Усэйн Болт оны шилдэг боллоо

2017 оны 01-р сар 06-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй сэтгүүлчдийн саналаар 2016 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчныг тодруулдаг уламжлалтай. Тус санал хураалтад 110 орны сэтгүүлч саналаа өгсөн бөгөөд оны шилдэг эрэгтэй тамирчнаар хөнгөн атлетикийн олимпийн есөн удаагийн аварга Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт тодорчээ. Харин эмэгтэйчүүдээс гимнастикийн олимпийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын тамирчин Симоне Байлс шилдэг боллоо.

“Цахилгаан Болт” хэмээх хочтой Усэйн Болт хөнгөн атлетикийн түүхэнд олон олон амжилтыг бүтээсэн тамирчин юм. У.Болт Олимпийн 100 м-н рекордыг 2012 оны Лондонгийн Олимпийн наадмаар 9.63 сек-ээр, 200 м-н рекордыг 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд 19.30 сек-н амжилтаар тогтоож байсан бол Дэлхийн рекордыг 100 м-т 9.58 сек-ээр 2009 оны Берлинд, 200 м-т 19.19 сек-ээр мөн Берлинд тус тус тогтоож байсан.

Мөн 1984 оноос хойш нэг олимпийн наадмаас 3 алтан медаль хүртсэн анхны спринтерч, нэг олимпийн наадамд 3 дэлхийн дээд амжилт тогтоосон анхны спринтерч, 100, 200 м-н зайд Олимп, Дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байгаа анхны спринтерч юм.

Усайн Болт бага насандаа ахтайгаа крикет болон хөлбөмбөг тоглодог байжээ. Харин тэр бага сургуульд орсон үеэсээ гүйлтийн спортоор хичээллэж, сургуулийнхаа тэмцээн уралдаанд амжилт үзүүлж, улсынхаа дунд сургуулиудын тэмцээнд тосгоноо төлөөлөн оролцсон байна. Тус тэмцээний 200 м-н зайд мөнгөн медаль хүртсэн түүнийг дасгалжуулагч Пабло МакХейл нь удирдан чиглүүлж, 2001 оноос ОУ-ын шинж чанартай уралдаануудад оролцуулах болсон.

Энэ үеэс хойш хөнгөн атлетикийн спортоор өндөр амжилт үзүүлж эхэлжээ. Өсвөрийн 2002 оны ДАШТ-нд 200 м-н зайд түрүүлэн, буухиа төрлүүдээс 2 мөнгөн медаль хүртэж, мөн дараа жил нь залуучуудын ДАШТ-нээс 200 м-н зайд түрүүлж байжээ. Гэхдээ тэр томчуудтай уралдаж эхлэх үедээ төдийлөн амжилт гаргаж чадахгүй, бэртэл гэмтэл түүнийг дагаж байсан. Афины олимпийн наадамд оролцсон ч амжилт үзүүлж чадаагүй байна.

Харин тэр 2005 оноос дэлхийн шилдгүүдтэй ширүүн өрсөлдөж эхэллээ. А.Паул, Х.Картер, Т.Гэй нарын шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөөн үзүүлэх болжээ. 2007 оны ДАШТ-нд оролцож 200 м, 4х100 м-н буухиа зайд тус тус мөнгөн медаль хүртсэн нь түүнийг дэлхийн хэмжээний тамирчин болсныг илтгэж байлаа.

Энэ цагаас хойш тэр Олимп, Дэлхийн дэвжээнд өөрийн ноёрхлыг тогтоож чадсан юм. Бээжин-2008 зуны олимпийн наадамд 100, 200, 4х100 м-н буухиад зайд тус бүр алтан медаль хүртсэн бол 4 жилийн дараа мөн дээрх амжилтаа давстан юм. Үүнээс гадна ДАШТ-нд 8 удаа алтан медаль хүртэж, 2 мөнгөн медаль хүртсэн байна. Эдгээр нь түүний Олимп, Дэлхийн аваргаас хүртсэн медаль нь юм. Бусад ОУ-ын тэмцээн, Диамонд лигт үзүүлсэн амжилтууд нь мөн бий.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.