Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 2 дахин илүү нойргүйдэлд өртдөг

2017 оны 09-р сар 13-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Нэг эмчлүүлэгч маань надад өөрт байгаа олон зовиураа тоочихдоо нойр муудсан тухайгаа нохой унталтаар унтаад байна гэж хэлж байж билээ. Ажиглахад манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа эмчлүүлэгчдийн 3 хүн тутмын нэг нь нойргүйдэлд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг.

Өнөөдөр дэлхий дээр жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байна. Тухайлбал гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байгаа гэсэн тооцоо байдаг юм байна. Ялангуяа эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин илүү нойргүйдэлд өртдөг гэнэ.

Нойргүйдэл гэж чухам юу вэ?

Нойргүйдэл гэдэг нь нойрсох, нойрны үргэлжлэх хугацаа, сэрэх хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаатай холбоотой гарч ирдэг эмгэг юм. Тэгвэл та унтаж чадахгүй нойр хулжих, эсвэл унтаж байгаад гэнэт цочиж сэрэх, эрт сэрэх, хэт сэргэг унтах зэрэг шинж илэрч байвал эдгээр шинж тэмдгүүд нь сүүлийн 3 сард 7 хоногт 1-2 удаа дахин давтагдаж байгаа бол нойргүйдэлтэй байна гэж өөрийгөө тооцож болох нээ.

Нойргүйдэлд хүргэдэг шалтгаан нөхцлүүд нь юу байдаг вэ?

Нойргүйдэлд хүргэдэг маш олон шалтгаанууд байдаг.

А.Сэтгэл санааны байдал. Үүнд:

1.Сэтгэцийн эмгэг

2.Хүний ажил, амьдралын дэглэм алдагдах,хэт ядрах

Б.Эмийн буруу хэрэглээ. Иргэд нойрсуулах төрлийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх явдал нь эргээд нойргүйдэлд хүргэдэг. 

В.Архаг донтолтууд . Янз бүрийн эмийн болон мансууруулах нөлөөтэй бодисуудыг хэт хэрэглэх

Г.Архаг өвдөлтүүд

Д.Ахуйн нөхцөл

Өрөөний дулаан хэт их байх, агааржуулалт муу байх, дуу чимээ ихтэй байх, хурц гэрэлтэй байх

Е.Ажил амьдралын буруу дэглэм. Ээлжийн ажил олон жил хийх, оройн цагаар хэт их ажиллах, орой хэт их идэх, хэт таргалах, орой болсон хойно хэт их шингэн зүйл уух, стресстэй амьдрах, кофе хэтрүүлэн хэрэглэх, агаар салхинд гарахгүй удах

Ё.Цэвэршилт. Ер нь нойргүйдэл гэдэг нь биеэ даасан өвчин байхаас илүү бусад өвчний шинж тэмдэг байх нь олон тохиолддог.

Нойргүйдлийг хэрхэн эмчлэх вэ?

Юуны өмнө хүмүүс нойргүйдэлтэй тэмцэж байна гээд димедрол, кетотифем, фезам, циннеразим, тавегил зэрэг янз бүрийн эмүүдийг дураараа уухаа больж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эдгээр эмүүд нь нойрны эм биш харин тайвшруулах, тархины цусан хангамж сайжруулах, харшил намжаах үйлчилгээтэй эмүүд юм.

Эдгээр эмийн гаж нөлөө нь унтаа нойрмог байдал болон эдгээр эмүүдийг уухгүй бол нойр хүрэхгүй эмгэг нойргүйдсэн байдлыг үүсгэдэг. Эм хэрэглэх бол эмчээс зөвлөгөө авч өөрт тохирох эмийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Мөн нойргүй хонож байна, яаж унтах вэ гэсэн бодлоосоо хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Ийм бодол нь эргээд хэвийн эрүүл нойроор нойрсон үйл ажиллагаанд саад үүсгэдэг.

Аль болох агаарт гарах, сүү уух, иллэг хийлгэх, бүлээн баннанд суух зэрэг энгийн аргуудыг их ашиглах хэрэгтэй. Иогаар хичээллэх, чийрэгжүүлэх ямар нэг спортоор хичээллэх нь нойргүйдлийг арилгах сайн арга болдог. Монгол уламжлалт анагаах ухааны онолоор бол төрөлхийн хий махбод дийлэнх хүмүүс өөрөөр хэлбэл бээрэг, амархан даардаг, сэтгэл санаа тайвангүй, нойронд сэргэг онцлогтой хүмүүс хий арвижуулдаг ямааны мах цагаан будаа, хүйтэн хоол ундаа хэт хэрэглэснээс, удаан хугацаанд хүйтэн нөхцөлд ажилласнаас, эсвэл сэтгэл санаа тайвангүй байснаас хий махбод нь ердийнхөөс илүү арвидан нойр муутай болдог гэж үздэг.

Мөн өвдөлт ихтэй захын мэдрэлийн өвчнүүдийн үед шөнийн цагаар өвдөлт нь өдрийн үеийнхээс илүү байдаг тул заавал нойр мууддаг. Ийм өвчнүүдэд хүзүүний шохойжилтоос болж шөнө гар бадайрах, нурууны суултаас болж оронд нуруу чилэх, ууц нурууны мэдрэлийн ёзоор дарагдсанаас шалтгаалан хөл, түнх, гуя, шилбэ даган өвдөх, өвдөгний үенд яс ургах зэрэг эмгэг багтана. Мөн хавирганы мэдрэлийн судал дагасан өвдөлтөөс шалтгаалан шөнө гүйцэт амьсгал авч чадахгүй байх, амьсгал авах гаргахад хавиргаар цээжээр өвдөх явдал бас багтана.

Энэ бүх мэдээллээс хүн бүхний нойргүйдсэн шалтгаан өөр өөр байдаг ба хэвийн нойртой болохын тулд хамгийн эхлээд юунаас болж нойргүйдэх болов гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Тэгээд зөвхөн өөрийнхөө онцлогт тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг ойлгосон гэж найдна.

Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч Н.Алтанхундага 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.