Жинхэнэ Орос сэтгэлгээний шидэт сав

2017 оны 01-р сар 07-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Жинхэнэ орос стакан ямар байдгийг мэдэх үү? Мэдэхгүй, одоо гэхдээ бид  мартсан, дээхэн үедээ мэддэг л байлаа. Харин оросуудад бол хамгийн сайхан дурсамж үлдээсэн цаг үеийн биет баримт болдог учир хэдэн үеэрээ энэ стаканыг андахгүй. Бидэнд бол талсттай гэж хэлмээр юм уу энэ стаканыг оросоор “гранёный” хэмээдэг. Гэхдээ энэ стакан өөрийн гэсэн нууцтай гэж байгаа.

Хамгийн гол стаканы хэлбэрт нууц нь оршино

Түүхэн баримтаар бол анх талстат стакан бүр Петр I хааны үед үзэгдэж эхэлжээ. Шилийг нь онцгой технологиор боловсруулж, хатаасан, хажуу бөөрөнд нь тэгш хэмтэй талууд гаргаж өгсөн барихад амар, алдаж унагалаа гэхэд хагарч бутарна гэж хаа ч байхгүй гэж оросуудын рекламддаг энэ стакан анх дөнгөж үүсэн байгуулагдаад байсан тэнгисийн флотод эн тэргүүнд шаардлагтай эд зүйлсийн нэг байжээ. Хөлгийн тавцан дээр мэдээж хөл дээрээ тогтдог юм байхгүй болохоор хажуу хавиргыг нь тэгшилж тал гаргаж өгсөн аяга сав хэрэглэхэд хялбар, харьцангуй аюул багатай эд байж. Харин технологийн давалгаа түрэн орж ирсэн Зөвлөлт засгийн үед бүсгүйчүүдийг гал тогооны боолчлолоос чөлөөлсөн аяга таваг угаадаг автомат машин гарч ирэхэд талст стакан уг шинэ төхөөрөмжийн техникийн үзүүлэлтэд яв цав таарсан гэдэг байна.

Учиртай тоон билэгдэл

Талст аяга цаг хугацааны явцад харилцан адилгүй талтай байсан бөгөөд дунджаар 8-14, сонгодог хэлбэр нь  10-17 талтай байв. Пифагорын томъёо ёсоор наймын тоог шударга ёс, тэгш хангалуун амьдралын билэгдэл гэж үздэг бол хятадуудын хувьд энэ тоо үржүүлэхийн хүрд мэт өсч, олширохын аялгуу мэт тэмдэглэл болдог байна. Тэгш дүүрэн, өсч үржихийн билэгдэл гэдэг чухамдаа талст стаканд төгс утгаараа шингэсэн аж. Нэг ёсондоо аяга дүүрэн сөгнөж, идээ ундаа нь элбэг хангалуун ундарч байхын ерөөлтэй мэт энэ сав суулга гарын ая даадаг, эдэлгээ урттай байдаг нь хэлбэр маягандаа байдаг ч гэж үздэг байна. Гэхдээ найман талтай сав суулганы нэг сөрөг тал нь материаллаг сонирхолд хэт хөтлөх сэтгэл санаа төрүүлдэг гэж үздэг бол харин таван талт стакан хүний сэтгэхүйг илүү оюунлаг болгодог гэдэг аж. Гэтэл энэ зэрэгцээ аравын тоо тэгш дүүрэн болоод оройдоо хүрсэн төгс ялалт гэж үздэг, гэхдээ нөгөө талаас энэ тоо орших, эс оршихуйн нэгдэл гэж үздэг учраас пифагорчдын төсөөллөөр бол ертөнцийн төгс гурвалд хамаарах хамгийн зохистой тоо бөгөөд тетрактис хэмээдэг арван цэгийн төвлөрлийг өгдөг байна. Тиймээс тэгш дүүрэн болоод төгс биелэл, орших, эс оршихуйн энэ бүх билэгдэл талст стаканд бүрэн утгаараа “шингэсэн” байдаг гэнэ.

Харин 14-ийн тоо айдас, аюул занал,  өөрийгөө зохих ёсоор үнэлэхгүй байх санаа сэдэл төрүүлдэг учир хүний хувиа бодсон арчаагүй зан араншинтай болгож, улмаар архи дарсанд донтох сэжим өгдөг байна. Гэхдээ 14-ийн тоо ертөнцийн хөдөлгөөн, орчлыг билэгддэг учир хүмүүст эд өлөгний асуудал дээр «сүйхээчлэх» арга заль өгдөг гэж үздэг гэнэ.

Тэрчлэн 17 – ийн тоо бусдаас үл хамаарч, эх чөлөөндтэмүүлэх эрч хүч,  бүтээлч сэтгэлгээ өгдөг учир олон талт хажуу бөөртэй стаканы хүнд үзүүлэх нөлөө янз бүр байдаг гэж оросууд үздэг байна. 

Гэрлийн хугарал

Зөвлөлт цагийн үеийн архичид олон талт стакан нүдэндээ барьж эргэн тойрноо харвал өөр ертөнцөд шилжирсэн мэт сэтгэгдэл төрдөг гэж ярьдаг байсан аж. Энэ нь зүгээр нэг архины цагаан солиорол биш бас ч гэж үнэний хувьтай байсныг түүхэн баримт нотолдог байна. Стаканы талстаар ертөнцийг тольдохдоо тэд өөрийн эрхтгүй яг библийн номлол ёсны мэт өөр ертөнцийн дүр зургийг олж харж чаддаг байсан гэх. Тэр ч байтугай XIX эхээр Орост «шидэт талст»-аар мэргэлж, хүний хувь тавиланг үзэх нэгэн арга ихээхэн дэлгэрсэн байсан бөгөөд талстжуулсан тунгалаг шилийг нэвт ширтэхэд янз бүрийн дүрсний хугарал үүсэж бүхэл бүтэн амьд махбодьгалын заяа зургийг хэлээд өгдөг байсан тухай А.С.Пушкины бүтээл туурвилд хүртэл гардаг байна.

Талст стакан гэдэг чухамдаа уг шидэт талст бөгөөд энгийн нүдээр олж харж чадашгүй бүхнийг гэрлийн хугарал ил гаргаад ирдэг гэж эрдэмтэн мэргэд нь ч үздэг байна.

Дутаж, гачигдана гэж байхгүй

ЗХУ-д идээний дээд сархадыг хэрвээ талст стаканаар уусан бол хэзээ ч архи дарсаар тасрахгүй байдаг гэсэн нэгэн мухар сүсэг 50-аад оны үед байжээ. Энэ нь шилтэй архиа нөгөө нөхөд талст стаканаар нэвт харж, тоо томшгүй олон лонх архин дунд орсон мэт хэнээрхэн сэтгэдгээс үүдэлтэй гэнэ. Тэгээд ч архины хундагыг тэр үед заавал ч үгүй олон талтай, 50-250 граммын олон янзын багтаамжтайгаар үйлдвэрлэж байжээ. 

Шартана гэж байхгүй

Олон талт стаканы ид шид үүгээр дуусахгүй, хамгийн гол нь энэ аяга саваар идээ хүртсэн цагт шартана гэдэг асуудал ер нь байдаггүй гэх. Дүүрчихсэн архичид үүнийг мөн л стаканы олон талтай холбон тайлбарладаг байна. Харин шартчих юм бол стаканд ердөө буруу байхгүй, нөгөө гударсан шингэн муу чанартай байсантай холбоотой гэж их мэдэгчид тайлбарладаг байсан гэнэ.

Мухина болоод Малевичийн алдар бадартугай

Зөвлөлт оронд олон талт стакан өргөнөөр хэрэглэх болсон явдал Мухина болон Малевич нартай салшгүй холбоотой. Өнөөгийн Санкт-Петебург буюу тухайн цагийн Ленинград хотын Хөдөө аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнг (ВДНХ) өөрийн зураг төслөөр босгосон, алдартай уран барилгач Вера Мухина 1943 оны бүслэлтийн үед шилээр бүтээл туурвих урлантай байсан бөгөөд тэр урландаа хаин алдартай “Хар дөрвөлжин” уран зургийн “эзэн” зураач Казимир Малевичийн хамт домог болсон стаканыг бүтээсэн гэх яриа байдаг. Гэхдээ нэ бол батлагдсан баримт бус. Өөр Николай Славянов гэх нэгэн нэр зүй ёсоор дурьдагддаг бөгөөд энэ хүний ачаар Зөвлөлтийн төмөрлөгийн үйлдвэрлэл хэмжээлшгүй их хөгжилд хүрсэн гэж үздэг байна. Харин түүний тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дээр 10, 20, 30 талтай стаканы хар зураг байсан хэдий ч тэрээр шилэн стаканыг металлаар үйлдвэрлэх санал дэвшүүлж байжээ.

Эх сурвалж: russian7.ru

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.