Хөргөгч сонгохдоо анхаарах 5 зүйл

Twitter Print
2017 оны 08-р сар 13-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Хөргөгч бол хамгийн чухал цахилгаан хэрэгсэл гэж хэлж болно. Бидний хэрэглэдэг хоол хүнсий чанарыг алдуулахгүй удаан хадгалахын тулд өдөр бүр, хоногийн 24 цаг үргэлж ажиллаж байдаг. Бид нэг худалдан авсан цахилгаан хэрэгслээ олон жил чанар, хүчин чадлаа алдахгүй байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас бид ямар ч цахилгаан хэрэгсэл худалдан авахын өмнө багагүй зүйлсийн талаар мэдэх хэрэгтэй болдог. Иймд бид танд хөргөгчөө сонгохдоо анхаарах зүйлсийн талаар зөвлөгөөг хүргэж байна.

1.Өрхийнхөө хэрэглээнд тохируулах

Хөргөгчийн сонголт хийхэд хамгийн түрүүнд өөрийн гэр бүлийн хэрэглээнд тохируулах хэрэгтэй. Ам бүлийн тоо, ихэвчлэн ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг, хүнсээ хэр давтамжтай цуглуулдаг, ямар төрлийн тавиурууд байвал тохиромжтой гээд олон зүйлс үүнээс шалтгаалах болно. Ихэвчлэн хүмүүсийн хандлагаас харахад “Хаана хөргөгчөө байрлуулах вэ?”,” Ямар өнгөтэй байвал зүгээр вэ?” гэсэн зүйлсийг л бодож ирдэг. Гэхдээ хамгийн чухал анхаарах зүйл бол “Хөргөгч бол бидний хэрэглээ учраас худалдан авсан зүйлдээ тааруулах биш худалдан авахаасаа өмнө өөртөө таарсанг сонгох” юм. Тиймдээ ч олон гишүүнтэй ам бүл, цөөн гишүүнтэй ам бүлийн хэрэглээ эсвэл бүүр ганцаараа амьдардаг хүмүүсийн хүнсний хэрэглээ ялгаатай учраас хэрэглээндээ тохируулан худалдааны зөвлөхөөс өөрт тохирох хөргөгчийг санал болгохыг хүсээрэй.

2.Хөлдөөх ба хөргөх хэсгүүдийг хэрэглээндээ тохируулах 

Хөргөгч нь хөлдөөх болон хөргөх гэсэн 2 хэсэгтэй байдгаас гадна 1 хаалгатай, дээр доороо хаалгатай, 2 хаалгатай, 4 хаалгатай гэсэн сонголтуудтай. Мөн хаалга шургуулга шиг онгойлгодог, хаалганы тоо олон байх нь хүнснийг удаан хадгалахад тустай. Учир нь хаалга онгойх бүрт чийг алдах, температур хэлбэлзэх эрсдэлтэй тул хүнсний хадгалалтыг бууруулдаг. Мөн агаар сэлгэлт хөргөгчийн тасалгаа бүрт хийгдэж байвал хүнсний үнэр холилдохгүй, хөргөлтийн хэм тасалгаа бүрт жигд байх боломж бүрддэг.

Орчин үед бидэнд сонголт хийх боломж маш өргөн болсон өнөө үед та хэрэглээгээ хянаж, тооцоолж үзснээр гэр бүлдээ тохирох хамгийн төгс сонголтыг хийх боломжтой. Магадгүй танай гэр бүл махаа ихээр нөөцөлдөг бол хөлдөөх хэсэг томтой хөргөгч сонгох эсвэл бүр тусдаа хөлдөөгчтэй бол хөргөгчийн хөргөх хэсэг томтойг сонгох нь илүү тохиромжтой гэх мэт.

Бага насны хүүхэдтэй айл доороо хөлдөөх хэсэгтэй хөргөгчийг сонгохгүй байх, хүнсний ногоо, жимс хэрэглэхийг илүүд үздэг бол чийг хадгалалт сайтай, ногоо хадгалах тасалгаатайг сонгох гээд хөргөх, хөлдөөх хэсгийнхээ зохион байгуулалтад анхаараарай.

3.Моторын ажиллах хугацаа, Энергийн зарцуулалт

Хөргөгч бол тасралтгүй 24 цаг ажилладаг цахилгаан хэрэгсэл тул түүний моторын хүчин чадал, үйлдвэрээс гаргасан моторын баталгаат хугацаа мөн эрчим хүч, энергийн зарцуулалтын талаар мэдээлэл авах хэрэгтэй. Сүүлийн үеийн зарим хөргөгч энергийн зарцуулалт багатай A+, A++, A+++ гэх үзүүлэлттэй болсон. Энэ нь “energy efficiency index” буюу энергийн үр ашигт индекс өндөртэй бүтээгдэхүүн юм.

fridge.png

4. Тавиурын шийдлүүд

Технологийн дэвшил нь хүний хэрэглээг улам хөнгөвчилж өгсөөр байна. Тиймдээ ч хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөргөгчийн тавиураа хүссэнээрээ өөрчлөх, байрлуулах, хураах боломж гээд сонголтуудтай болсон. Түүнээс гадна бактери устгагчтай мөн чийг алдалтыг багасгаж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ илүү удаан хугацааны турш шинэ байдлаа хадгалах бололцоотой шинэ технологи, тасалгаатай болсон.

5. Ханын зузаан

Хөргөгчийн хэмжээг өндөр, өргөн, гүнээр тодорхойлдог. Хөргөгчийн өндөр бол 1.50 см-с авхуулаад 2.20 см хүртэл та өөрийн сонирхол үзэмжид тааруулан сонгох боломж ихтэй. Харин хөргөгчийн өргөн нь хаалганы тоо, зохион байгуулалтаасаа шалтгаалан 55см-с эхлээд 74 см хүртэл байдаг. Гүний хувьд тавилгад суулгадаг, суулгадаггүй, хаалгандаа ус шүүгчтэй, мөс гаргагчтай эсэхээс хамаардаг.

Тавилгад суулгадаг хөргөгчийн хувьд гал тогоог илүү эрх цэгцтэй, нэг бүхэл болгон харагдуулахад тусалдаг. Анх гал тогооны тавилгаа захиалахаасаа өмнө хөргөгчийн сонголтоо хийх нь танд илүү давуу талтай байх болно. Сүүлийн үеийн хөргөх технологи шингэсэн хөргөгчийн хана нимгэрч, доторх зай нэмэгдсэн ба чийг алдалтыг бууруулж, дотроо цантахгүй болсон тул та хуучин хөргөгчөө шинээр солиход сэтгэлд тань таны сонголт заавал нийцнэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.