Туркийн халдлагад сэжиглэгдсэн Киргизийн иргэн хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогджээ

Twitter Print
2017 оны 01-р сар 04-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Туркийн Станбул хотын шөнийн цэнгээний газар олон хүний аминд хүрсэн халдлага хийсэн хэрэгт сэжиглэгдэж байсан Киргизийн иргэн буруугүй болох нь тогтоогджээ.

Лакхе Машрапов хэмээх 28 настай уг залууг нутагтаа очоод байхад нь Киргизийн тусгай албаныхан баривчилжээ. Тэрээр нэгдүгээр сарын 3-ны шөнө Туркээс нисэж өглөө 7:00 цагт "Манас" нисэх буудалд газардсан байсныг Turmush.kg цахим хуудас тэмдэглэсэн байна.

Шинэ оны босгон дээр Туркт гарсан халдлагатай холбогдуулан түүний тухай мэдээлэл интернэтээр тарсан даруй Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны ажилтнууд Лакхе Машраповын оршин суудаг Кара-Суу хотод очиж түүнийг баривчилсан аж. Түүнийг мөрдөн байцаасны дараа сулласан хэдий ч мөрдлөг үргэжилсээр байгааг Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны төлөөлөгч Рахат Сулайманов мэдэгджээ.

Харин Машрапов,"1-ний өдөр Бишкекээс Станбулд нисэж очсоныхоо дараа наймааны ажлаа амжуулаад шууд нисэх буудал орж онгоцонд суусан. Харин энэ үед хууль сахиулах байгууллагын ажилтнууд намайг онгоцноос буулгаж, бүтэн цагийн турш байцаасан учир Бишкек рүү нисэх онгоц нэг цаг саатсан" гэж мэдүүлсэн байна.

Туркийн цагдаа нар түүнд сэжигтэн этгээдтэй зүс царайгаараа адилхан байгааг хэлж, саатуулснаа хүлээсэн аж. Гэтэл түүний паспорт дээрх гэрэл зураг интернэтэд тавигдсан учир шалтгааныг ойлгохгүй байгаагаа Машрапов хэлж, халдлага гарсан 31-ний өдөр Киргизэд байсан учир халдлагтай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

Түүний мэдүүлснээр, 2011 оноос эхлэн тэрээр Станбулд ажил хэргээр зорчдог болсон бөгөөд арванхоёрдугаар сарын 28-ны өдөр  Туркэд ирээд 30-ны өдөр буцаж нисэн, нэгдүгээр сарын 1-нд эргээд Станбулд ирсэн аж.

Шинэ оны эхний өдрийн шөнө Туркийн шөнийн цэнгээний газарт 39 хүний аминд хүрсэн халдлагыг “Лалын улс” үйлдсэн гэж мэдэгдээд байсан бол Туркийн цагдаа нар сэжигтний зургийг нийтэлж, хэргийн газраас хурууны хээг нь олсон гэж мэдээлж байсан билээ.

CNN Turk телевизийн суваг цагдаагийн эх сурвалжид тулгуурлан мэдээлснээр, гэмт этгээд  Узбекистан, Киргизийн иргэн байж болзошгүй бол Hurriyet Daily News сонин түүнийг 25 орчим насны, Хятадын Шинжаан-Уйгараас ирсэн этгээд байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүүлжээ.

Туркийн терроризмтой тэмцэх албаны шинжээч Абдулла Агар Hurriyet сонинд ярилцлага өгөхдөө сэжигтнийг цэргийн тусгай бэлтгэл хийсэн мэргэжлийн этгээд шиг харагдаж байсан. Түүнийг "энгийн хүмүүсийн эсрэг эргэлзэлгүй гал нээсэн шийдчихсэн алуурчин" гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэжээ. Цагдаагийнхний тооцоолсноор алуурчин зургаан дайз суллаж, 180 сумаар буудсан байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.