Оросын элчин сайдын аминд хүрсэн аллагын цаад эзэн нь хэн бэ?

Twitter Print
2016 оны 12-р сар 22-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Туркийн ерөнхийлөгч Эрдоган одоо өнгө зүс зассан багаа авах цаг болжээ. ОХУ-ын элчин сайдыг зэрлэгээр хороосон явдал эхнээсээ л хэний гар хөл оролцсон ажил болохыг хэлээд өгч байсан бол гардан гүйцэтгэсэн алуурчин нь Эрдоганы ойрын хамгаалагч байсан тухай мэдээлэл ил тод болж эхэллээ.  

Туркийн Hurriyet сонинд энэ тухай мэдээллийг хамгийн түрүүнд өгсөн сэтгүүлч Абдулкадир Шелви одоо толгойгүй болох нь тодорхой. Учир нь Эрдоган түүнийг өөрийн заналт дайсан гэж үздэг Фетулла Гүлений хамсаатан хэмээн өөнтөглөж, амархан цааш харуулчихна.

Харин сэтгүүлч Шелвигийн олсон мэдээллээр, ОХУ-ын элчин сайд Андрей Карловын аминд хүрсэн Мевлют Мерт Алтынташ гэгч өнгөрсөн долоодугаар сарын 15-наас Туркийн төрийн тэргүүний оролцсон найман удаагийн арга хэмжээнд хамгаалагчаар ажиллаж байсан аж. Тэрээр төрийн тэргүүний хувийн хамгаалалтын багт багтаж байгаагүй ч гэлээ түүнийг хамгаалах бүх төрлийн ажиллагаанд оролцож байсан нь зүй ёсоор анхаарал татаж байна.

Абдулкадир Шелвийн мэдээллээр үүнээс гадна төрийн эргэлт хийх оролдлого гарсан өнгөрсөн долдугаар сарын 15-ны үдэш Алтынташ өвчнөөр шалтаглан ажлаасаа чөлөө аваад сураггүй алга болсон байна. Эндээс үзэхэд тэрээр төрийн эргэлт гарахыг мэдэж байсан ч байж болох, тэгээд ч нөхцөл байдлыг илтгэхээр зохих газар нь очсон байж болно. Гэтэл энэ зэрэгцээ аллага болохоос хоёр хоногийн өмнө Эрдоган түүнд өндөр дээд шагнал өгсөн мэдээлэл бас байна. Тиймээс тэрээр хэний үүрэг зорилгыг гүйцэтгэж явсан эр болох нь тодорхой мэт.

Нэг талаас түүнийг орчин цагийн салафитын дайчин гэж үзэж болно. Харин салафитуудын зорилго юу билээ, тэднийг хэн дэмждэг билээ. Сирийн сөрөг хүчнийхэнд зүйл бүрээр дэмжлэг үзүүлж, Оросын нисгэгчийн аминд хүрч байсан Эрдоганы сүүлийн үеийн үйл хөдлөл энэ бүхнийг харин гэрчлээд өгнө. 

Туркийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн үйл явдлын хэлхээн дундаас задлан шинжилж үзвэл Эрдоган өөрөө террористуудын галыг өөр дээрээ дуудсан мэт жүжиг тавих болсныг олж харж болно. Үүний нэг хэсэг нь Оросын элчин сайдад халдах явдал. Харин санаагаа гүйцэлдүүлэх найдвартай этгээд олж авах шаардлага урган гарсан болохоор нүдэнд өртсөн нь хамгаалалтынх нь ажилд хүчин зүтгэх залуу байсан байж болох юм. Гэхдээ тэр бол золиос. Их үйл хэргийн төлөө түүнд энэ мэт золиос өчүүхэн зүйл. Хамгийн гол нь ул мөрөө дараа нь баллахын тулд хэрэг явдлыг Фетулла Гүленд үүрүүлэх нь чухал. Ул мөрөө баллахдаа ч биш Гүленийг нэгмөсөн дарж авахын тулд боловсруулсан тактикийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь олон улсын тавцанд томоохон дуулиан тарих хэрэг явдал өдүүлэх асуудал байв. Үүний тулд Оросын өндөр албан тушаалтанд халдах. Энэ нь түүнд нэг талаас эгдүү хүргээд байгаа оросуудаас хариу авах, нөгөө талаас алсыг харсан бодлого. Үнэндээ Эрдоган оросуудыг их ч оролдсон, гэхдээ бас болоогүй бололтой.

Оросын элчин сайдын аминд хүрсний дараа Туркийн хэвлэл мэдээллүүд алуурчныг долдугаар сард гарсан төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа ажлаас нь түдгэлзүүлсэн гэж мэдээлж байсан бол үнэн хэрэгтээ тэрээр эргэлт гарах үед үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан байсан нь хожим тодорхой болсон. Гэтэл түүнийг төрийн эргэлт зохион байгуулсан гол этгээд хэмээн буруутгаж буй Гүлений гар хөл болгох нь чухал байсан учраас одоо гэр бүлийнхнээр нь тогтохгүй, олон этгээдийг хамсаатан гэж үзэж хоморогон баривчлаад байна. Хамгийн гол нь энэ хэрэг хоёр орны дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж байна хэмээн Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярихдаа тал засаж байв. Эртнээс бодож төлөвлөж, үе шатттай арга хэмжээ авсныхаа дүнд тэрээр элчин сайдын амь насыг бүрэлгэсэн хэргийн цаад эзэн нь АНУ-аас удирдаж ирсэн Фетулла Гүлений хөдөлгөөнийхөн гэж мэдэгдлээ. “Гэмт этгээдийг лалын шашны номлогч Фетулла Гуллены хөдөлгөөний гишүүн гэдэгт эргэлзэхгүй байна. Сэжигтний байсан газрууд болон харилцаа холбооны мэдээлэл түүнийг уг хөдөлгөөнтэй холбоотой болохыг нотлон харуулж байна” гэснээр Эрдоганы санаа гүйцэлдэж байгаа бололтой.

Гэвч Туркэд одоо ажиллаж байгаа ОХУ-ын тусгай ажилтнууд илт тодорхой энэ хэргийн сэжүүрээс атгаж авсан байлгүй. Тэгээд ч нотлох баримт өчнөөн бий. Тухайлбал энэ байна. Kurdistan insider цахим хуудсан дээр нийтлэгдсэн зураг дээрээс харахад Эрдоган өөрийн биеэр алуурчин Алтынташт шагнал гардуулж байна.

Энэ зураг харин зориуд санаатай үйлдсэн эвлүүлэг биш. ANNA-News агентлагийн удирдлага Марат Мусин оросын Business FM цахид хуудсанд мэдээлэл өгөхдөө уг зургийг "яг хэдэн өдрийн өмнөх баталгаатай баримт" гэж мэдэгдсэн байна. "Бидэнд байгаа мэдээллээр, энэ зураг Оросын элчин сайдын амь насанд халдсан хэрэг гарахаас хоёр өдрийн өмнө авсан зураг. Шагнал гардан авч байгаа цагдаагийн офицеруудын дунд тэрээр хошууч цол тэмдэгтэй зогсож байгаа нь илт" гэж өгүүлсэн нь хэргийн учгийг гаргаад өгч байна гэсэн үг.

Мусины нотолж байгаагаар бол цагдаагийн албанаас аль эрт халагдсан гэсэн мэдээлэл тараагаад амжсан хэргийн эзэн Алтынташ "үнэн хэрэгтээ төрийн тэргүүнийг хамгаалах элит хүчний бүрэлдэхүүнд багтдаг лалын шашны суурь үзэлтэн, террорист" болох нь тодорхой бөгөөд туркүүд оросын дипломат албаныханд хамгаалалт гаргаж өгөхөөс зайлхийсэн арга хэмжээ авдаг байсан тул "элчин сайд үнэн хэрэгтээ уг аллагын барьцаа бөгөөд золиос болсон" аж. Элчин сайд Андрей Карлов ингэж золиос болох барьцаанд орсныхоо төлөө харин улсын баатраар нөхөн шагнагдаж байна. Харин нөгөө талаас алуурчин ч бас золиос болов. Төрийн их үйл хэргийн төлөө энэ мэтийн золиос харин юу ч биш. Зүгээр жижиг өгөөш гэсэн үг. Энэ жижиг өгөөшний араас холбогдох этгээдүүд болох гэр бүлийнхэн ч хэлмэгдлээ.

Туркийн радио телевизийн TRT компаниас мэдээлснээр, уг хэрэгт холбогдуулан 13 хүн баривчлаад байгаагийн дотор алуурчны эцэг эх, охин дүү, садангийнх нь эгч, хоёр ах, цагдаагийн академид нэг өрөөнд амьдарч байсан болон академийн оюутнуудад зүйл бүрээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг байсан хоёр эрийг баривчлаад байна. Гэтэл энэ бүхний эцэст оросын элчин сайдын амь насыг хөнөөсөн хэргийг Сирийн засгийн газрын эсрэг зогсдог "Жейш аль Фатх" бүлэглэлээс зохион байгуулсан гэж зарлан мэдэгдсэн явдал жинхэнэ өнгөлөн далдлалт гэлтэй. Харин энэ өнгөлөн даллалт хэнд хэрэгтэй вэ?

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.