Б.Цогтгэрэл: Хөшигийн нисэх буудал нь 650 сая ам.долларын тухай асуудал шүү…

2017 оны 01-р сар 05-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед багагүй хэл ам таталж, олны анхааралд ороод байгаа Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс өнөөдөр ээлжит хурлаа хийв.

Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан Улсын комиссын бүрэлдэхүүн нийт 11 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч нарын өнгөрсөн хугацаанд хийгдээд буй хяналт шалгалтын ажлын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагч нарын мэдээлж буйгаар хяналт шалгалтыг чамбайруулах, гарч буй зөрчил дутагдлуудыг арилгахад хугацаа шаарлагатай байгаа учир Улсын комиссын ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэв. Хугацааг хэд хоногоор сунгахыг ажлын хэсгүүдээс санал авч тогтоох аж.

Сүүлийн үед өөр рүү хандаж цахим орчинд багагүй дайралт ирж байгаа ч Улсын комиссын дарга Б.Цогтгэрэл комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүст цаг нарийн баримтлахыг хатуу анхаарууллаа. Тэрээр “Улсын комиссын бүрэлдэхүүнд багтсан зарим хүмүүс хоцрох, ирэхгүй байх тохиолдол гарч байна. Бид 650 сая ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгийг хүлээж авах тухайд ярьж байгаа учир комиссын гишүүд маш хянамгай, чин шударга ажиллаж, сайтар шалгах ёстой. Комиссын бүрэлдэхүүнд ажиллаж буй хүмүүс хариуцлага алдвал хуулийн хариуцлага хүлээнэ шүү. Цаг бага үлдсэн тул хариуцлагатай ажиллахыг дахин анхааруулж байна” хэмээн     ширүүхэн мэдэгдсэн юм. 

Улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүс нь комисс ажиллах хугацаанд ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд комиссын гишүүдийн цаг бүртгэлийг хөтөлж ажиллахыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцогд үүрэг болгов. ЗТХ-ийн сайдын тушаалаар БХБЯ, АМГТГ, МХЕГ, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагын 27 хүнийг Улсын комиссын бүрэлдэхүүнд нэмж ажиллуулж байгаа юм. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.