Хятадын төр “Үхэгсдийн хуримын ёслол”-ыг тогтоож дийлэхгүйд хүрчээ

Twitter Print
2017 оны 01-р сар 08-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Хөлжсөн хятадууд хүүр наймаалцах болов. Бүсгүй хүний цогцос хулгайлах, худалдах гэмт хэрэг нэмэгдэж байгаа тухай мэдээлэл Хятадын цахим хэвлэлүүдэд сүүлийн үед ихээхэн бичигдэж буй. Энэ нь Хятадын эртний уламжлалт “Үхэгсдийн хурим”-ын ёслол дахин сэргэсэнтэй холбоотой юм байна. Нас барсан гоонь эр нөгөө ертөнцөд эхнэр дагуулан очвол ирэх төрөлдөө сайн заяанд төрдөг, түүнд эхнэр “бэлэглэсэн” гэр бүлийнхэн нь хэдэн үеэрээ баян чинээлэг амьдардаг хэмээх мухар сүсэг өдгөө 21-р зуунд дахин сэргэсэн нь тус улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой байж магадгүй хэмээн нийгэм судлаачид дүгнэн бичицгээж байна. Хятад улс коммунист нийгэмд орсноор эртний мухар сүсгийг төрийн хуулиар цаазалж “Үхэгсдийн хурим”-ыг хориглосон юм. Шороон түмэн иргэдийнхээ ходоод руу юм чулуудахын тулд улс орон даяараа өлсөж өлчиржиж, зүтгэж зүдэрч байсан он жилүүдэд үхэгсдэд байтугай үр хүүхэддээ ч хурим хийх нь хүнд хүчир зарлага байсан билээ. Харин одоо улс орон нь эдийн засгийн хувьд хүжирхэгжихийн хэрээр ард иргэд ч амсаж идэхээр гулгиж эхэллээ.

Үүнтэй зэрэгцэн хойд насандаа хөрөнгө оруулалт хийх капиталист санаархал бүхий коммунистууд өсөн нэмэгджээ. Гинжнээс өөр алдах юмгүй пролетариудын гарт мөнгө очвол яадгийг Хятадын төр шүдээ зуун харж нүдээ анин халаглавч барьж тогтоож дийлэхгүй, 21-р зуунд хоцрогдсон заншлаа сэргээлгэж орхив. БНХАУ байгуулагдсаны дараахан төрөөс хүн амынхаа хэт өсөлтийг хязгаарлаж эдийн засгаа тогтворжуулах зорилгоор “Нэг хүүхэд-нэг гэр бүл” гэсэн хууль хэрэгжүүлсэн билээ. Үүний үр дүнд өнөөдөр тус улс 50-60 сая гоонь эртэй болж хүйсийн тэгш харьцаагаа тавиад туучихжээ. Түүнээс гадна аав ээжээсээ гадна хоёр эмээ, хоёр өвөөгийн гар дамжсан эрх ямбатай айлын ганцууд нь эргээд нийгэмдээ хэрэгтэй иргэн болж чадахгүй, соосогтой томчууд болон үлдэж байгаа нь одоогийн төрийн толгойны өвчин болоод байгаа юм. Эр хүнийг өргөмжлөх дорны сэтгэлгээний үр болсон ганц бие хятад залуус ийнхүү олширсон нь дээрх бурангуй үеийн ёс заншлыг эргэн сэргэхэд нөлөөлж байж ч мэдэх юм.

2000 оны эхээр эмэгтэй хүний “шинэ” шарил 2500 ам.долларын үнэтэй байсан бол одоо хоёр дахин нэмэгдэж 5000 ам.долларт хүрээд байгаа тухай албан бус мэдээлэл байна.

Тэд хичээн мөнгө төгрөг хаяад ч эхнэр олдохгүй явсаар эцэст нь ганцаараа хорвоог орхидог болсноор “Үхэгсдийн хурим”-ын зан үйл эргээд хүчтэй сэргэж эхэлсэн гэж үзэх хүмүүс олон байна. Энэ нь далд байдлаар талийгаач нарын эцэг эх, төрөл садангийн зөвшөөрөлтэйгээр эргэн сэргэж байгаа нь хятадуудыг ихэд түгшээж байгаа юм. Нэн ялангуяа хэн нэг талийгаач эмэгтэйн цогцсыг хань нөхөр, хамаатан садангууд нь зарах сонирхол асар их болжээ. Үүгээр ч зогсохгүй амар хялбар аргаар мөнгө олох гэсэн яахаас ч буцахгүй ухвар мөчид этгээдүүд харах хандах хүнгүй, оюуны хомсдолтой эмэгтэйчүүд, биеэ үнэлэгчдийг агнах явдал ч гарч хууль хяналтынхныг сандаргаж байна. Саяхан Хятадын хууль сахиулагчид оршуулгын газраас талийгаачдын шарилыг хөндөн ухаж аваад бусдад зардаг 122 бүлэглэлийг илрүүлэн баривчилж хатуу чанга ял оноосон ч энэхүү гаж үзэгдэл намжих нь бүү хэл бүр ч хүчээ авч байгаа шинжтэй сонин хэвлэлээр хүртэл ил тод зар явдаг болсон байна. 2000 оны эхээр эмэгтэй хүний “шинэ” шарил 2500 ам.долларын үнэтэй байсан бол одоо хоёр дахин нэмэгдэж 5000 ам.долларт хүрээд байгаа тухай албан бус мэдээлэл байна. Амьдрал ахуй тааруу ядуу гэр бүлүүд нас барсан охиныхоо шарилыг ганц бие явсаар нас барсан эрэгтэй талийгаачдын ар гэрийнхэнд худалдаж хэдэн төгрөг болгох сонирхолтой байдгаас зах зээлийн нэгэн хэрэгцээт салбар болон хувирч байгаа юмсанж. Өнгөрсөн жил ихээхэн дуулиан тарьсан нэгэн хэргийг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ил тод мэдээлж ард иргэдийн сонорт хүргэж байсныг та бүхэн санаж буй биз ээ.

Ингээд сэтгүүлчийнх нь нэрийг санахгүй байгаадаа хүлцэл өчөөд нэгэн болсон явдлыг сурвалжилсан тэмдэглэлийг жишээ болгон хүргэе. Хятадын Хэбэй мужид Жан хэмээх 28 настай бүсгүй өвчний улмаас нас баржээ. Гэхдээ Жан нь ганц бие бус харин эр нөхөртэй байж. Эр нөхөр нь эхнэрээ оршуулахаар ирэх үед талийгаачийн эцэг эх “Хүргэний талынхан оролцох хэрэггүй. Бид эрт дээр үөийн эцэг өвгөдийн заншлаар охиноо нутаглуулна” хэмээн буцаасан юмсанж. Хамгийн гол нь тэд өөрсдөд нь олигтой тус болж чадалгүй мантуу, мааюур хийсээр байгаад залуугаараа нас барсан охиныхоо шарилыг зарж амьдрал ахуйдаа хэдэн зоосны нэмэр болгохын тулд эртний харгис заншлыг сонгосон байжээ. Тэд Жангийн шарилыг насаараа ганц бие явсаар хорвоог орхисон 79 настай Хуан хэмээх өвгөний “Сүйт бүсгүй” болгон 5500 ам.доллараар зарж “Үхэгсдийн хуримын гэрч” болцгоосон аж.

Үхэгсдийн хуримыг хятадаар “鬼婚” /gui hun/ хэмээн нэрлэдэг нь “Чөтгөрийн хурим” гэсэн утгатай үг юм.

Гэтэл “Үхэгсдийн хуримын ёслол”-оос хойш гурван өдрийн дараа эмэгтэй хүний цогцос зардаг гэмт этгээдүүд мөнөөх шарилыг хөндөн Хуан өвгөний цогцостой хамт нэг дор оршуулагдсан хөөрхий Жан бүсгүйн цогцсыг ухан гаргаж хөрш хотынхоо нэгэн оршин суугчид 30 мянган юаниар зарж үхэгсдийн хуримыг дахин хийлгэсэн нь тодорхой болжээ. Нэг үгээр хэлбэл хөөрхий Жан бүсгүй амьд сэруүндээ ганцхан эр нөхөртэй байсан бол үхсэн даруйдаа хоёр ч эр нөхөртэй хурим хийж эхнэр нь болсон байна. Хэрэг явдал түүгээр зогссон бол ч бас яахав гэхсэн. Жангийн цогцсыг 30 мянган юаниар зарсан гэмт этгээдүүд амташсан хэрээ 13 дахина гэгчээр гурав дахь удаагаа шарилыг нь хөндөн хулгайлж хөдөөний нэгэн тосгоны 40 настай талийгаачийн эхнэр болгохоор 38 мянган юаниар зарах гэж яваад баригдсан ажээ. Тэдгээр гэмт этгээдүүд бүгд 10-15 жил шоронд хоригдох хатуу ялаар шийтгэгдсэний хамт охиныхоо цогцсыг анх зарсан эцэг эх нь ч гэмт этгээдүүдийн хамсаатан гэгдэн 10 жилийн ял сонсчээ. Тан улсын үеэс баримталж ирсэн энэхүү баларлаг ёс заншил Юань гүрний үед бараг л устаж үгүй болсон гэдэг. Талийгаачийн хойдын зан үйлд туйлын цээртэй ханддаг Монголчууд энэхүү харгис ёс заншлыг хуулиар хатуу хориглож л дээ. Гэвч Юань гүрэн унаж оронд нь шинээр сэргэн өндийсөн Мин гүрний үед амьд ахуйдаа хэн нэгэнтэй гэрлэж чадаагүй нас барсан хүнийг эсрэг хүйсийн нь хүнтэй цуг оршуулдаг ёс заншил бүр ч хүчтэй сэргэж ирсэн байна.

Мин гүрэн нь хятадуудын төр байсан болохоор Хан үндэстний эртний ёс заншлыг халахгүй хэмээн зориуд сэргээсэн ч байж мэднэ. Гэхдээ 1640 оноос эхлэн Хятадыг тэр аяар нь эрхшээлдээ оруулсан манжууд Чин гүрнийг байгуулмагцаа “Үхэгсдийн хурим”-ыг эрс хатуу хуулиар хориглон зогсоосон аж. Чин гүрэн сулран доройтох хүртэл энэ хориг цааз хэвээр мөрдөгдөж байгаад Чин гүрний засгийн бүх эрх мэдэл хятадуудын гарт шилжсэн 1890 оноос эхлэн “Үхэгсдийн хурим”-ын ёс заншил дахин сэргэж эхэлсэн ажээ. 1920 оны үед уг үйл явдал бүр ил тод болж Чанянь Нанжин зэрэг хотуудад “Сүйт бүсгүйн хүүр” зарж борлуулдаг сүлжээ хүртэл үүссэн гэдэг. Үхэгсдийн хуримыг хятадаар “鬼婚” /gui hun/ хэмээн нэрлэдэг нь “Чөтгөрийн хурим” гэсэн утгатай үг юм. Эзэд нь найрын ширээний голд бус авсанд байх нь л өөр болохоос биш энгийн хуримаас ялгарах зүйлгүй идээтэй ундаатай, зочидтой гийчидтэй, дуутай хууртай элбэг дэлбэг хурим хийнэ. Хуримд хоёр талийгаачийн ар гэр төрөл төрөгсөд уригдана, бэлэг сэлт өгнө. Харин энэ тохиолдолд бэлэг нь ихэвчлэн бэлэн мөнгө байх аж. Энэ үеэр дөнгөж танилцсан худууд өөр өөрсдийнхөө талийгаачдыг ямар ховор сайхан хүн байсан талаар сүнсийг нь ичтэл магтана, бие биеэсээ илүү гарах гээд л үзэж тарна. Эцсийн үр дүн бол талийгаачаа ганцааранг нь биш гэр бүлтэй болгон үдсэнээр үлдсэн хүмүүс нь хөрөнгө чинээтэй болж амар амгалан амьдарна гэх итгэл юм. Хятад улсад мөнгөтэй холбоотой зан үйл хамгийн олон байдаг билээ.

  
   Сэтгүүлч Батмөнхийн Занданхүү
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.