Аврал үгүй америк доллар

2017 оны 01-р сар 07-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Он гарсаар дэлхийн тэргүүлэх валютууд чангарсаар, харин манайд уруудсаар. Заяа нь тэр гэлтэй, валют, Монгол төгрөгийн ханш хэзээд урвуу хамааралтай байдаг аж. Өнөөдөр америк долларын ханш 2498.00 төгрөгтэй тэнцээд ирэхэд рубль 41.30, юань 359.30, вон 2.06 төгрөг болж орхив. Ийм үзүүлэлт эдийн засгийн хувьд бүү хэл наад зах нь бидний хар бор амьдралд хэрхэн нөлөөлөх нь хэнд ч тодорхой. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал даамжирсаар байгаа хэдий ч шинэ он бидэнд илүү их уналт авчрах нь. Энэ нь голлох  валютын нэг долларын ханшаас шууд хамаарах уналт. 2011 онд хамгийн доод хэмжээг зааж байсан америк валют өнөөдөр 40 хувиар илүү үнэ хүрчихээд байхад манай эдийн засгийг ихээхэн хамаарах болсон хятад юань харин 2008 оноос хойшхи хугацаанд хамгийн доод шатандаа хүртэл унаад байна. Доллар, юаний ханш ингэж урвасан хэдий ч монгол төгрөгийн ханш бүр сураггүй уруудаж өгөв.

Үүгээр ч зогсохгүй, энэ онд ханшийн савлагаа бүр дэндэнэ. Америкийн шинэ ерөнхийлөгч ч ингэж ам гарсандаа хүрэх гэж эдийн засгийн бодлогын шинэчлэлт явуулж эхэлнэ. Эцэст нь нөхцөл байдал 1997-1998 оны хямралаас дор орсон байх төлөв байдал ажиглагдаж байна.

АНУ-ын Холбооны нөөцийн систем буюу төв банк оны өмнө бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөсөн явдал эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүгээ өсгөсөн гэж мэдэгдэж байсан ч жил ирэх бүр чангарсаар ирсэн долларын ханшийг улам дэвэргэж өгөв. Америкийн Төв банкны тэргүүн Жанет Йеллен үүнийг “өчүүхэн өөрчлөлт төдий. Шинэ ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ирэх онд бодлогын хүүг улам илүү хувиар нэмэгдүүлж магадгүй” гэж мэдэгдэж байсны дагуу тэр цаг үе нь одоо ирээд байна.

Америкийн мөнгөний бодлогын хүү дунджаар 0.25-0.5 хувь байсан бол шинэ онд гурав дахин өсч 1.375 хувьд хүрэх магадлалтай гэж шинжээчид үзэж байсан билээ. 

Дэлхийн тэргүүлэх улс гүрнүүд харин энэ хямралаас сэргийлэх урьдчилсан төлөвлөгөө, чиг бодлогоо хэдийнэ гаргачихаад байгааг ойрын өдрүүдэд дэлхий дахин мэдэх болно. Америкчуудын бодлогын хүүгийн улмаас дэлхийн эдийн засаг санхүүгийн зах зээлийн харилцаа муужрахдаа муужирч, сэхэхдээ сэхэх эгзэг нь яг таарчихаад байна. Хятадын засгийн газар чухам энэ бодлогын хүүнээс урьдчилан сэргийлж, мөнгөний ханшийн бодлогоо сулруулсан билээ.

Америк долларын ханш харин 2006 оны зургадугаар сараас эхлэн хамгийн доод ханш буюу  0 - 0,25 хувийн түвшин тогтмол барьсаар ирсэн. Гэтэл энэ хувь өнөөдөр 80−90 болтлоо эрс өснө гэж шинжээчид үзэж байна. Гэвч энэ таамаглал хэр бодитой байх бол, олонхийн үзэж байгаагаар, Холбооны нөөцийн сан гэхдээ огцом үсрэлт арай хийхгүй, бодлогын хүү сайндаа 0,25 хувь, цаад зах нь  0,4−0,5 хуввиар өснө гэж үзэж байгаа аж.

Харин Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Иеллен удаа дараа мэдэгдэж байснаар бол бодлогын хүүгийн суурь хувийг өсгөж болзошгүй юм. Энэ оны есдүгээр сард дэлхийн зах зээл дээр энэ талын өөрчлөлт огт ажиглагдаагүй учраас арванхоёр сар хүртэл хүү өсгөх тухай шийдвэр гарахгүй  гэж эдийн засгийн нэр нөлөө бүхий шинжээчид үзсэн байна.

Гэвч одоогийн эгзэгтэй цаг үед Хятадын эдийн засгийн үзүүлэлт унаж, газрын тосны ханш унасан нөхцөлд хөгжиж буй улс орнуудад  мөнгөний ханш суларсан асуудал АНУ-д  үнэндээ хүндээр нүүрлэж байгаа бөгөөд энэ нөхцөл байдал нь долларын ханшийг чангаруулж, бодлогын хүүг өсгөхөд яах аргагүй түлхэж байгаа учраас энэ оны төгсгөл гэхэд  бодлогын хүү өсөж таарна. Гэтэл АНУ-д долларын өндөр ханш хэрэггүй, батлан хамгаалах, шинэ дайны үйл ажиллагааны зардал нэмэгдүүлэх зэрэг дам хуримтлагдах олон талын хөрөнгө зарцуулалтад долларын уян хатан хөрвөлт чухал байх учиртай. Холбооны нөөцийн сангаас гэвч бодлогын хүүг бууруулах хоёр үндсэн хүчин зүйл болох хөдөлмөрийн зах зээл, ханш сулралын үзүүлэлтийг хэт өнгөц авч үзэж, Америкийн эдийн засгийн тогтвортой байдал улам бэхжиж байна гэсэн өөдрөг үзэлтэй байгаа нь Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йелленийн Конгрессийн гишүүдэд өнгөрсөн долоо хоногт тавьсан илтгэлээс тодорхой харагдаж байгаа аж. Түүний тэмдэглэснээр бол, бодлогын хүү өсгөх асуудал «тулгамдсан зорилт» болжээ.

Exchange Rate Forecasts 2016 | 2017 | 2018

Харин энэ зорилт үнэхээр тулгамдсан эсэхийг олонхи эдийн засагчид хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал, эдийн засгийн салбарт 2007 оны Нобелийн шагнал хүртсэн Эрик Маскин бодлогын хүүг өсгөх цаг үе нь одоо биш, энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, мөнгөн хадгаламжтай болоод хурааж  хумисан юмгүй хүмүүсийн хоорондын ялгааг улам гүнзгийрүүлнэ гэж үзэж байгаа аж. Бодлогын хүүгийн өсөлт хөрөнгө оруулагч, мөнгө хүүлэгч нарт л үр ашигтай тоглолт өгнө үү гэхээс, цалингаас цалин харсан жирийн олонд ямар ч ашиг өгөхгүй гэж эдийн засагч тайлбарласан байна.

Үнэндээ Америкийн мөнгөний бодлогын хүүгийн өсөлт дэлхийн эдийн засагт ямар үр дагавар авчрах бол? Ямар ч байсан тус улсын эдийн засгийн сэргээх явцыг удаашруулна гэж Маскин үзэж байгаа бол АНУ болоод байгалийн нөөц баялагийн экспортоос шууд хамааралтай ОХУ зэрэг хөгжиж буй зах зээлд энэ нь сөрөг нөлөө  үзүүлэх аж. Бодлогын хүүгийн өсөлт долларын ханшийг чангаруулж, түүхий эд, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханшийг сулруулах урвуу хамаарал шууд үйлчлэх бол нөгөө талаас дэлхий дахины зах зээлийн харилцаанд тогтворгүй байдал авчирч, үр дагаварыг нь арилгахад асар их хугацаа зарцуулах эрсдэлтэй гэнэ. Харин одоо ийм нэгэн эгзэгтэй шийдвэр энэ хоёр өдрийн дотор хэрхэн гарахыг дэлхий дахин хүлээж байна.

АНУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Холбооны нөөцийн банк сар бүр 85 тэрбум долларын бонд худалдан авдаг. Үүний дүнд бодлогын хүү нь доогуур ханштай байж, зах зээл нь харьцангуй тогтвортой байсаар ирсэн. Гэтэл одоо энэ бодлогыг өөрчлөх цаг болсон гэж үзэж байгаа учраас бонд худалдан авалтыг аажмаар зогсоох бодлого баримталж эхэлсэн байна. Энэ нь АНУ-ын дотоод дахь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас бонд хулдалдан авах хэмжээ буурч, бүр зогссон байлаа ч гэсэн цаашид богино хугацааны бодлогын хүү доогуур ханштай хэвээр байх аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.