2016 оны онцлох юмс: Халзан ч гэсэн хаа очиж шазруун юм байгаан

Twitter Print
2016 оны 12-р сар 28-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Шинэ жилийн мэнд хүргэх хүнээ ч харахгүй өөр хүнтэй гар бариулаад энэ утаа нээрээ алжийнаа. За яахуу цалин цагаан утаагаараа эхлээд бэлгэ дэмбэрэлтэй ч юмуу.

Эргээд харжаахад дурсамж хөглөөд, онцгой шилдэг юмнуудаа тэмдэглэж авах ер нь хэрэгтэй лд.


 

Оны амь бие үл хайрлан эх орондоо зүтгэсэн хүн

Үргэлж хамгийн олон хүн өрсөлддөг номинаци бол энэ. Сонгуультай жил бүр хэвлэлийн бага хурал зарлаж байгаад эх орныхоо төлөө хуруугаа огтлох шахдагсан. Сонгууль дуусаад ч олигийн юм болсонгүй. Жишээ нь Гадаад хэргийн сайд улаан гараараа цэцэрлэгийн хана шохойдож байгаад зурагаа даруулчихсан. Гэхдээ бүх цаг үеийн эх орончдын оролдлогууд энэ л 12 сард сүйрэх ёстой байж. Учир нь Улаанбаатар хотын нэгэн орлогч дарга дусал хийлгэнгээ ажлаа хийж байгаад санаандгүй зурагаа авахуулцан нь сонин дээр гарсан юм. Ингэснээрээ тэрээр бараг баатар Аюушийг давтаад зогсохгүй амь бие хайргүй хүний шинэ дүр төрх, нэгэн шинэ хуудсыг нээлээ. Одоо бусад дарга нар хурал даргалангаа бие засч, мухар олгойгоо хайчлуулж байхдаа ярилцлага өгч байгаа зургууд хөврөх байх. Санаандгүй авахуулцан зургууд.

Орлогч: Энэ одоо хүмүүс намайг ажлаа таслаад байхаар нь Хотын дарга уяад явцан байна гэж бодох вийдээ

Оны эргэн ирэлт

Орос үлгэрийн нэг нь нөгөөгөөсөө сайхан хэдэн ч хүүхэн гэдэг билээ, тэрэн шиг манай улсад “намайг хар даа” гэдэг үйл явдал давтагдахдаа өмнөхөөсөө үргэлж илүү байдаг жамтай. Нодлинхон л Хүрэлсүхийг гитар бариад гараад ирлээ гэж байсан бол Гүндалай маань дуулжээснаа гэнэт туулай шиг үсэрч гарч ирээд нум сум харвацан. Хэдэн жил чимээгүй байсан тэрээр турник дээр өлхөн 100 суниадаг болчихсон байсан. Улстөрийн факт л юм даа. Бас Монголын хаана ч очоод машинаасаа цухуйнгуутаа газар олгодог болцон байсан.  Өөрийгөө дор хаяж Доналд Трамптай зүйрлэдэг болсон. 

Одоо үхсэн хүн босч ирдэггүй л юм бол хэн ч Гүндалайгаас илүү эргэн ирэлт хийнэ гэж байхгүй.    

Оны гурвантаа чацга царайлсан хүн

Мөн л Гүндалай маань ийм царайтай хүнээр тодорлоо. Ард түмнээ хайрлы намын дарга тэрээр гэнэт Ардчилсан намд элсэх өргөдлөө өгөв. Үнэндээ ард түмэн түүнээс “АТ нам АН-ыг өөртөө нэгтгэх талаар хэлэлцээр хийж байна...” маягийн юм л хүлээж байсан шүү дээ. Гэтэл өргөдөл өгч анхны царайгаа олов. 

Гэтэл муу дээр муухай гэгчээр АН-ын генсек Эрхэмбаяр “намдаа авахгүй!” гэдгээ түс тас хэлсэн. Өргөдөл өгөгч маань ийнхүү газар дээрээ хоёр дахь царайгаа хүртлээ. 

Гэтэл нөгөө Эрхэмбаяр нь сая “би АН-д элсэе гэсэн хүн бүрийг элсүүлж байгаа” гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Яаж байгаам бэ, Гүнээ хүн бишиймүү? Тэрээр ийнхүү гурав дахь удаагаа чацга царайлав.

Эрхэмбаяр нь ч эрхэмбаяр. Намд нь оры гэсэн болохоос ямар ор луу нь оры гэсэн биш, авч л хэвтэнэ биз. 

Оны бүх гишүүд нь нэр дэвшсэн нам 

Энэ бол Ард түмнээ хайрлая нам. Өнгөрөгч УИХ-ын сонгуульд тус намын гишүүд 100% нэр дэвшсэн бөгөөд тэдгээр нь Намын дарга (бас л Гүндайлай шүү дээ. Эргэн ирэлтийг ингэж л хийж байя. сурв), намын даргын эхнэр (генсек нь гэхийм улсууд. сурв), намын даргын эхнэрийн аав (аль нэг фракцийнх нь тэргүүн байх магадлалтай. сурв), намын даргын эхнэрийн ээж (эсрэг фракцийн толгойлогч байх. сурв) дөрөв юм. 

Намын дарга: Би хаана ч хэлнэ! Монголд өөр ингэж нэг намын бүх гишүүдийг багтааж авдаг апраадтай хүн байхгүй!

Оны андуурсан поопрол

Олимпийн үеэр манай тамирчин бараг авчихсан медалиа хэдхэн секундэд өөрөө алдчихсан юм. Хоёр багш нь уураа барьж дийлэлгүй  хувцаа тайлан шидэж шүүгч нарыг эсэргүүцлээ. Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоог хоёр жилээр юунд ч оролцохыг хориглоно гэв. Монголчууд байдгаа баран чармайж, мөнөөх хувцсаа тайлагч хоёрыг хэсэгтээ холбоонд ажиллахыг хүртэл хориглон байж ДЧБХ-ноос албан ёсоор уучлал хүслээ. Хамгийн муйхар эх оронч хүртэл үүнийг зөвшөөрөхдөө тулав. Гэтэл гэнэт Эби ерөнхийлөгч зурагтаар гарч ирээд мөнөөх дасгалжуулагч нарыг бөхтэй нь хамт дуудаж учиргүй өмөөрдийн. Олон хүн гайхав. Учир нь поопрох дуртай улстөрчдийн үндсэн стийл нь хүмүүс юу руу ханарч байна тэрийг нь гэнэт ярьж гарч ирдэг. Гэтэл энэ дээр эсрэгээр байсан төдийгүй МЧБХ-нд хор уршигтай байлаа..

 

Ерөнхийлөгч маань сүүлийн хоёр гурван хоногийн жиргээ уншаагүй байсан байх.

Оны хамгийн чухал ажил

Хамгийн хамгийн чухал ажил сонгуулийн дараа өрнөдөг жамтай. Учир нь Монголын шинэ эрх баригчид сонгогдонгуутаа хамгийн түрүүнд, бүр шүдээ зууж байгаад, нэхэл заналтайгаар өмнөх эрх баригчдынхаа тарьсан модыг сугалж, зурсан зургийг баллуурддаг юм. Фобия ч байж магадгүй. Өмнөх нь хүн эмчилсэн бол шинэ Засгийн газар түүнийг нь заавал ална. Ямар сайндаа долларын ханшийг буулгана гэчээд өсгөөд байгаа биз дээ. Яагаад гэвэл өмнөх засаг нь бас буулгана гээд байсан юм чинь.

Энэ жилийн хувьд хамгийн чухал ажил бол төв талбайн нэрийг сольсон явдал байлаа. Улс тунхагласан баярыг сэргээсэн нь үүний дараа орно. Үнэндээ энэ хоёр зүйл ард түмэнд юугаараа ч падгүй. Харин татварынх нь мөнгө баахан юман дээрх нэр солих, баяр тэмдэглэх зэрэгт яваад байгааг анзаардаггүй нь зол юм даа.

Аа зүгээр улсын ядуурал, дооллорын өсөлт дээр бол Монгол төрийн залгамж халаа үнэхээр найдвартай.

Оны салбар олдохгүй байгаа шилдэг хүн

Монголын дарга нар гадааддаа айлчлаад, мөнгөө гуйгаад явжээсэн энгийн л явдал. Гэхдээ бид хүнийг ойлгох ёстой. Хэрэг эрхлэхийн Мөнхбат пээдийсэндээ гараа кармаандаа хийгээгүй байж болно шүү дээ. Түүний кармаанд цавуу байж таараад наалдцан байж болно. Гараараа винегрет идээд улаан болгоцон байж болно. Боов нь даарсан байж болно. Ховор хорхой олоод кармаалцан байж болно. Юутай ч тэрээр оны ямар нэг юмаар тодрох л учиртай хүн. Гэхдээ салбар нь олдохгүй байна.  

Энэ хүний нэр дэвшээд ялж буй оны шилдэг салбарыг нь юу гэх юм бэ! Оны гараа кармаалагч гэлтэй биш. Эсвэл оны гар баригч гэдиймүү. 

Оны багийн ажиллагаа

Манайхан тэр нэг эгчийг арабуудын дунд нүцгэн шалдан суулаа гээд нэлээн хатуу шүүмжилж байна лээ (ядуу арабууд байсан бол ч яая гэхэв). Ер нь гэхдээ тэрийг багийн ажиллагаа байсан байж магад гэж би бодоод байгаан. Жишээ нь эгч нүцгэн хөлтэй ороод яг урдаас нь хараад сууна. Монголчуудын том дарга нь арабтай үг өдөж эхэлнэ. Араб хөл рүү харангаа ярьж эхэлнэ. Яг мөнгө гуйжаагаа өгүүлбэр дээр эгч өвдгөө салгалаа, араб “тэгий!” гэж дуу алдлаа. Мэдээж бүх яриаг нь монголчууд бичээд авчихна. Ингээд нэг Халал бонд босгож байгаа юм. Тэхээс нээх арабад тэгж шалдагнаад явах мэдрэл муутай хүмүүс бишишдээ бид нар чинь. 

Эгч бодно: Дараагийн удаа Энэтхэгт очиж үхрийн сээр чанаж иднээ...

Оны хүлээлт үүсгэсэн дарга

Тоо агуулсан олон ч юм байна даа. 5 үг солий нтр гээд уулзахад хүртэл математикжсан. Гэхдээ урьд хожид бид нар цас тоолж байсангүй. Хотын шинэ дарга цас арилгаагүйгээ тайлбарлахдаа “энэ чинь 13 удаа орчихоод байна” гэж хэлсэн. Тэр нь тийм их ороод байна гэсэн үгүү эсвэл муу ёрын 13 гэсэн үгүү гэдгийг хотынхон сайн ойлгоогүй байхаа. 13 ширхэг цас унасан байна гэж байхгүй. Одоо нийслэлчүүд цас орох болгонд 14, 15 гээд тоолдог болчихлоо. 16 дахь цасыг ид хүлээж байна. Зорилготой амьдраад ч байгаам шиг санагддаг боллоо. Заавал баасан гаригийг хүлээхгүйгээр цасны тэгтэй тоон дээр ямар нэг юм болдог болы л доо. 20 дахь цас орж байшдээ, яахжийнэ? гэж мэгээд, хотын соёл шдээ.  

Хотын дарга: Хавар болтол нэг дөчөөд удаа орчих байхаа үэхэхэ...

Оны мартамхай гишүүн

Ц.Нямдорж гуай хэзээний л (гэснээс Морган Фриман энэ хоёр хэдтэйм бэ. Аль жоохон байхын л ийм царайтай байсан, ерөөсөө өөрчлөгдкүйн) чанга, шударга үнэний эталон шахуу хүн дээ. “Баримттай ярьжийшүү! Би гаргаж тавина!” гэдэг үг нь олон ч аавын хүүгийн зүрхэнд шар ус хуруулж байсан биз. Гэвч баримтаа дэлгэсний нь үзсэн хүн байна уу гэхээр бие бие рүүгээ хараад суучаад байгаан. Хамгийн сүүлийн жишээ, Эрдэнэт дээр алаад хаях нь дээ гэтэл яаж эхэлсэн шигээ л гэнэт дуусчихсан. Алтан загасны ой нэг секунд гэдэг шиг Нямка даргын ой 2 юмуу 3 долоо хоног байж магадгүй л, тэхээс баримт бол байгаа лд.

 

Ц.Нямдорж: Би баримтаа мартсан байна. Мөн биз?

Оны монголчууд 

Тэр нэг мисс охин олон улсад өрсөлдөхөөр болж монголчуудаасаа онлайн дэмжлэг хүсэв. Хуйлардгаараа л хуйларлаа манайхан. Ямар хацар гоо болох, ямар ухаантай сэргэлэн болох тухай минут тутам, секунд тутам шагшлаа. Гэтэл өнөөх нь гадаад найз залуутай болох нь илэрчихэв. Амаа ардаа гартал шагшин магтаж байсан хүн бүр яг тэр толгой дараалан харааж эхэлсэн. Хөхөөтэй цагны годил шиг манайхаан гэж. Савладаг хугацаа нь ч гэсэн. 

 

Монголчуудад юм дуулгаад ер нь дэмий

Оны Бумаанууд

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлах гэж манай хэдэн гишүүд хөгөө хөлдөө чирэв. Гү зүгээр гэртээ битий хүн зод, хүүхдээ битий зод, битгий дарамтла л гэсэн хууль л даа. Тэгсэн нөгөөдүүл чинь хэрэлдээд долоо хоночдын. “Гүэ би юу гэж эхнэрээ зодхов дээ, гэхдээ заавал ийм хууль батлах хэрэг байна уу даа” л гэлцсэн юмдагуу даа. Гүэ би маарамбад үзүүлэх гэсийн бишээ гээд байдаг Бумаа шиг хөөрхөн.

Өрнөдийн хууль байна гэж бяр чадалтай аварга арслангууд нь ундууцаад байсан. Гүэ тэр өрнөдөд  чинь л хүн физик чадлаар илүү нь дутуугаа зодож чаддаггүй ганц хяслантай газар шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль бол хүүхэд эмэгтэйчүүдийн диваажин. Гэхдээ гишүүд маань л хүсэхгүй бол тэд маань жаргахгүй.

Нямдорж: -Чи эхнэрээ хааяа гөвшинө биз? 

Оны дэлхийн энтэй улстөрч

Дархан аварга Сүхбат гишүүн маань Туул гол ярьжээлүү яалаа, нэг мэдсэн чинь “...тэгээд одоо ингээд байгаль нуур ороод, тэгээд цаашаа хойд мөсөн далай хордох гээд байна!” гээд явчиж билээ.

За байз маргаашийн аривсаан... гэснээс хойд мөсөн далайгаас цаашаа хаачдым болоо?

Оны шилдэг 99 улстөрч

Би ч энэ дээр юугаа ярихав дээ, угаасаа сонин болгон шалгаруулдым чинь. Шалгарахаар нь л хамтдаа хары. Дампуурал, сүйрэл, бүтэлгүйтэл, эмнэлгийн шалан дээр унтах хүүхдүүд, төрд нүүрлэсэн хулгай, дээрэм, утаа, дэлхийгээр нэг шившиг болдог “дипломатууд”.... энэ бүхнийг оройлон хийсэн 99 эрхмийг бид өнөө маргаашгүй харах байхаа. 

 

Жил бүр мөнгө зөнгө төлөөд энэ шалгуурт орох гэж зүтгэдэг хүмүүс цаашаа хараад зогсжийнэ

Оны нэр дэвшилт

Ардчилсан намын таван гишүүн даргын сунгаанд орж буй. Нийт 25 сум барьсан (25 л байлгүй дээ) таван эрийн зураг сошлоор тарав. Хүйтэн зэвсэг барьсан эрчүүд хар сэр дүүрэн нүдээр нэгнээ харсаар зурагаа даруулж байгаа нь нүдэнд харагдаад байгаан.

Зургийн зүүн гар талд Эрдэнэ ван заларчээ. Мань хүнийг би “Та яагаад албан тушаал урвуулаад хүүдээ байр аваад өгцийн?” гэдэг сурвалжлагчийн асуултад “эцэг хүн хүүхдээ бодох нь зөв биз дээ” гэж хариулснаар нь сэтгэлдээ мөнхөлж ийм л хүн юм даа гэж бодох болсон.

Түүний зүүн гар талд Эрдэнэбат дарга зогсчээ. Хаа очиж шазруун юм шиг байгаан, халзан л болохоос. Дооллор мянга... гэж л нэг буруу гарчигтай ярилцлага өгсөн хүн дээ.

Түүний удаад Лу.Гантөмөр зогсов. Яамны сайд болоо л  сураг алдарч билээ. Залуу гэхэд хөгшин хүн шиг залуу, тэгээ л нэг амьсгалах төдий...

Дөрөвт нь мань Батзандан. За мэдкү мэдкү. Арай хүүхүүдтэйгээ тэгж нүдээ гялалзуулаад хоолойгоо шахаж орилоод байдгүй байлгүй дээ л гэж боддын.

За жагсаалын түгжээнд Алтанхуяг дарга зогсжээ. Хүн ажилд авдаг шалгуур нь биш юмаа гэхэд нийлж юм хум хийх шалгуур нь “заавал миний хамаатан байх” гэж байдаг болуу гэж боддог. Эднийхэн АТГ-ын үүдэнд ургийн баяр хийлээ. 

Зурагчин: Заа авлаа шүү, дагаад хэлээрэй “нөхөр шорлогдоо!”. 

Оны дүүргийн дарга

Базарваань, бас л Халхын дөрвөн хошууны ноён шиг шдээ Дүүргийн дарга гэдэг чинь. Та нар Сонгинын даргын солиотой үгийг сонссон уу? Би соошлоор яваад байхад нь л харлаа. Утаан дунд бид нар өөрсдөө буруу амьсгалаад байгаам байна лээ. Хүүхдээ өргөөд явахгүй байж утаа мутаа гэдэг ер нь бид нар хэн юм бэ! Мань Дүүргийн дарга нэгэн цагт нохойны хөшөө бариад гэмт хэргээ бууруулцан Батзориг даргаас лав дуткуэ! Хойтон яахыг нь хүлээж байя даа.

Жилийн жилд л нэг ийм ярьж байгаа юмандаа хордцым болуу гэмээр гарууд гарч ирэхийм. Гомо яриул гомондоо, гал тахиул галандаа. Энэ хүн жишээ нь утаандаа хордчихсон байх.

Оны хөлөө олохгүй байгаа явдал

Ёстой паакталж өгсөөн хөөрхий, Засгийн газар. Тэнд ч нэг нь хар ухаантайн шалгуураар сайд болж, энд ч нэг нь лам авчирч яаман дээр хурал хуруулаад. Тэгснээ хамтын тэтгэврийн сангийн хуулийг “эмгэн нь өвгөнөө үхээсэй тэтгэврий нь авахым сан гэж бодож таараа” ч гэжаах шиг. “Монголчууд талийгаачийнхаа тэтгэврийг юу гэж авахав дээ, муу ёр” ч гэх шиг.  Цасаа ч тоолжаах шиг, бодлогын хүүгээ буулгаж доллартай тэмцсэнээ 2 сарын дараа тэр хүүгээ өсгөж тэмцээд ч байх шиг. Гадаад айлчлал нь ганзганд явж байгаам шиг нтр. Гү тэгээд хөөрхөн хөлөө олох л вайх л даа 

Ерөнхий сайд: Ахиад  тэнэг юм хийвэл алышүү та нарыг!

Оны муриулсан хүн

Бүхэл бүтэн их хурлын гишүүн болоод, бүр морио харуулын гэдэснээс уяж орхиод, ташуураа бариад ороод ирсэн хүнийг бусад нь муриад хурлаа хийгээд байвал яах уу? Нэгийгээ муриад 75 уусан гэж сонсож л байсан, 75 нь нэгийгээ мурисан тохиолдол харин анхных байхаа.  

Жавхлан гишүүн одоо чуулганаа олоод сууж байгаа ч гэсэн нөгөөдүүлийгээ хардсаар байгаа байх. Зөвхөн гишүүн л мэдэхгүй коодлогдсон яриагаар бусад нь ярьж бариад. Жишээ нь шал өөр хууль ярьжээснаа гишүүнийг ороод ирэнгүүт спикер хоолойгоо засч дохио өгөө л, бүгдээрээ Өлөн шээсний экспортын тухай хууль ярьж байгаам шиг царайлдаг ч юмуу. Тоглоом биш, нээрээ тэгдэг байвал яанаа!

Аль тэр зугтаагаад байгаа нөхөд хаа вайна!

Оны шалтгаан

Базарваань, урьд хожид ийм мундаг шалтгаан байсан ч юмуу гүй ч юмуу. АН-ын Алтанхуяг дарга Ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байгаагийнхаа шалтгааныг “Ард түмнээ хамгаалахааар!” гэж тайлбарласан. Гэтэл ард түмэн нь нэгэн рүүгээ гайхаж харснаа “хамаатнуудаа хэлж байгаам болуу” гэлцсэн гэх.

 

-Та нар зүгээр л сайн бод! 
-Юу бодохын?
-Бодож байгаагаа үргэлжлүүлээд бод!

Оны нууц

Эрдэнэтийн шуугиан газар аваад, улсаараа... за улсаараа ч юу байхав Нямдорж гуай тэр сахал Эрдэнэбилэг гэдэг хүнийг хайгаад хайгаад олж чадаагүй. Хүмүүс ч Нямдорж гуайг дуугай сонсонгоо бас нөгөөх нь гараад ирүүл царайгий нь харчих санаатай хараад байдаг. Байдгүй!

 

Сахал сахал гэсээр байгаад тэр хүнийг хүмүүс ердөө иймээр л төсөөлдөг болчихлоо.


Оны сайхан явдал

АСЕМ л даа. “Энэ дээр яаг чацга царайлна” гэж зовниж байсан олон хүний сэтгэл цэлмэсэн явдал болж тунчиг хөөрхөн зохион байгуулсан. Үүний хажуугаар бид чаднаа гэх өөдрөг монголчууд ч байсан. Бас чацга царайлаасай ч гэж хар амлан адгаж байсан ч монголчууд байлаа.  Дэлхийн олон орон Монголыг “сайхан газар байна лээ” гэж харах болов. “Өрөвдөлтэй, тэнэг хүмүүс биш л байна лээ шдээ” гэх өнцөг газар авсан. “Орчин үеийн орон байна лээ” гэлцсэн. Арга хэмжээ дууссан ч зөндөө зочид үлдэж Монголд хоргодон хэд хоносон. Зам сэлүүхэн, утаагүй ч байсан. Хотын захаар нь ногоон ягаан дээврүүд алаглаад л. Тэд “Монголын баячууд хотын захаараа хаус бариад амьдардаг” гэж бодсон байх. Энэ бүхэн ямар хамаа байх вэ, эрт орой засагдана. Улсын нэр л өргөгдлөө. 

 Нэг ч гэсэн юмаа магтая л даа хэдүүлээ

 

Нийтлэлч Артаньян
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.