Сахар буюу цагаан үхэл

Twitter Print
2017 оны 12-р сар 14-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Яг баяр ёслолын сезон эхэлж, үр хүүхдүүд, бяцхан дүү нараа баярлуулах гэж чихэр амттан зэргээр л бэлэг сэлт өгдөг үе эхэллээ. Гэтэл хор холбогдлыг нь мэддэггүйгээсээ болоод хамгийн аюултай зүйл өгч буйгаа мэддэггүй.

Нэмж хэлэхэд гадаадын олон хүмүүс чихэр буюу нүүрс усны хорт чанарыг сайн мэддэг тийм ч учраас өөрсдийн хүүхэддээ аль болохоор бага өгөхийг хичээдэг. Хэрвээ та хэн нэгэн найзынхаа хүүхдэд бэлэг өгөхөөр шийдсэн бол юу өгөх гэж буйгаа сайтар бодох хэрэгтэй болно. Нэгэнт чихэр болон өөр амттан худалдаад авчихсан бол хүүхдэд нь өгөхөөс өмнө эцэг эхээс нь заавал асууж байж өгсөн нь хамгийн ухаалаг шийдвэр болно. Учир нь тухайн хүүхэд ямар нэгэн хүнд өвчтэй, эсвэл чихрийн харшилтай, сахарын өвчтэй байж болно. Тэгээд та уг хүүхдэд аав ээжээс нь асуулгүй шууд л "гоё амттай" амттан өгчихвөл юу болохыг төсөөлөөд үз дээ. Аав ээж нь идүүлэхгүйг аль болох хичээнэ, бас таныг ч гомдоохыг хүсэхгүй. Бас нөгөө бяцхан хүүхэд маань нэгэнт л хүүхэд юм болохоор идэхийг хүснэ гэх мэтчилэн олон асуудал үүсэх боломжтой байдаг. Иймээс юу өгөх гэж буйгаа, яах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ бусадтайгаа ярьж зөвлөх нь соёлтойгоос гадна бусдыгаа хүндэлж буй хамгийн зөв хандлага юм шүү.

Иймд чихэр амттаны оронд оюун ухааны тоглоом ч юм уу, ном гээд өөр хэрэгтэй зүйлийг бэлэглэхийг хичээгээрэй. Дашрамд нь хэлэхэд багадаа чихэрт "цадаж" өссөн хүүхэд биеийн эсэргүүцэл султай, насанд хүрсэн хойноо архи, тамхи зэрэгт амархан дурламтгай хүмүүс болдог нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл гэдгийг санаарай.

Манай өвөг дээдэс давс, чихэр, өөхийг гурван цагаан хор гэж нэрлэсэн нь санамсаргүй зүйл огт биш. Бидний өдөр тутмын хэрэглээнд сахар байх ёстой хэмжээнээс хэт их байна. Бүх төрлийн ундаа, сок, жимстэй иогурт зэрэгт гэхэд л цайны халбагаар 6-20 хүртэл хэмжээний сахар орсон байдаг. Гэтэл бусад олон зүйлд сахар ихээр агуулагддагийг бид мэдэх үү? 

Бүх төрлийн гурил, гурилан бүтээгдэхүүн, каша, төмс, цагаан будаа зэрэгт сахар буюу нүүрс ус ихээр агуулагддаг. Жишээ нь: Талх гэхэд л 50 хувь орчим нь нүүрс ус байдаг. Тэгэхээр сахар эсвэл варень түрхээгүй талх идэхэд л хангалттай их сахар биед орлоо гэсэн үг. Сахар нь хүний биед глюкоз хэлбэрээр шаардагддаг. Мэдээж маш чухал үүрэгтэй. Гэхдээ хэмжээнээсээ хэтэрвэл бүр ч их аюултай.

Одоо сахар биед ороход юу болдог тухай сонирхоё. Кола уух юмуу эсвэл зүгээр л Сникерс идлээ гэж бодъё. Тэгэхэд биед глюкозын хэмжээ огцом өсдөг. Тэгэхдээ маш өндөр хэмжээнд хүрдэг. Нойр булчирхай түүнийг зохих түвшинд хүргэхээр бас л их хэмжээний инсулин ялгаруулж эхэлнэ. Ингээд глюкозын түвшин буурна. Гэвч гэнэтийн тийм их хэмжээгээр өссөн сахарын улмаас дотоод горим алдагдаж, үүний улмаас глюкоз байх естой түвшинд хүрсэн ч нойр булчирхай инсулин цааш ялгаруулсаар байдаг. Ингэсээр глюкоз бүр багассаар маш бага болдог. Энэ нь дахиад организм глюкоз шаардаж эхлэхэд хүргэдэг. Тэгмэгц нь бид дахиад л нөгөө ундаагаа уух эсвэл чихэртэй кофе ямар нэгэн жигнэмэгтэй идэж байж санаа амардаг. Энэ үйл явц олон дахин давтагдаад ирэхээр организм хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болж, инсулинд тэсвэртэй болдог. Мэдээж энэ нь олон жил явагддаг үйл явц. Цааш нь сахараа хэрэглэсээр байхад инсулин тэр их сахарыг боловсруулж бууруулж чадахаа больдог. Энэ бол хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин юм. Нөгөөтэйгүүр үргэлжийн тийм өндөр түвшний сахар нь нойр булчирхайг лангерхансын арал дээрх инсулин ялгаруулагч эс болох бета эсүүдийг хүчээр олшруулахад хүргэдэг байна.

Ингэж биеийн дотоод механизм өөрийгөө сахараас хамгаалж эрүүлжүүлэхийг эрмэлздэг. Энэ тохиолдолд эргээд инсулин маань өөрөө биед хэт ихсээд ирдэг. Энэ үед анхнаасаа хэт их инсулин ялгаралтыг өдөөсөн сахар нь эргээд нойр булчирхайгаа дарангуйлж улмаар нойр булчирхайг үрэвсүүлж хатангиршуулахад хүргэдэг. Учир нь хэт их инсулин нь бас л хортой болохоор дотоод механизм маань түүнийг багасгахыг хичээж буй нь тэрээ. Ингэж л нойр булчирхай өвчилдөг. Энэ бол олон шалтгаануудын ердөө нэг нь л юм.

Хүүхдийн биед сахар хэт ихэдсэнээс болж ADHD (attention deficit hyperactivity disorder) гэдэг өвчин бий болдог. Энэ нь хүүхэд өөрийн бие болон ухаан бодлоо хянах чадваргүй болдог өвчин. Нөгөөтэйгүүр сахар нь глюкоз болон фруктоз 2-оос тогтдог. Глюкоз нь багахан хэмжээгээр биед хэрэглэгддэг, харин фруктоз биед хэрэгцээгүй. Хамгийн аюултай нь биед орсон фруктоз нь яг алкоголь мэт үйлчилж элгэнд задардаг. Ингэхдээ биед чухал шаардлагатай уургийг шимэгдэхэд саад болдог.

Та бүхэн багадаа чихэр их идээд ийм болчихсон гэгдэх хатангир туранхай хүмүүсийг мэдэх уу? Хүүхэд өсөж томроход уураг ямар чухал билээ. Гэтэл тэр уургийг фруктоз үгүй хийсний үр дүнд хүүхдийн бие давжаарч, хатмал болдог. Ийм л айхтар хүчтэй хорыг хамгийн хайртай бяцхан хүүхдүүд, дүү нартаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан өгөх ямар маш эндүүрэл, хорлонтой ажиллагаа гэсэн ч болно. Иймд энэ тухай сайтар эргэцүүлж нэг үзээрэй.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.