Д.Оюунхорол: Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь та бидний хамтын ариун үүрэг

Twitter Print
2016 оны 12-р сар 30-нд 13:59 цагт
Мэдээний зураг,

Байгаль эх дэлхийгээ шүтэж, дээдэлж, үр шимийг нь хүртэн амьдарч ирсэн Монголын ард түмэндээ  айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. 

БОАЖ-ын салбарын хувьд 2016 онд хийж бүтээсэн өрнүүн их ажлын жил байлаа. Миний бие салбарын сайдаар итгэл хүлээн томилогдон ажиллаад тус салбарын бодит байдлыг дүгнэх, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө зорилтоо гаргах, тулгамдсан асуудлуудаа шийдэх, шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлуулах, олон улсын болон дотооддоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  зэрэг олон ажлыг хамт олонтойгоо хамтран хийж гүйцэтгэлээ.

Энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудын эхэнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон явдал юм. “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг  эх орондоо амжилттай зохион байгуулсан нь аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон ахиц авчирлаа. Улмаар тусгай хамгаалалттай газар нутгаа тэлэх, дэлхийд данстай болгох, гол ус, ой мод, хөрс шороогоо хайрлан хамгаалах хууль, журмыг мөрдүүлэх хэвшилд сурахад онцгой анхаарал хандууллаа.  

Байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, ард иргэдийн оролцоотой хамгаалах, салбарын бодлого, шийдвэрт эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсох ажлыг эрчимжүүлж эхэлсэндээ ч сэтгэл хангалуун байна.

Ирж буй 2017 ондоо бид эхлүүлсэн томоохон ажлуудынхаа бодит үр дүнг үзэх, хууль, журмыг хэлбэрэлтгүй дагаж мөрдүүлдэг болох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажилдаа ард иргэд Та бүхэнтэйгээ нээлттэй хамтран ажиллах болно.

Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь Та бидний хамтын ариун үүрэг билээ. 

Ирж буй ондоо эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.