Ц.Ням-Осор: Монгол төрийн өмч 30 их наяд төгрөг

Twitter Print
2016 оны 12-р сар 23-нд 08:07 цагт
Мэдээний зураг,

Монгол төрийн өмчид 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон гэдгийг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор мэдээллээ. Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн өмчийн ээлжит тооллогыг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Тооллогод 790 хүүхдийн цэцэрлэг, 616 сургууль, сум дундын 129 эмнэлэг, 335 соёлын ордон, 23 номын сан зэрэг төрийн болон орон нутгийн өмчийн нийт 6086 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Эдгээр байгууллагын нийт хөрөнгө 30 их наяд 74 тэрбум 900 сая төгрөг болсон бөгөөд энэ нь 2012 онтой харьцуулахад 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн дээрх байгууллагууд нийт 13 их наяд төгрөгийн өртэй байгаа юм. Хөрөнгийн дийлэнх нь хуучны буюу 1990, 2000 оны зах зээлийн үнэлгээгээр бүртгэгджээ. Тиймээс Засгийн газраас төрийн өмчид бүртгэлтэй бүх хөрөнгийг одоогийн зах зээлийн ханштай уялдуулан дахин үнэлэхийг үүрэг болгосон байна.

Улсын хэмжээнд 9 их наяд 869.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 42 мянга 700 барилга тоолсоны 20 мянга нь бүрэн элэгдэлд орж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Үүнээс гадна улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр эхлүүлээд бүрэн дуусаагүй 2.5 их наяд төгрөгийн 839 барилга байгаа аж. Мөн 8700 усны худаг, 2 их наяд 676.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 106 мянга 808 км автозам, 7220 тэрбум төгрөгийн 29 мянга 99 метр гүүр тоологджээ. 8700 худгаас 874 худгийг огт ашиглахгүй байгаа аж. Тиймээс хуучин барилгуудыг шинэчлэх төлөвлөгөө боловсруулах, шинээр барилга барихгүйгээр дуусаагүй барилга байгууламжийг дуусгах эсвэл хувийн хэвшилд борлуулах хэрэгтэй гэдгийг Ц.Ням-Осор дарга үүрэг болгов.

Тэрбээр, “Мөн 194 тэрбум төгрөгийн хөрөнгө огт бүртгэлгүй, шатсан, акталсан зэргээ улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө дутжээ. Мөн төрийн байгууллагууд хооронд өмчийн маргаантай 32 тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа. Дээрх хөрөнгийг бүртгэлжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэлээ. Улсын хэмжээнд төрийн байгууллагууд 118 мянга 473 га талбай бүхий 9676 газар эзэмшиж байна. Үүнээс 4967 газрыг улсын бүртгэлд огт бүртгүүлээгүй байна. Улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас тухайн газрыг нь өөр байгууллагад олгохоос эхлээд маргаантай асуудал үүсдэг. Тиймээс аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж, өмчийн газраа бүртгүүлэх ёстой. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд концессын гэрээгээр хийсэн бүтээн байгуулалтуудын бүртгэл дутуу байгаа. Үүнийг цэгцлэх нь зөв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн бүртгэлийг сайжруулах шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангууд 442.4 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээс 32 тэрбум төгрөгийн санхүүжилт огт бүртгэлгүй байна. Мөн 200 гаруй төсөвт байгууллагын бүртгэлийг хийх, шинэчлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгууллагууд төрийн өмчийн тамга гаргуулж аваад банкинд данс нээлгэж, төсвөөс мөнгө авч байна. Энэ нь төрийн өмчийн аж ахуйн нэгжийн тамга үйлдвэрлэх эрхийг 10 гаруй аж ахуйн нэгжид өгсөнтэй холбоотой. 2012 онд төсвийн байгууллагуудад 1583 автомашин, мотоцикль байсан бол одоогоор 25 мянга 679 болж өсчээ. Энэ хэмжээгээр жолоочийн цалин, шатахуун, хучлага зэргээр их хэмжээний зардал гарч байгаа юм. Тиймээс ирэх оны нэгдүгээр сард төрийн өмчийн аж ахуйн нэгжийн эзэмшлийн автомашины тоо, шатахуун зарцуулалт, багтаамж зэргийг тогтоодог журмыг шинэчлэн боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлнэ” гэлээ.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 87 аж ахуйн нэгж бий. Үүнээс 2015 онд 35 нь ашигтай ажилласан.Тиймээс дээрх байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн, хэмнэлтийн горимд шилжиж 2017 онд 70 орчим аж ахуйн нэгжийг нь ашигтай ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ оны наймдугаар сарын 16-нд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 87 компанийн 2017 онд худалдан авахаар төлөвлөөд байсан 7.9 тэрбум төгрөгийн автомашин, тавилга зэргийг төсвөөс хассан байна.

Налайхын ДЦС, Далан задгадын ДЦС, Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай, Улиастайн эрчим хүчний систем, болон дулааны Шарын гол компани ашигтай ажиллах ямар ч боломжгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнийн тарифад төрөөс зохицуулалт хийдэг тул орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, хэрэглэгч цөөтэй дээрх байгууллагууд ашигтай ажиллаж чадахгүй гэдгийг ТӨБЗГ-ын удирдлагууд хэллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.