"Хутагтын дөрвөн үнэн"-ий сургаал

Twitter Print
2017 оны 10-р сар 11-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Бурхан багш нас сүүдэр 35 зооглосон тэр жилийнхээ зуны эхэн сарын шинийн 15-нд Бурханы хутгийг олж, гэгээрэх ёсыг үзүүлснийхээ дараа “Би гайхамшигт номын ариун рашааныг олж авлаа. Гэвч үүнийг хэн боловч ойлгохуйяа нэн бэрх тул энэ тухай хэлэхээ азнаж, аглаг орноо оршсугай” хэмээн сэтгэлдээ таалаад 49 хоног сургаал зарлиг айлдалгүй аглаг орноо заларсаны хойно арван зүгийн бодьсадва нар болон цагаан зүгийн тэнгэрүүд ном сургаалаа айлдан соёрхохыг ахин дахин хүсч байжээ.

Ялангуяа Эсүрва тэнгэр Алтан хүрд, Хурмаст тэнгэр Цагаан лавайг тус тус өргөж Номын хүрд эргүүлэх соёрхол тавьсныг болгоогоод Варанаси хэмээх газар морилон очиж, нисванист бага нэрвэгдсэн бөгөөд номын гүн утгыг ухаарах оюун төгөлдөр таван шавьд зуны адаг сарын шинийн 4-ний өдөр анхны сургаал болох “Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаалаа айлдсан байна.

Энэхүү “Хутагтын дөрвөн үнэн” хэмээх сургаал бол Бурхан багш гэгээрлийн хутгийг олоод анхлан айлдсан сургаал нь юм.

Мөн таван шавь нь нисванисын муу хүлээсээс ангижран, “Дайснаа дарсан”-ы үр хутгийг олсон байна. Мөн таван шавь ч Бурханы шашны анхны дээд хуваргууд гэж үздэг юм. Дөрвөн үнэний сургаалын гүн нарийн утгыг бүрэн гүйцэд тодорхой мэдэж авах нь дан ганц Хутагтын таньж мэдсэн эрдэм мэдлэг, чадвар тул “Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаал гэж нэрлэдэг ажээ.

Хутагтын дөрвөн үнэн хэмээх нь:

- Зовлон үнэн

- Зовлонгийн шалтгаан үнэн

- Зовлонг хорих нь үнэн

- Зовлонг хорих мөр /арга/ нь үнэн гэсэн дөрвөн үнэн юм.

Энэхүү сургаал нь авах, орхих ёсны шим бүгдийг хурааснаараа Бурхан багшийн сургаалын суурь үндэс болж чадсан байна. “Зовлон” нь өвчинтэй адил бөгөөд “Зовлонгийн шалтгаан”-ыг өвчин үүсэхийн нөхцөл шалтгаантай зүйрлэн жишдэг. Зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижран гэтэлж чадсан “Зовлонг хорихуй” нь өвчин илааршсан амгалан мэт бөгөөд “Зовлонг хорих мөр /арга/” нь өвчин анагаах сайн эм мэт билээ. Энэ мэт үлгэрлэснийг тус бүрд нь авч үзвэл:

1. Зовлонгийн үнэн

Өвчтэй хүн ямар өвчнөөр өвдсөнөө мэдэх хэрэгтэйн адил Хутагтын анхдугаар үнэн болох зовлонгийн үнэнг сайтар таньж мэдэх нь чухал юм. Ер нь зовлон хэмээх ойлголт нь зовлонгийн зовлон, хувирахын зовлон, түгээмэл хуран үйлдэхийн зовлон гурваар илрэх бөгөөд үйл хийгээд нисванисын эрхэнд бие цогцсыг авч төрсөн аливаа амьтад энэхүү гурван зовлонд нэрвэгдэж энэлдэг жам ёстой юм.

“Зовлонгийн зовлон” нь бидний бие сэтгэлд тааламжтай бус мэдрэмжийг өчүүхэн төрүүлдэг толгой, шүд өвдөх зэргээс эхлэн цаашлаад там, бирд, адгуусны аймшигт зовлонг эдлэж буй амьтдын бие, сэтгэлийн зовлонг хэлнэ.

“Хувирахуйн зовлон” нь өөрт таалагдсан эд таваарыг авч хэрэглэх эхэн үест нэн тааламжтай мэдрэмж төрөх боловч алгуур элдэв бэрхшээл тулгарч урьдын сайхан мэдрэмж үгүй болдог. Тиймээс бидний жаргалтай гэж үздэг, мөн хүсэн тэмүүлдэг зүйлсийн ихэнх нь үнэн баттай амар амгаланг төрүүлж чадахгүйгээр үл барам эргээд өөрт зовлон ба зовлонгийн эх үүсвэр болж хувирахыг хэлдэг байна.

“Түгээмэл хуран үйлдэхийн зовлон” нь өмнөх хоёр зовлонгийн суурь, бие сэтгэлийг бүрдүүлэгч таван махбод билээ. Энэ нь орчлонгийн амьтан бүгдэд түгэх тул “түгээмэл”, мөн зовлонгийн суурь болж зовлонг хураах тул “хуран үйлдэх” хэмээн нэрийджээ.

2. Зовлонгийн шалтгаан үнэн

Өвчтөн нь өвчнөө оношлуулаад зогсохгүй ямар шалтгаанаар өвдөж буйгаа мэдэх шаардлагатай бөгөөд үүнтэй адил зовлонгийн шалтгааныг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Зовлонгийн шалтгаан нь “Үйл” ба “Нисванис” юм. Ер нь үйлийн дотор амар амгаланг төрүүлэгч буяны үйл, зовлонг төрүүлэгч нүглийн үйл хоёр байдаг. Зовлонгийн гол шалтгаан нь нүгэл хилэнцэт үйл юм.

“Нүглийн үйл”-ийг бие, хэл, сэтгэл гурвын үүднээс үйлдэх бөгөөд үүнд амь таслах тэргүүтэй арван хар нүгэл орно. “Нисванис" хэмээх нь гурван хор буюу мунхаг, уур, тачаал болой. Эдгээр гурав нь атаа, өс хонзон гэх мэт элдэв муу сэтгэл бүгдийг төрүүлэх бөгөөд нисванис бүгдийн үндэс нь мунхаг сэтгэл тул нисванис нь зовлон үүсэхийн гол шалтгаан болдог байна.

3. Зовлонг хорихуйн үнэн

Өвчний шалтгаан болох эх үүсвэрийг мэдэж чадах аваас уг өвчнийг бүрэн анагааж чадахын адил хутагтын гуравдугаар үнэн зовлонг хорьж болдогийг мэдэх хэрэгтэй. Зовлонгийн шалтгаан болох нисванисыг бидний сэтгэлийн мөн чанартай адилтгаваас хэзээ ямагт сэтгэл хийгээд нисванис хоёрыг салган тусгаарлах боломжгүй билээ.

Жишвээс: Нисванисын илрэл уурыг сэтгэлийн мөн чанарын нэгэн хэсэг гэж үзвээс бидний дотор хэдий хүртэл сэтгэл оршино төдийг хүртэл уур хилэн мөн адил орших ёстой атал бид цаг үргэлж уур хилэнд автагддаггүй нь тодорхой. Эндээс үзхүл үйл хийгээд нисванис нь сэтгэлээс ангид бөгөөд арилгаж болох зүйл юм. Нэгэн зүгт чиглэж уур хийгээд энэрэнгүй сэтгэл нэгэн дор зэрэг төрж чадахгүй харилцан харшлах тул эерэг сэтгэл бүгдийг идэвхжүүлж, эсрэг сэтгэлийг тэвчиж чадваас зовлонгийн шалтгаан үйл хийгээд нисванисыг бүрэн дарж, улмаар нисванисын ерөндгийг бясалгаснаар эцсийн баттай амар амгалан хийгээд гэгээрлийг олж чадна. Тэрхүү гэгээрэл нь зовлонг хорихын үнэн билээ.

4. Зовлонг хорих мөр нь үнэн

Өвчинг бүрэн анагаахад ямар ерөндөг эм байгааг судлаж, түүнийгээ сайтар хэрэглэдгийн адил зовлонг хорих мөр /арга/-ийг судлах хэрэгтэй. Энэ нь гэгээрэлд хүрэх дотоод сэтгэлийн ариуслын мөр буюу сэтгэлийн бурханлиг ариун чанар, түүний чадварыг нээх явц билээ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.