Туркийн Истанбул хотын шөнийн цэнгээний газарт халдлага болжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 02-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Санта-Клаус шиг хувцасласан нэгэн этгээд Шинэ Жилийн баяр тэмдэглэж байх үед Туркийн Истанбул хотын шөнийн цэнгээний газар руу дайран орж, 39 хүнийг буудан хөнөөжээ.

Истанбул хотын даргын хэлснээр, орон нутгийн цагаар ням гарагт шилжих шөнийн 01:15 цагт тус хотын Ортакей дүүрэг дэх “Reina” шөнийн цэнгээний газарт халдлага болох үеэр наад зах нь 39 хүн, тэдний дотор гадаадын 27 иргэн амь үрэгдэж, 69 хүн шархадсан байна. Террорист халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна. Халдлага үйлдсэн этгээд нь Араб хэлээр ярьж байсан тухай орон нутгийн телевиз гэрчийн мэдээлснээр дамжуулсан байна. Халдлага болох үед тус газарт 700 орчим хүн байжээ.

Аюулгүй байдлыг чангатгаж, халдлага болсон газраас 3 км-ийн радиус доторх бүсэд цагдаа нар харуул хамгаалалтад гарчээ. "Энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Холбогдох мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь өгнө" гэж тус хотын дарга Васип Сахин хэлэв.

Сүүлийн өдрүүдэд Туркийн Истанбул, Анкара зэрэг том хотуудад аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зөвхөн Истанбулд 17,000 цагдаа эргүүл хийж байгаа юм.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.