Ам.долларын ханш 1900 руу орох хараахан болоогүй…

Twitter Print
2017 оны 01-р сар 05-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн “Өдрийн сонин”-ны тэргүүн нүүрэнд “Стэнд бай орж ирэхээр ам.долларын ханш 1900-аас ч уруудна” хэмээсэн материал нийтлэгдсэнээс өдрийн турш “Өөрт байгаа ам.доллараа бушуухан зарцгаа. Өнөөдөр 2500 байгаа ам.доллар чинь удахгүй шалчийтлаа унаж асар их алдагдалд орно шүү” хэмээсэн анхааруулга юм уу, тулган шаардлага нь ч мэдэгдэхгүй баахан мэдээлэл цацагдаж олон хүнийг баярлуулж, бас тэр хэмжээний хүмүүсийг эргэлзээнд орууллаа.

Мэдээж галзууртлаа өсч байгаа ам.долларын ханшийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хазаарлан зогсоож чадвал нийт Монголчуудад л ашигтай, хэрэгтэй. Гэхдээ “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн шиг ам.долларын ханш өнөө маргаашгүй 1900 руу ороод ирнэ гэж байхгүй.

Өнөөдөр нэгдүгээр сарын 5. Гэтэл ОУВС-ийн шинжээчид нэгдүгээр сарын 20-нд л Монгол Улсад хөл тавьцгаана. Уг нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамныхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлээд л ОУВС-тай хамтран ажиллах, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн бөгөөд аль аль талдаа амаргүй, ужигарсан нухацтай хэлэлцээр дуусах хараахан болоогүй 15 хоногийн дараа хүрэлцэн ирэх эрхмүүд ямар шийдвэр гаргахаас шалтгаалан Монголд хэдий хэмжээний ам.доллар хэзээ орж ирэхийг эцэслэн шийдсэнээр өнөөдөр 2500 хүрчихээд байгаа ам.долларын галзуурсан ханш 1900 руу орох эсэх нь шийдэгдэх юм.

Сангийн яамныхны тайлбарлаж байгаагаар ирэх сараас Стэнд бай хөтөлбөрийн 1-1.5 тэрбум ам.долларын түрүүч Монгол Улсын дансанд орж ирнэ гэж байгаа ч яг хэзээ орж ирэх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Ямартай ч Сангийн яам, Монгол Улсын Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. 

ОУВС-ийн шинжээчид Монгол Улсад ирж нөхцөл байдалтай танилцаад явсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард гадны улс орнууд Зул сарын баярыг өргөн тэмдэглэдэг учраас хэлэлцээр хойшлоод байсан юм. Энэ удаад ирэх шинжээчдийн багтай Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаа ярилцах учиртай. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.