В.Ойдов: Би туулах ёстой амьдралынхаа зам мөрөөр л яваа…

Twitter Print
2017 оны 01-р сар 02-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Баруун дөрвөн замд байрлах Улаанбаатарын томоохон үйлчилгээний төв “Grand Plaza”-ийн зургаан давхарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бараа бүтээгдэхүүн борлуулдаг “REHTUS” компанийн захирал В.Ойдов хэмээх, хөгжлийн бэрхшээлтэй ч өндөр боловсролтой, ёстой л юм үзэж нүд тайлсан залуу байдаг гэж хүнээс сонсоод хэрэг болгон очиж уулзлаа. Улаанбаатарын төвд, тэгээд ч жинхэнэ худалдааны төвийн зориулалтаар баригдсан “Grand Plaza”-д томоохон талбай түрээслэн, худалдааны компани ажиллуулдагийг нь бодохоор аргагүй л мэдлэг мэргэжил сайтай, наймааны гүйлгээ ухаантай нэгэн байгаа болов уу гэж бодсоор очиж уулзвал миний бодож байснаас ч ухаалаг, шавилхан залуу насандаа багтахгүй ихийг үзэж, сурсан нэгэн байлаа. Ингээд “REHTUS” компанийн захирал Ваанчигийн Ойдовтой хийсэн сонирхолтой яриаг болгооно уу.

-Өөрийг чинь зорьж ирсэнийх эхлээд хоёулаа танилцъя?

-Тэгэлгүй яах вэ. Намайг В.Ойдов гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгаа, шийдэл, зөвлөгөө өгдөг Монголын анхны “REHTUS” компанийг гурван жилийн байгуулж захирлаар нь ажилладаг. Манай компанийн нэрийн утга бол Сэргээн засах гэсэн Англи үгийн эхний гурван үсгийн араас Тус гэсэн Монгол үгийн нийлбэрээс бүтсэн. Яагаад асаргаа сувилгаа, сэргээн засахтай холбогдсон бэ гэвэл угаасаа миний мэтийн хүмүүсийг асарч байгаа болон асруулж байгаагийн аль алинд хамааралтай юм. Өнөөдөр хэн нэгнээр асруулж байгаа хүн маргааш нөгөөдөр энэ асаргаа сувилгаанаас гаръя гэж зориглох л юм бол тодорхой хэмжээний асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай байдаг ба тэгж ч байж аль алинд нь эерэг үр дүн гардаг. Монголын өнөөдрийн нийгмийн амьдралын асар их хурдац, энэ их хотжилт, машин тэрэгний түгжрэл, хүссэн хүсээгүй энэ бүхнээс үүсч байгаа нөхцөл байдал, тэдгээрийг дагасан асаргаа, сувилгааны зайлшгүй байдлыг бодолцож үзээд “ REHTUS” компаниа байгуулсан.

-Өөрийн тань яриа, сая орж ирэхэд зөөврийн компьютер дээрээ ажиллаж байгаа байдлаас дүгнэвэл гадаад хэлний нэлээн өндөр мэдлэгтэй хүн гэдэг нь шууд л мэдрэгдэж байна. Хаана ямар ямар сургууль төгссөн бэ?

-Би багаасаа Монголд хийх боломжгүй, тасралтгүй үргэлжлэх эмчилгээг гадаадад хийлгэх шаардлагатай болоод таван наснаасаа ОХУ-д амьдарч, эмчилгээ хийлгэсэн болохоор унаган Орос хэлтэй. Дараа нь Монголдоо ирж 1997-2001 онд МУИС-ын ОУХДС-ийг Орос, Англи хэлний орчуулагч, Орон судлаач мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй төгссөн. Энэ сургуульд ороход хүндрэл байгаагүй. Учир нь би унаган Орос хэлтэйгээс гадна шалгуур үзүүлэлт болох олимпиадын удаа дараагийн шагнал авчихсан байсан учир шалгалтгүй элссэн. Түүний дараа Швейцарийн Цюрихийн Их сургуулийг 2011-2013 онд Олон улсын бизнес удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн. Өмнө нь 1996-1997 онд АНУ-д эмчилгээ хийлгэж байсан болохоор эмчилгээний Англи хэлний мэдлэг маань улам л сайжирсан гэж боддог. Хажуугаар нь Герман хэлний зохих мэдлэгтэй.

-Таны яриаг сонсож байхад хоёр суга таягтай хүн байтугай цоо эрүүл хүн ч түүртэж туулахаар эрдэм соёлын замыг туулж, сайхан мэдлэг мэргэжилтэй болжээ?  

-Би өөрийгөө бусдаас илүү, тиймдээ ч энэ бүхнийг амжуулчихсан гэж огтхон ч боддоггүй. Яагаад гэвэл надад өөр сонголт байгаагүй. Нэг ёсондоо миний туулах л ёстой амьдралын зам, хэмнэл нь ар араасаа тэгж таарсан. Жишээлбэл Оросоос ирээд МУИС-д шалгалт өгч орох ёстой байсан бол би чадахгүй байсан байх гэж боддог. Учир нь миний монгол хэл маш муу байсан. Тэгээд дараа нь АНУ явж эмчлүүлж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй олон монгол хүнд бага ч гэсэн тус хүргэсэн ажлынхаа зүг чигийг олж тэр ажлаа ч амжилттай хэрэгжүүлсэн.

-Өөрийн тань ярианаас яах аргагүй манай говийн хүний аялга анзаарагдаад байх юм. Ингэхэд ус нутаг хаанах вэ?

-Өөрөө сүрхий ажигч хүн юм. Тийм ээ, миний аав Ваанчиг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн байдаг. Харин унасан газар угаасан ус нь Өмнөговь аймгийн Манлай сумын Үйзэн гэдэг нэртэй газар юм билээ. Миний ээж бол Архангай аймгийн хүн.

-Эцэг эхээсээ хэдүүлээ вэ?

-Манайх аав ээжээсээ дөрвүүл юм. Би дээрээ нэг эгч, дороо хоёр эмэгтэй дүүтэй, нэг ёсондоо тэднийхээ хайр энхрийлэлд эрхэлж явдаг азтай хүн гэж өөрийгөө боддог. Одоогоор манай гэр бүлд надаас өөр хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй. Миний энэ бол төрөлхийн бөгөөд нийт хүн амын дунд маш цөөхөн тохиолддог бэрхшээл. Одоо хүртэл тодорхой шалтгааныг нь олж тогтоож чадаагүй л байгаа. Монгол Улсад яг над шиг оноштой хүн ердөө дөрөв тавхан л байдаг юм билээ. Ер нь хөгжлийн бэрхшээлийн тухайд аливаа хүн нас ахих тусмаа л ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй болж байдаг нь хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш л биднийг дагаж яваа зүйл юм даа.

-Таныг МҮОНТ-ийн нэрт сэтгүүлч МУСГЗ Г.Золжаргалтай хамтран АНУ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 10 гаруй жил олон контейнер тэргэнцэр, эм, эмнэлгийн материал бусад зүйлийг оруулан ирж олон хүнд итгэл найдвар, гэрэл гэгээ үзүүлж байсан гэж сонссон. Тэр талаараа сонирхуулаач?

-Тийм ээ. Би 1996-1997 онд АНУ-д эмчлүүлж байхад Г.Золжаргал ах өөрийн хүү З.Батбилэгийгээ эмчлүүлж байхтай таарсан юм. Тухайн үед Билгээ ч, би ч их хүнд хагалгаанд орж байсан. Тэгэхэд манай аав намайг авч явж байсан бөгөөд хагалгааны дараа урт хугацааны сэргээн засах эмчилгээ хийлгэсэн юм. Тэр үед Монгол шиг ядуу буурай орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тэргэнцэр болон эм, эмнэлгийн тоног төхөөрөмж аваачиж өгдөг нэгэн ТББ-ынхантай танилцаж, дөрвүүлээ ярилцаад “Үүнийг Монголдоо оруулж ирэх юмсан” гэдэг санаагаа олсон юм. Тэгээд 1997 онд Монголдоо ирээд ТББ байгуулж эргээд нөгөө Америкчуудтайгаа холбогдон ажлаа эхлүүлж байлаа. Манай “Тусламжийн тэргэнцэр сан” ТББ-ын шугамаар 1997-2012 он хүртэл нийтдээ 10 удаа 10 мянга гаруй тэргэнцэр бусад эм, хэрэгслийг оруулан ирж яг хэрэгцээтэй хүмүүст нь үнэ төлбөргүй тараасан. Тэр ажил маань ямар учиртай байсан гэвэл яг үнэндээ одоо л Монголчууд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр, алхуулагч, таяг, суултуур зэргийн чанар, эдэлгээг гадарладаг, мэддэг болоод байгаа болохоос биш биднийг ажлаа эхэлж байсан 1997 оны үед бол үнэхээр энэ талын мэдлэг маш хангалтгүй, анхны ойлголтгүй байсан юм шүү.

Бид бусад ТББ-ууд шиг зөвхөн Улаанбаатарт эргэлдээд байгаагүй. Өөрсдөө нойр хоолгүй шахам Монголынхоо бүх л аймаг сумдад хүрч, яг хэрэгцээтэй хүмүүст нь гараас гарт тараан өгч байсан. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй олон иргэдэд урам зориг, хүсэл тэмүүлэл өгсөн болов уу. Бид тэгж явахдаа зөвхөн тэдгээр материалыг тараагаад явах бус яаж хэрэглэдэг юм, яаж тохиргоог нь хийдэг юм, эдэлгээг нь яавал уртсгаж болох вэ гээд бүх талын сургалт, зөвлөгөөг хийгээд явдаг байсан.

-Одоо тэр ТББ үйл ажиллагаа явуулдаг уу?

-Үгүй. Би 2013 онд Швейцарт сургуулиа төгсөж Монголдоо ирээд дээрх ажлаа хэрхэн яаж үргэлжлүүлэх вэ гэж бодоод “Ер нь ТББ-ын чиглэлээр яваад байвал нэгдүгээрт хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг л нэмэх юм байна. Хоёрдугаарт тухайн хүн жилд ганц удаа гараа тосоод авах биш тогтмол өөртөө таарсан, чанартай тэргэнцэр бусад материалыг зөвхөн өөртөө зориулан захиад авах бололцоотой болгоё гэж бодож компаниа нээсэн. Түүнээс гадна би ч гэсэн тодорхой бие хүн юм чинь нийгэмд хөлөө олж амьдрах хэрэгтэй еэ дээ. Алийн болгон хүний гар харж амьдрах вэ гэдэг бодол ч нөлөөлсөн. Одоо гурав дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байна.

-Одоо ингээд харж байхад танайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүх л төрлийн чанартай тэргэнцэр бусад материал харагдаж байна. Бараагаа хаанаас оруулж ирдэг вэ. Өөрсдөө явдаг уу?        

-Манайх барааны 60 хувь нь Англиас орж ирдэг. Үлдсэн 40 хувь нь АНУ, БНСУ, БНХАУ, Япон гэх мэт орнуудаас орж ирдэг. Бараагаа захиалагч тус бүрийн онцлогт тохируулан захиалан оруулж ирдэг. Бидний байнга хамтран ажилладаг дэлхийн хэмжээний дөрвөн компани байдаг. Тэдгээр нь АНУ, Английн компаниуд байх жишээтэй. Эдгээр компаниудын бүтээгдэхүүнүүд гэхэд байж болох дээд зэргийн чанар, төгс хэрэглэгдэхүүнтэй байдаг.

-Өөрөө Монголын эрүүл мэндийн олон байгууллагуудтай хамтран ажиллаж, багагүй ажил хийж байсан гэж сонслоо. Тэдгээрийнхээ талаар танилцуулаач?

-За яах вэ тэр нэгдүгээрт иргэнийхээ үүргийг л биелүүлсэн хэрэг. Хоёрдугаарт аль альдаа ашигтай бизнес гэрээ хэлцлийн дагуу л хийгдэж байсан ажлууд л даа. Зарим нэгээс нь дурдвал Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн сэргээн засах тасаг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн 10 дугаар төв, Хүүхдийн төв сувилал, Сонгдо эмнэлэг, Таны инээмсэглэл сэргээн засах төвүүдэд зохих хэмжээний ажлуудыг захиалгаар хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн “Holliday Inn Mongolia”, “Corporate 2”, “Kempinski Khan Palace” Hotel, МИАТ ХК, Гранд Плаза худалдааны төвүүдийг илүү хүртээмжтэй, аюулгүй болгохын тулд тохижилтын ажлууд хийж гүйцэтгэсэн.

-Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд гялайлаа. Ирж байгаа 2017 оны ажилд тань улам их амжилт хүсье?

-Намайг зорин ирж ярилцсан танд ч их баярлалаа. Хүн бүр өмнөх жилийн ажлыг дүгнэж энэ оныхоо ажлыг төлөвлөж байгаа шинэ оны хоёр дахь өдөр та бид хоёр ийнхүү ярилцсан нь их бэлэгшээлтэй юм боллоо. Ингээд танай сайтын уншигчид болон Монголынхоо нийт ард түмэнд энэ 2017 он аз хийморь, эрүүл энх сайн сайхан бүхнийг авч ирэх болтугай гэж ерөөж байна, баярлалаа. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.