Чуулгыг 1928 оны 10-р сарын 12-нд үүсгэн байгуулсан гэдэг. Тэр үед 12 хүнтэй хамтлаг анх удаа тоглосон аж. Одоо чуулга гоцлон дуулагч, эрэгтэйчүүдийн найрал дуучид, найрал хөгжим, бүжгийн хамтлаг гээд нийт бараг 186 хүний бүрэлдэхүүнтэй.

Тэд бүгд хөгжим, бүжгийн боловсролтой. Урын сандаа ардын дуу, оросын ба гадаадын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээл, дэлхийн шилдэг рок, поп хөгжим зэрэг 2000 гаруй бүтээлтэй.

Өнгөрсөн зууны 30-аад онд олонд түгсэн «Полюшко-поле» («Тал нутаг минь») дуу нь хамгийн алдартай.

Москвагийн хөгжмийн дээд сургуулийн профессор, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, хошууч генерал Александр Александров Армийн дуу бүжгийн чуулгыг зохион байгуулагч, хөгжмийн анхны удирдагч юм. Тэрээр хамтлагаа бүр 18 жилийн турш удирдсан байна. Александров бол Оросын сүлд дуулал болон «Ариун дайн» нэрд гарсан дууны зохиогч. 

Чуулгынхан дэлхийн 2-р дайны жилүүдэд байлдан дайтаж байгаа армид очиж 1500 удаа тоглосон байдаг. Урын санд нь байсан олон дуунаас тэр үед хамгийн их түгж, нэр алдар олсон нь «Славян бүсгүй үдэх нь» домогт марш бөгөөд энэ маршийн аяар дайчид фронт руу явцгаадаг байсан гэдэг.

Оросын армийн Александр Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулга Орос орон даяар болон Европ, Ази, Африк, Америкийн 70 гаруй оронд аялан тоглож, эх орныхоо болон олон улсын олон нэр хүндтэй шагналыг хүртэж байсан юм. Тэдний тоглолтыг дэлхий даяараа талархан хүлээж авч, «Калинка» орос ардын дууг нижигнэтэл алга ташиж, нулимс унаган хүлээж аваагүй дэлхийн нэг ч улс үгүй гэхэд хилсдэхгүй.

Эдүгээ 90 орчим жилийн гайхамшигт түүхийг бүтээсэн алдарт Александровын чуулгын 64 уран бүтээлчид, чуулгын захирал, уран сайхны удирдаач хошууч генерал Валерий Халиловын хамт онгоцны ослоор үрэгдсэнд Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.