Утсаа алдсан даруйдаа цагдаад хандаарай

Twitter Print
2016 оны 12-р сар 23-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор “Үнэгний ав” нэртэй тусгайлсан  ажиллагааны үеэр гэмт хэргийн замаар алдагдсан 47 гар утсыг олж, эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.  

Одоогоор хохирогч нь тогтоогдоогүй “Ipone 5”, “Samsung S5” зэрэг маркийн 12 гар утас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хадгалагдаж буй аж. Иймд гар утсаа алдсан иргэдийг цагдаагийн байгууллагад хандахыг албаны хүн зөвлөж байна.

Гар утас хулгайлдаг бүлэг этгээдийг шалгах явцад хулгайн гар утсыг худалдан авч, зарж борлуулдаг ченжүүдэд Эрүүгийн хуулийн 145.2-т заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албаныхан хэлж байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 3472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 551 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өсчээ.

УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй хэлтсийн алба хаагчид 2016 онд 443 холбогдогчтой, 376 сая 330 мянган төгрөгийн хохиролтой, нууц далд аргаар үйлдэгдсэн 409 хэрэг үйлдэл илрүүлэн ажилласан байна.  Халаасны хулгайн гэмт хэргийн 35 хувь нь нийтийн тээврийн том оврын автобусанд, 31 хувь нь гудамж талбайд, 21 хувь нь аж ахуй нэгж байгууллагад, 13 хувь нь томоохон зах, худалдааны төвүүд болон бусад газуурдад үйлдэгдэн бүртгэгджээ.

Илрүүлсэн гэмт хэргүүдээс дурдвал:

-Өмнөговь аймагт 2016.03.06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол тэмээ-999” тэмцээн, Геннисийн номд бичигдэх 1000 тэмээний уралдааны үеэр 11 удаагийн үйлдлээр бүлэг зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан Э, Э, Ө, Г, Б, С, Э, Б нарын найман этгээдийг илрүүлэн баривчилж, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

-Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах их, дээд сургуулиуд болон худалдааны төвүүдээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 15-25 насны Х, Д, А, Х, У, Г, Т нарын эмэгтэйчүүд нь бүлэглэн, зохион байгуулалттайгаар 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.

-Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явж бусдын анхаарлыг сарниулан гар утсыг хулгайлдаг А, Б, Т, Б нарын 14-15 насны эрэгтэй хүүхдүүд нь орон гэрээсээ дайжин, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэн, гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө компьютер тоглоомын газруудаар хоноглон явдаг байсан нь тогтоогдсон.

-2016.06.09-10-ны өдрүүдэд болсон Сангийн сайд нарын уулзалтыг сурвалжлахаар ирсэн БНХАУ-ын иргэн Цү Жин Хао нь 2016 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Чингис хааны нэрэмжит талбай дээр явж байгаад цүнхнээсээ “Sony” маркийн видео камер хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн харьяат А гэгч үйлдсэнийг,

-2016.07.06-07-ны өдрүүдэд болох Залуучуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн АСЕМ-ын төлөөлөгч Грек улсын иргэн Christos Giovanopoulos нь 2016.07.04-нд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг Улаанбаатар зочид буудлын орчимд явж байхдаа “Panasonic” маркийн зургийн аппарат хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн харьяат О гэгч үйлдсэнийг,

-2016.07.06-07-нд болсон Залуучуудын чуулга уулзалтад оролцохоор ирсэн АСЕМ-ын төлөөлөгч Бельги улсын иргэн Зрис Ванслам Брук 2016.07.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах “MB” рестораны задгай талбайд явж байхдаа гар цүнхтэй “Mac book”, “Lumix” зургийн аппарат, 100 евро, паспорт зэрэг эд зүйлээ хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн харьяат Т гэгч үйлдсэн хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.