрчид 200 гаруй тэрбум төгрөгийг үр дүнгүй цацаж суусан. Тиймээс бид нөхөн олговорыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдээ элэг барьдаг, иргэд нь сэтгэл санаа, бие махбод, мөнгөөрөө давхар давхар хохирдог байдалд цэг тавихын төлөө ээжүүдээ бидэнтэй нэгдээрэй.

Эмнэлэг, эм, эмчийн үзлэгт зарцуулсан мөнгөний баримтуудаа цуглуулаарай. Ажил хийсэн бол хичнээн хэмжээний орлого олох боломж байснуудаа тодорхойлох бэлтгэлээ дор бүрнээ базаагаарай” гэжээ.

Тус холбооноос Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг, мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөг зарцуулсан судалгаа гаргажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.