Шагнал олонтой тамирчнаар Г.Отгонцэцэг шалгарчээ

2016 оны 12-р сар 22-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ онд хамгийн их шагнал, урамшуулал хүртсэн жүдочийн нэрсийг зарлажээ. Энэ жагсаалтыг Казахстаны нэр дээр барилдаж байгаа монгол тамирчин Г.Отгонцэцэг тэргүүлжээ. Түүний араас Шведийн Маркус Ньюман, Нидерландын Гуус Стенхуис нар жагссан байна.

Г.Отгонцэцэг энэ онд жүдогийн цуврал тэмцээнд  дөрвөн удаа түрүүлж, хүртсэн медалийн тоогоороо бусад тамирчдаа тэргүүлжээ. Түүний шагналын мөнгөн дүн 22 мянган ам.долларт хүрсэн байна. Манай улсаас дэлхийн аварга, “Рио 2016” олимпийн наадмын V байрыншагналт М.Уранцэцэг 13.500 ам.долларын урамшуулал авч, уг жагсаалтын 14 дүгээрт бичигджээ.  

Ингээд шагнал, урамшууллаар жүдочдыг тэргүүлсэн “Рио” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийн 2016 оны амжилтыг сонирхуулъя.  

2016 ОН:

II сар: Парисын “Их дуулга”-д түрүүлсэн. Энэхүү тэмцээний шигшээд дэлхийн аварга М.Уранцэцэгийг хожиж байсан юм.

IV сар: Олимпийн наадмын өмнөх нэгэн сорил тэмцээн бол Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Астанад болсон Азийн аваргад түрүүлэхдээ мөн М.Уранцэцэгийг хожжээ.

VIII сар. Риогийн олимпийн наадмын хүрэл медалийн төлөө Кубын А.Даяарисийг цэвэр ялан Казахстаны нэрээр олимпийн медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болсон. Түүний хувьд 48 кг-ын жингийн “D” хэсэгт багтсан. Эхний тойрогт хийлсэн тэрээр Африкийн гурван удаагийн аварга Гвиней-Биссау улсын Лимаг шидогоор хожсон ч хэсгийн аваргын төлөө Японы Ами Кондод ялагдсан. Дагах барилдаанд Унгарын Эва Серновичскиг далаар нь цэвэр тавьсан юм. Хүрлийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Кубын Алберэс Даяарисийг мөн цэвэр ялж, олимпийн медальтан болсон түүхтэй. Энэ жингийн аваргын алтан медалийг Аргентиний Парето Паула хүртсэн бол БНСУ-ын Жон Бу Гён мөнгө, Казахстаны Г.Отгонцэцэг, Японы Кондо нар хүрэл медалийн эзэд болсон юм.

XI сар: Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны дэлхийн шилдэг жүдочоор Г.Отгонцэцэгийг нэрлэв.

XI сар: Г.Отгонцэцэг Казахстаны хошой аварга болж, тус улсын Гавьяат тамирчин боллоо.

Ч.Болор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.