Дэлхий дахинд онцлох оны 10 үйл явдал

Twitter Print
2016 оны 12-р сар 28-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Нэг. Террор хядлага

2016 он гарсаар Европын цөөнгүй улс орон тухайлбал, Бельги, Франц болон Турк улсад олон хүний аминд хүрсэн террорист халдлагууд боллоо.

ОХУ-ын элчин сайд Андрей Карлов Туркийн нийслэл Анкара хотноо эмгэнэлтэйгээр амь эрсдэв. Орчин цагийн Оросын түүхэнд анх удаа элчин сайд амь үрэгдсэн энэ ноцтой халдлагыг үйлдсэн этгээд "Та нар хараа хамгаалалтгүй хөөрхий хүүхдүүдийг хөнөөж байгаа учир энд үхэх болно. Харин би эндээс зүв зүгээр гараад явна, өөр хүмүүст би аюул тарихгүй" гэж хашгирч байсан бөгөөд хожим тодорхой болсноор цагдаагийн ажилтан Мевлют Мерт Алтынташ гэгч этгээд байсан билээ. Хэргийн газрыг цагдаагийн тусгай хэлтсийн ажилтнууд бүсэлсэн байсан бөгөөд тусгай ажиллагааны үеэр гэмт этгээд алагдсан байна.

Арванхоёрдугаар сарын 19. ХБНГУ-ын нийслэл Берлин хотын төвд гаргасан зул сарын зах дээр цугларсан олон рүү Тунисын гаралтай Анис Амри хэмээх алан хядагч ачааны машинаар дайрсны улмаас 12 хүн амь үрэгдэж, 48 хүн шархадсан бол Италийн Сесто-Сан-Жованни хотод түүнийг  зугтан очоод байхад нь арванхоёрдугаар сарын 23-ны өдөр устгасан билээ.

Долдугаар сарын 14. Франц Улсын Үндэсний баяр болох Бастил цайзыг эзлэн авсны баярын өдөр Ницца хотын тэнгисийн эрэг дагуух гудамжинд ёслолын буудлага  хийх үед цугласан олныг  ачааны тэрээр дайрсны улмаас 80 гаруй хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархадсан халдлага гарсан билээ. Энэ халдлагыг Тунис гаралтай, Францын иргэн, 31 настай Мохамед Лахуайеж Булел гэгч үйлдсэн байлаа.

Энэ оны гуравдугаар сарын 22-ны өглөө Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудал болон метроны буудалд “Лалын улс” бүлэглэлийн амиа золиослогчид гурван удаа дэлбэрэлт үйлдэхэд 32 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан билээ.

Тэрчлэн зургадугаар сарын 28-нд Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага болсны улмаас 45 хүн амь үрэгдэж, 230 гаруй хүн шархадсан юм.

Хоёр. Латин Америк дахь эргэлт

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон "ФАРК" /Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин/ босогчдын бүлэглэлийн ерөнхий командлагч Тимолеонт Хименес нар энэ оны есдүгээр сарын 26-нд Картегана хотод энхийн гэрээнд гарын үсэг зурснаар тус улсад 52 жилийн турш үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болсон юм.

Сөргөлдөгч талууд Кубын нийслэл Гавана хотод дөрвөн жилийн турш хэлэлцээ хийсний эцэст уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээнд хөдөөгийн хөгжил, улс төр дэх "ФАРК"-ийн оролцоо, зөрчил мөргөлдөөнд цэг тавих, мансууруулах бодис хууль бусаар наймаалагчидтай тэмцэх болон хохирогчдод нөхөн төлбөр олгох гэсэн таван зүйл заалтыг тусгажээ.

1960-аад оны үед газар өмчлөх эрхтэй холбоотойгоор бослого гарснаар Колумбын Засгийн газар болон "ФАРК" бүлэглэлийн хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянган хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дайжихад хүргэсэн байна.

Иргэний дайныг зогсооход гаргасан хүчин чармайлтыг нь үнэлэн Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг энэ оны Нобелийн Энх тайвны шагналтнаар тодруулсан билээ. Тэрбээр уг шагналыг дагалдуулан олгодог 8 сая крон буюу 925 мянган долларыг иргэний дайнд хохирсон хүмүүст хандивлахаа мэдэгджээ.

Гурав. АНУ-Кубын харилцаа тавин жилийн дараа сэргэв

Кубатай харилцаагаа хэвийн болгохын тулд хүчин чармайлт гаргана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны 12 дугаар сард мэдэгдсэнээс хойш хоёр орны харилцаанд алгуур боловч дэвшил гарсаар байна.

Энэ оны гуравдугаар сарын сүүлчээр Б.Обама Кубад түүхэн айлчлал хийсэн юм. Хоёр орны хооронд хэдэн арван жилийн турш үргэлжилсэн дайсагналыг бий болгосон 1959 оны хувьсгалаас хойш АНУ-ын Ерөнхийлөгч Кубын нутагт анх удаагаа хөл тавьсан нь энэ байлаа. Б.Обама Кубын төрийн тэргүүн Рауль Кастротой уулзаж, худалдаа болон улс төрийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцээ хийжээ.

АНУ-Кубын харилцааг сэргээн бэхжүүлэхэд хүний эрх болон ардчиллын талаарх санал зөрөлдөөн саад тотгор болсоор байна гэж Обама мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Кубын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах боловч бүрмөсөн цуцлах эсэх нь санал зөрөлдөөнөө хоёр тал хэр богино хугацаанд даван туулахаас шалтгаалах ажээ.

Кубын удирдагч алдарт Фидель Кастро 90 настайдаа таалал төгсөв. Ф.Кастро Кубын Батистагийн дэглэмийг унагаахын тулд хувьсгалт тэмцлийн замыг сонгож, Кубын хувьсгал 1959 оны нэгдүгээр сарын 1-нд ялжээ. Хувьсгал ялснаас хойш Куба ба АНУ хоёрын хоорондын харилцаа эрс муудаж, хоёр орон дипломат харилцаагаа тасалж, АНУ тусгай хууль гарган Куба Улсын эсрэг олон жилийн турш цогц хориг арга хэмжээ авч ирсэн юм.

1962 онд тэр үеийн ЗХУ болон АНУ-ын хоорондын харилцаанд Карибын хямрал нэртэй хурцадмал байдал үүссэн нь ЗХУ АНУ нь 1961 онд Туркийн нутаг дэвсгэрт дунд тусгалын пуужин байрлуулсаны эсрэг арга хэмжээ болгон, мөн Кубын нөхдийн хүсэлтийг ханган Кубын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулсантай холбоотой гэж тооцогддог. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди, ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущев нар Карибын хямралыг дайн дэгдээлгүй давж чадсанаар хүн төрөлхтнийг цөмийн дайны аюулаас аварсан гэж үзэж болно. Карибын хямралыг гэтлэхийн тулд хоёр тал хэд хэдэн чухал асуудлаар тохиролцсоны нэг нь АНУ Куба руу дайрахгүй гэсэн баталгаа өгсөн явдал юм.

АНУ Куба руу дайраагүй ч Ф.Кастрогийн амь насанд халдах ажиллагаа нийтдээ 638 удаа болсон гэж үздэг.

 Ф.Кастрогийн бие 2006 онд огцом муудсан учир тэрээр эмчлүүлэх шаардлагатай болж, албан үүрэг, эрх мэдлээ өөрийн төрсөн дүү Рауль Кастрод шилжүүлэн өгсөн юм.

Дөрөв. Зуны Олимпийн тоглолт

Наймдугаар сарын 5-наас 21-ний өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод Зуны Олимпийн 31-р их наадам болж өнгөрлөө. Энэхүү Олимпийн их наадамд Оросын Холбооны Улсын шигшээ багийн олон тамирчдыг, тухайлбал хөнгөн атлетик болон хүндийн өргөлтийн багуудыг бүхэлд нь сэргээш хэрэглэсэн гэдэг шалтгаанаар оруулахгүй байхаар шийдвэрлэсэн нь Олимпийн хөдөлгөөний түүхэнд урьд өмнө гарч байгаагүй их хэрүүл маргааныг дэгдээлээ.

Бразилчууд Бразилийн эрх баригчид Олимпийн их наадмыг зохион байгуулах нэрийдлээр их хэмжээний хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн, Бразилийн хээл хахууль тэнгэрт хадсан зэрэг шалтгаанаар эсэргүүцэл илэрхийлж, олон мянган хүнийг хамарсан томоохон жагсаал цуглаан Сан Пауло болон Рио де Жанейро зэрэг Бразилийн том хотуудад болов.

АНУ-ын алдарт тамирчин, усанд сэлэгч М.Фелпс Риогийн Олимпийн их наадамд амжилттай оролцож, Олимпийн их наадмуудад оролцохдоо нийт 23 алтан медаль авсан амжилт үзүүлж, хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин болж нэрээ түүхэнд бичүүлэв.

Есдүгээр сарын 7-нд Рио де Жарейро-д Паралимпийн тоглолт нээгдэж амжилттай зохион байгуулагдлаа.

Тав. АНУ-ын 45 дахь шинэ ерөнхийлөгч

АНУ-ын -рөнхийлөгчийн сонгуульд Бүгд yайрамдах намаас нэр дэвшсэн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон ялагдсан нь олон хүний санаанд ороогүй гэнэтийн явдал боллоо. Доналд Трампын ялалт АНУ-ын дотоодод төдийгүй дэлхий даяар улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт авчирах эхлэл тавьлаа.

Хууль бус цагаачдыг улс орноосоо хөөн гаргаж, терроризмоос сэргийлэх үүднээс лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх, ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэрээр гаргаж буй асар их зардлыг танах, Номхон далай дамнасан хамтын ажиллагааны гэрээнээс улс орноо гаргах зэрэг амлалтуудыг өгч байсан тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.

Зургаа. Төрийн эргэлт

Долдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Туркэд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарлаа. Дуулиант энэ хэрэг явдлын үеэр тус улсад 300 гаруй хүн алагджээ.

Тэр үед Туркийн баруун өмнөд хэсэгт байдаг Мармарис хотноо амарч байсан Ерөнхийлөгч Рисеп Таюп Эрдоган Туркийн CNN-телевизэд утсаар дамжуулан ярилцлага өгч Туркийн ард иргэдэд хандан төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг дэмжихгүй байх, гудамж талбайд олноороо гарч эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан байна. Хүмүүс Эрдоганы уриалгыг дэмжин томоохон хотууд, ялангуяа Стамбул хотын гудамж талбайд хэдэн мянгаараа гарч төрийн эргэлтийг эсэргүүцжээ. Ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан тул төрийн эргэлт хийх гэсэн этгээдүүдийн эр зориг суларч, удалгүй төрийн эргэлт дарагдав.

Ерөнхийлөгч Эрдоган төрийн эргэлт гаргахыг завдсан хүмүүсийг хатуу шийтгэх тушаал өглөө. Энэ хэрэг явдлын дараа Турк Улсын дотоод нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы гарт эрх мэдэл төвлөрөх үйл явц түргэсэж, их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг санагдуулсан үйл явдал Туркт өрнөж эхэлсэн юм. Эрдоган Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээн хэрэглэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв. 6000 мянга гаруй хүнийг баривчилж, мянга мянган хүнийг ажлаас нь халав. Энэ бүхэн нь Барууны орнууд, олон улсын хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэл, шүүмжлэлийг араасаа дагуулав.

Ерөнхийлөгч Эрдоган төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын ард АНУ-ын Пенсильвани мужид олон жил суурьшин амьдарч байгаа шашины зүтгэлтэн Фетулла Гүлен байгаа хэмээн мэдэгдэж, түүнийг Туркт шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардав. АНУ хариуд нь түүнийг төрийн эргэлт хийх гэж оролдсоныг нотлох баримт байсан цагт шилжүүлнэ гэж ам хаасан  билээ.

Туркийн засгийн газар Гүлений хөдөлгөөнийхний Туркт болон дэлхийн олон улс оронд байгуулсан сургуулиудыг хаахыг гадаад улс орнуудын засгийн газарт уриалсаар байна.

Долоо. Их Британи Европын Холбооноос тусгаарлагдав

Энэ оны зургадугаар сарын 23-нд явуулсан бүх ард түмний санал хураалтаар Их Британийг Европын Холбооноос гаргах асуудлыг 51,9 хувийн санаалаар тэргүүлж, тус улсыг ЕХ-ноос гарахаар шийдсэн анхны улс болсон юм.Санал хураалтын дүнгийн зөрүү бага байсан ч Их Британийг Европын Холбооноос гаргахыг өөрөө дэмжихгүй байсан Ерөнхий сайд Дэвид Камэрон Санал хураалтын дүн бодож байснаас нь эсрэг гарсан тул хариуцлагыг үүрч албан тушаалаасаа огцорсон байна. Түүний оронд Британийг Европын Холбооноос гаргахыг дэмжих байр суурь баримталж байсан Тереза Мэй Консерватив намын гишүүдийн саналаар Их Британийн дараагийн Ерөнхий сайдаар сонгогдон томилогдлоо. Ийнхүү М.Тэтчерээс хойш олон жил өнгөрсний дараа Их Британийн Ерөнхий сайдаар ахин эмэгтэй хүн ажиллахаар томилогджээ.

Найм. Уур амьсгалын өөрчлөлтөд анхаарсан Парисын хэлэлцээр

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр боллоо.Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр 190 гаруй улс болон засаг захиргааны тусгай бүсийн оролцоотойгоор байгуулсан билээ.

Энэ хэлэлцээрийн хүрээнд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг аль болох богино хугацаанд багасгах, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэх зорилт тавьсан юм.

Ес. Солонгосын хойгийн хурцадмал байдал хориг арга хэмжээнд хүргэв

Умард Солонгосын эрх баригчид цөмийн бөмбөгнөөс хэд дахин илүү хүчтэй устөрөгчийн бөмбөг туршиснаа зарласан даруйд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдаж, тус улсын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг арваннэгдүгээр сарын 30-нд баталлаа.

Уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улсууд БНАСАУ-аас жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь одоо тус улсаас импортолж байгаа нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг. Мөн мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлохыг хориглосон байна.

БНАСАУ-ын удаа дараагийн энэхүү аюултай алхам даян дэлхий, Ази тивийн тогтвортой байдал, энх тайвны үйлсэд ноцтой аюул занал учруулж байгаа учир НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өөр ямар ч улсын эсрэг ийм хатуу хориг арга хэмжээ авч байгаагүй билээ.

Арав. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцров

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хэ дотны найзынхаа уршгаар авлигын хэрэгт холбогдож, дуулиан шуугианд холбоотой гэж прокурорууд мэдэгдсэний дараа Өмнөд Солонгосын парламент Пакт итгэл үзүүлэх эсэх асуудлаар 12 дугаар сарын 9-нд санал хураалт явуулж, түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүллээ.

Тус улсын парламент болох Үндэсний Ассамблейн 300 гишүүний 234  нь Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг дэмжиж, 56 депутат эсэргүүцсэн санал өгсөн бол 2 депутат түдгэлзэж, 8 саналын хуудсыг хүчингүйд тооцжээ.

Одоо тус улсын Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэхийг 180 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тус улсын Ерөнхий сайд Хван Кё Ан ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.229.120.82) 2016-12-29 06:12
      • 0
      • 0

      Баярлалаа, гоё мэдээлэл өглөө

      Хариулах