С.Батбаатар: Гормоны гаралтай тариа үе мөчний өвчнийг хэзээ ч төгс эмчлэхгүй

Twitter Print
2016 оны 12-р сар 24-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Жил ирэх тусам залуужиж буй яс ургах өвчний талаар “Мөнх Оньч” эмнэлгийн үе мөч, дотрын эмч С.Батбаатартай ярилцлаа.

– Сүүлийн үед монголчуудын дунд яс ургах өвчин элбэгших хандлагатай болжээ. Энэ юунаас болж үүсдэг өвчин бэ. Үе мөчний өвчлөлтэй холбоотой юу, эсвэл өөр хүчин зүйлс байна уу?

– Сүүлийн үед үе мөчний өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Тэр дундаа ясны ургалт хүн амын дунд ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өвдөгний үений ясны ургалт нэлээд ихэссэн. Энэ өвчний шалтгааныг өмнө нь хоолойны ангинаас үүдэлтэй гэдэг байсан. Гэтэл сүүлийн үед зөвхөн хоолойн ангина гэлтгүй тухайн хүний амьдралын хэв маяг, ажлын байдал, өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс, хөдөлгөөний хомсдол зэргээс шалтгаалдаг болсон.

– Бусад үе мөчний өвчлөлтэй харьцуулахад насны хувьд ямар байна?

– Хуучин социализмын үед 60-70 настай ахмадууд хөл, гар өвдлөө гэхээр “Өө аргагүй, насных” гэдэг байсан. Уг нь тийм биш юм. Энэ бол бие даасан өвчин, бие даасан шинжлэх ухаан. Тиймээс ревматологи буюу үе мөчний өвчин судлал гэдэг салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Хуучин 55-аас дээш насныхан энэ өвчнөөр илүү өвддөг байсан. Тэр дундаа цэвэршилтийн насны эмэгтэйчүүд их өвддөг байсан. Харин сүүлийн үед залуус их өвдөж байна. Мөн ТЭЦ-4, ТЭЦ-3 гэх мэтчилэн хүнд хөдөлмөр эрхэлдэг 25-аас дээш  насны залуусын ясны ургалт нь 50-60 настай хүнийхтэй адилхан болчихсон байна.

– Хүмүүс “Миний хөлийн өсгийд яс ургаад гутал өмсөж болохгүй байна” гэдэг. Энэ ясны ургалт мөн үү?

– Мөн. Гэхдээ таны ярьж байгаа ясны ургалт цөөхөн тохиолдолд гардаг. Ихэвчлэн том үенүүдэд гардаг. Ялангуяа өвдөг нь дээр. Манай улсад өвдөгний үений ясны ургалт 80-90 хувийг эзэлдэг. 20-30 хувь нь нуруу, хүзүүн дээр ургана. Цөөхөн хэдэн хувь нь тохой, хөлийн эрхий хурууны хажуу тал болон гарын хуруун дээр ургадаг. Ясны ургалт тодорхой үе шаттай. Жишээлбэл, эхэн үедээ хуруун дээр болцуу шиг овойсон зүйл гардаг. Гэхдээ тэр нь яг яс биш байдаг.Дөнгөж үений шар ус нь гадагшилж байгаа эхний шинж тэмдэг юм. Энэ үед нь эмчилгээ хийлгэж, арга хэмжээ аваагүйгээс шингэн хэсэг нь шимэгдээд мөгөөрстчихдөг. Хэсэг хугацааны дараа хатуулаг үүсч, ясждаг. Ер нь жижиг үе буюу гар, хөлөн дээр яс ургах нь их ховор. Хүний нүдэнд харагдахгүй далд үе хооронд ясны ургалт гардаг.

– Манайд энэ чиглэлээр үзлэг, оношлогоо хийдэг хувийн болон улсын эмнэлэг цөөнгүй байдаг. Ер нь оношлогоо хэр байна?

– Монгол Улсын хэмжээнд үе мөчний чиглэлээр дагнасан эмнэлэг ховор. Мөн үе мөчөөр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч цөөхөн байна. Улсын клиникийн томоохон эмнэлгүүд бүх эрхтэн системийн тасгуудтай. Хоол боловсруулах, зүрхний, нүд, чих хамар хоолой гэх мэтчилэн олон тасагтай. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд улсын клиникийн эмнэлгүүдэд үе мөчний тасаг нээгдлээ. Тэгэхээр энэ хэмжээгээр ард иргэдийн дундах үе мөчний өвчний талаарх мэдлэг тааруу байна.  

– Тэгвэл ясны ургалтын томоохон хагалгаа хэр хийгдэж байна вэ?

– Зонхилон тохиолдож байгаагаар нь өвдөгний үений хагалгаан дээр ярья. Манайд өвдөгний үенд ургасан ясыг цэвэрлэх хагалгаа хийдэг. Гэхдээ үр дүн тийм ч сайн биш. Өвдөгний ясны ургалтыг I, II, III, IV үе гэж ангилдаг. Энэ нь нэг үгээр хэлбэл, ясны ургалтын зэргээр нь ангилж байна гэсэн үг. I, II үедээ ямар ч хагалгааны заалтгүйгээр эм, тарианы эмчилгээгээр эдгэрдэг. Харин III үед орохоор заалттай болоод зарим үед хагалгаа хийлгэдэг. Зарим тохиолдолд хийдэггүй. Тухайн үйлчлүүлэгчийн өвчин болон саналаас шалтгаалдаг. IV үедээ орсон бол хиймэл үений хагалгаа хийдэг. Ер нь сүүлийн үед Монголд хиймэл үений хагалгаа илүү их хийгдэж байна.

– Зарим хүн хиймэл үений хагалгаа хийлгэвэл яах бол гээд ярьдаг. Ер нь хагалгаанаас өөр эмчилгээний шинэ аргууд юу байна?

– Хиймэл үений хагалгаа 10-15 жилийн баталгаатай гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед хагалгаа хийж байгаа эмнэлэг олон болчихоод хагалгааны чанар тааруухан болсон. Тиймээс аль болох хагалгаа хийхгүйгээр шийддэг эмчилгээний шинэ аргууд бий. Тухайлбал, PRP эмчилгээ гэж байна. Энэ эмчилгээг манай эмнэлэг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг эмчилгээ нь үйлчлүүлэгчийн судаснаас цусыг нь авч, залуу эс болон бусад хэрэгтэй нөхөн төлжүүлдэг эсийг ялгаж авдаг юм. Түүнийгээ яс ургасан газарт нь хийж өгдөг. Ясны ургалт шохойжилт явагдаад байна гэдэг чинь тодорхой хэмжээгээр үений хүүдийд, үенд хөгшрөлт явагдаж байна гэсэн үг. Тэр үйл явцыг л маш хурдтайгаар залуужуулж өгч байдаг. Гадуур өвдөгний үенд хийдэг тарианууд зарагддаг.  Энэ их учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, маш хүчтэй гормоны гаралтай тариаг шууд өвдгөнд тарьчихдаг гэсэн үг. Энэ нь маш их сөрөг нөлөө ихтэй. Үе мөч нь өвддөг, хөл дээрээ явж чаддаггүй, тэргэнцэртэй хүмүүс энэ тариаг хийлгээд босоод бараг гүйнэ. Тийм хурдан үр дүнгээ өгдөг. Тэгэхээр хүмүүс ам дамжаад “Ёстой сайн тариа” гээд бие биедээ зөвлөөд байдаг. Гэтэл энэ тариаг хийлгэнэ гэдэг зөвхөн өнөөдрийг харсан асуудал. Маргааш ямар хүндрэл гарах вэ, сарын дараа ямар үр дүн гарах юм гэдгийг тооцдоггүй.

– Жишээ нь, гормоны гаралтай тарианы сөрөг муу тал нь юу байх вэ?

–Хүмүүс сүүлийн үед цагаан өнгөтэй тариа сайн гээд хийгээд байна. Энэ тариаг үенд тарьчихаар шимэгдэхдээ хатуулаг хэсгүүд нь ясан дээрээ үлдэж барзайдаг. Энэ нь хатуурч, барзайж ядаж байгаа ясны гадаргууг улам барзайлгаад байдаг. Үүнээс болж тухайн хүнд хоёр жилийн дараа хүндрэл гарах байсан бол хоёр сарын дараагаас хүндрэл гарч эхлэх жишээтэй. Мөн энэ тарианаасаа илүү хүчтэй тариа хийлгэж байж өвчин нь намддаг болдог. Гэтэл хүмүүсийн хийлгээд байгаа хүчтэй тарианаас өөр илүү хүчтэй тариа Монгол Улсын хэмжээнд байхгүй. Тэгэхээр энэ тариаг “Хийнэ. Болно, бүтнэ” гэсэн хүмүүсээр хийлгэж болохгүй.

– Ер нь манай улсад иймэрхүү гормоны гаралтай тариаг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг юм уу?

– Сошиал дахь “Эрүүл мэндийн нэгдсэн групп”  хуудас дээр хэдхэн хоногийн өмнө Триамцинолон гэдэг гормоны хүчтэй тарианы зургийг оруулаад “Энэ тариаг үе мөчинд их сайн гэнэ. Манай ээж гишгэж чаддаггүй байсан чинь явдаг болчихлоо” гээд пост үлдээчихсэн байсан.  Тэр тариа нь хятад бичигтэй, цэнхэр тагтай,  50 мл савлагаатай байдаг. Энэ тариа Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй. Хяналт шалгалтын байгууллагуудаас далдуур хийгээд байна гэсэн үг. Зарим эмнэлэг өвчтөнүүддээ хийгээд шалгалтынхан ирэхээр нуудаг тохиолдол бий.

– Зарим хүн “Би явж байгаад гэнэт өвдөгний нүдээр хатгуулдаг, гэнэт сөхрөөд уначихдаг боллоо” гэдэг. Энэ үе мөчний өвчлөлтэй  холбоотой юу?

– Энэ хоёр талтай. Шууд үе мөчтэй холбоотой гэж ойлгож болохгүй. Хүний биед бүсэлхийн таван нуруу гэж бий. Эдгээр нурууны үе нь хүний биеийн жинг үүрч явдаг. Харин бүсэлхийн нурууны үе хөл, гуяны хэсгийн мэдрэлийг хариуцдаг. Тиймээс нуруу өвддөг хүмүүс гэнэт мэдээ алдаж, сөхөрч унадаг нэг тал бий. Нөгөө талаас өвдөгний үений ургалт, шохойжилт явагдаж байгаа бол гэнэт мэдрэлийн гаралтай өвдөлт өгч сөхөрч унадаг.

– Өвчлөлийг бид өөрсдөө бий болгодог гэж ярьдаг. Хөдөлгөөний хомсдол, идэж, ууж буй хоол хүнс, хэрэглэж буй эм тариа гээд. Ясны ургалт хоол хүнстэй хэр их холбоотой байдаг вэ?

– Маш их холбоотой. Манайхан их бэлэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Гэтэл бидний идэх дуртай түргэн хоол, лаазалсан хүнснүүдэд муудахгүй байлгахын тулд янз бүрийн химийн бордоо хийдэг. Тэр нь эргээд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс аль болох хоолоо хийж, органик хүнс хэрэглэх хэрэгтэй.

– Манайхан үе мөч өвдлөө гээд кальци их уудаг. Энэ хэр зөв бэ?

– Хүмүүс ясны сийрэгжилт, ясны ургалт хоёрыг их андуурдаг.  Нэг өвчин гэж ойлгоод байдаг. Ясны ургалт нь кальцийн илүүдлээс болж үүсдэг. Харин ясны сийрэгжилт нь ясны кальцийн дутагдлаас шалтгаалдаг. Гэхдээ энэ хоёр өвчин нэг хүнд хоёулаа байдаг. Нэг газар нь кальци илүүдсэн, нөгөө газар нь кальци дутагдсан байх жишээтэй. Кальцийн хэрэглээ насны хязгаартай байдаг. Ер нь  50-аас дээш насныхан кальцийн бэлдмэл уухгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл кальци болон бусад эрдэс давсуудын бөөгнөрөл нь ясны ургалт гэсэн үг. Гэтэл ясны ургалттай хэрнээ дээр нь кальци уугаад байвал ясны ургалт, шохойжилт улам ихэсдэг. Тэгэхээр үүнийг тэнцвэржуулдэг, ионжуулдаг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг кальци тусдаа бий. Үүнийг насны хязгаартай хэрэглэх нь чухал. 40 гаруй насандаа хожуу төрсөн хүмүүс байдаг. Тэр хүмүүс зайлшгүй кальцийн хэрэглээг авах ёстой. Эрүүл хүний кальцийн хэрэглээ 1000 мл байх ёстой. Харин жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд 2000 мл кальци хэрэг болдог. Кальцийн хэрэглээ нэг дахин нэмэгддэг гэсэн үг. Хожуу төрсөн хүмүүс миний дээр хэлсэнчлэн “50-аас дээш насныхан кальци ууж болохгүй гэсэн” гээд хэрэглэхгүй байж болохгүй. Кальци уух заалт гэж бий. Түүнд тохируулаад хэрэглэх хэрэгтэй.

Э.Баярцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.