Оросууд халдлага үйлдсэнийг нотлох тусгай албадын илтгэл нийтлэгджээ

Twitter Print
2016 оны 12-р сар 30-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын тусгай албанаас тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгааны үеэр оросуудын хийсэн цахим халдлагыг мөрдөн шалгасан илтгэлийг нийтэлжээ. Цагаан ордоноос чухам энэ илтгэл дээр үндэслэж, ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авсны дээр оросын 35 дипломатыг 72 цагийн дотор албадан гаргах шийдвэр гаргаад байгаа билээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Үндэсний аюулгүй байдлын яамнаас хамтран явуулсан мөрдлөгийн тайлан илтгэлд Оросын цэргийн болон иргэний тагнуулын албадаас явуулсан GRIZZLY STEPPE хэмээх кампанит ажлыг илчилсэн бөгөөд энэ ажлын хүрээнд 2015 оны зун болон 2016 оны хавар АНУ-ын төр засгийн цахим сүлжээнд халдсан болохыг тогтоожээ. Тэрчлэн хоёр удаагийн энэ халдлагыг APT28 болон APT29 буюу "Advanced Persistent Threat" ("Сайжруулсан үргэлжилсэн цохилт") хэмээн нэрлэж байсан аж.

APT29 нэрийн дор явуулсан Оросуудын эхний халдлага АНУ-ын цахим хуудаснуудад хуурамч мэдээлэл илгээх замаар байгуулллагын ажилтнуудын цахим шуудангийн хаягийг олж авдаг байсан бөгөөд тэдгээрийн дотор засгийн газрын системийн болон судалгааны байгууллагууд, их сургуулиуд, үндэстэн дамнасн томоохон корпорациудын ажилтнуудын хаяг багтсан байжээ. Харин 2015 оны зун оросууд АНУ-ын улс төрийн нэгэн намын (илтгэлд намын нэрийг нууцалсан байна) цахим хуудсанд халдаж, ажилтнуудын цахим шуудангийн хаягийг олж авснаар хоорондын харилцааных нь бүх архивыг дэлгэж чаджээ.

Хоёр дахь удаад буюу 2016 оны хавар явуулсан APT28 халдлагаар хакерууд урьдын арга барилаа ашигласан бөгөөд цахим шуудангийн нууц үгээ өөрчлөх хуурамж мэдээлэл илгээсний дүнд зарим ажилтнууд уг өгөөшинд автсанаар намын чухал баримт мэдээлэл ил болсон байна. Америкийн тусгай албадын тайланд илтгэснээр, тэдгээр баримт мэдээллүүд дараа нь хэвлэл мэдээллээр тарсан аж.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн бүх л кампанит ажлын үеэр уг мэдээлэл WikiLeaks цахим хуудсанд нийтлэгдэж байсан бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоны сонгуулийн штабын  чухал баримт бичгүүд олны хүртээл болсон байна.

Гэвч Оросын хакерууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулын кампанит ажилд хөндлөнгөөс саад учруулсан гэх асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эсэргүүцэж ирсэн бөгөөд саяхан явуулсан оны төгсгөлийн хэвлэлийн их хурал дээр хүртэл энэ тухай мэдээллийг үгүйсгэж байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.