Хоол сойлтоо зогсоох буюу мацаг тайлах нь

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Урд бичсэн хоол сойлтын тухай үргэлжлүүлж хэрхэн сойлтоо зогсоох буюу мацаг тайлах талаар хэдэн үг хэлье. Би сойлт гэдгээрээ л явья. Учир нь улсууд мацаг гэдгийг хэдэн янзаар ойлгоод байх шиг байдаг юм. Зарим номон дээр "мацаг хоол идээд" гэсэн өгүүлбэр байсныг санаж байна. Энэ нь махгүй, цагаан хоолыг хэлж буй нь тэр. Гэтэл огт хоол идэхгүй байхыг зарим нь бас л мацаг барих гэж хэлээд байх шиг байна. Хэл бичгийн хүн биш болохоороо үүнийг зөв буруу гэж тайлбарлаж мэдэхгүй юм байна. Та нар минь бүгд л хоол идэхгүй тодорхой хугацаанд дан цэвэр ус уугаад байх тухай ярьж байгаа гэдгийг минь л ойлгож байвал болох нь тэр.

Хоол сойлтоо зогсоох нь сойлттойгоо адил хэмжээний чухал ач холбогдолтой. Учир нь хоол сойсны үр дүнд дотор эд эрхтэн, хоол боловсруулах систем бүхэлдээ тодорхой түвшинд эрүүлжиж цэвэрлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл манайхны хэлдгээр "нялхарсан" маягтай болсон байдаг. Энэ нь тэдэнтэй болгоомжтой "харьцах" учиртайг хэлээд байгаа юм. Болгоомжтой харьцана гэдэг нь хамаа замбараагүйгээр идэж болохгүй гэсэн үг. 

Сойлт хийх үед хоолны дуршил маш хүчтэй мэдрэгддэг. Ердийн талх хүртэл маш сайхан үнэртэхийг яана. Тэгээд тэвчээртэй нэг нь гүрийж байгаад товлосон хугацаагаа дуусмагц нөгөө нүд унаад сэтгэл татаад байсан зүйлээ заналтай нь аргагүй сэтгэлээ ханатал идэх гээд байдаг. Энийг л ёстой хийж болохгүй шүү.

За хамгийн эхний хүнс бол түүхий эсвэл давсгүй усанд чанасан ногоо байх нь хамгийн зөв сонголт.

Олон хүмүүс жимс санал болгодог. Мэдээж ямар зорилгоор, ямар төрлийн сойлт хийснээсээ шалтгаалж санал болгох хүнсний төрөл өөр өөр байх боломжтой. Миний хувьд ногоог илүүд үзнэ. Учир нь жимсэнд сахар ихээр агуулагддаг. Энэ нь биед исэлдэлт үүсгэнэ. Энэ нь бидний биеэ эрүүлжүүлж биеэ шүлтлэг болгож буй зорилготой маань зохилдлого багатай гэсэн үг. Харин ногоо бол өөр. Бөөрөнхий байцаагаар салад хийж идэж болно, шар луувантай. Эсвэл зүгээр л усанд чанаж иднэ. Амтат төмс, манжин байсан ч болно. Дараа нь харин бага зэрэг алим байж болно. Ерөнхийдөө сойлтоо зогсоож буй эхний өдрөө ногоо идээд, 2 дахь хоногтоо бага зэрэг жимс, ногоо голдуу байвал зүгээр. Гурилан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Чихэр болон элдэв ундаа савласан шүүс зэрэг нь хамаг хөдөлмөрийн чинь үр дүнг үгүй хийнэ шүү. Тэгэхээр эдгээрийг бодох ч хэрэггүй. Мах иддэг улсууд нь аажим бага багаар эхэлсэн нь дээр. Миний хувийн туршлага нэг их арвин биш. 1 хоногийн сойлт хэсэг хийдэг байсан. Харин 3 хоногийн сойлт цөөхөн хийж байсан. 

Тэр үед хамаг л мэдрэмж, үнэрлэх чадвар асар хүчтэй болж км-ийн цаанаас л нөгөө тоож хардаггүй байсан талхныхаа үнэрийг мэдэрдэг болдог юм. Эхний 1-2 хоног л хамгийн хэцүү дээ. Тэрийг давчихвал тэгээд л асуудалгүй. Харин нэг удаа сар гаран, 40 орчим хоног дан түүхий ногоогоор хооллож үзсэн. Raw Vegan буюу түүхий жимс ногоогоор хооллогч байж үзсэн. Тэр үед миний хамар их битүүрдэг, унтахад тун ядаргаатай, бүтэн нойртой амарна гэдгийг мэддэггүй байсан. Харин чанасан болгосон бүх хоол, бас бүх төрлийн гурил гурилан бүтээгдэхүүн, чихэр зэрэг биед салст үүсгэдэг бүгдийг орхиод хэсэг түүхий жимс, ногоон хоолтон болоод эхэлмэгцээ л нөгөө мөнхийн дагуул болсон хамрын битүү маань ор тас алга болж, ухаан санаа маань ч саруул болсон билээ. Харин овоо хэдэн килограмм хассан. За энэ бол сойлт биш, харин тусгай дэглэм байсан юм шүү. Сонин болгоод л хэлчихлээ.

Бас зарим ном заавар дээр сойлт эхлэх болон дуусах өдрөө тухайн өдрийнхөө гариг, махбод зэргээс хамааран сонгох тухай бичсэн байдаг. Үүнийг мэдэх нэг нь даган мөрдөж болно. Хувь хүнийхээ хувьд би зурхай болон бусад ёс журам зэргийг хүндэтгэнэ, гэхдээ өөрийн хийх зүйлээ тэр бүгдээр хязгаарлахыг хүсэхгүй. Яагаад гэвэл Бурхан багш өөрөө "Өдөр цаг бүхэн өлзий буян, од гариг бүхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй, мунхагийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр" хэмээн айлдсан байдаг. 

Ингэхээр өдөр бүр л сайн барилдлагатай, бид бүгд л бурхан чанартай учир элдэв юм бодож сэтгэлээ хямраахгүй л байвал асуудалгүй гэж боддог доо. Харин биеэ сайн ажиглаж, мэдэрч, түүнийхээ юу хэлээд байгааг ойлгож сурвал тун сайн хөтөч болно. Тэгээд та нар минь бүгдээрээ л дор бүрдээ өөрт таарсан ном, заавар олж аваад болгоомжтойгоор өөрийн биеэ эрүүлжүүлж, залуужуулах сонирхолтой аянаа урам зориг дүүрэн эхлүүлээрэй. Амжилт хүсье.

Цэвэрлэгээ буюу өлсөхийн гайхамшиг http://mongolcom.mn/read/43970

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Dulmaa

      (27.123.212.136) 2017-12-03 19:59
      • 0
      • 0

      Tanid ih bayarlalaa bi 3sar daraalaad dan Nogoo us uuj bsn biye maani hunguruud setgel sanaa uudrug Jin hasaad mash saihan bsn.

      Хариулах

    • Dulmaa

      (27.123.212.136) 2017-12-03 19:59
      • 0
      • 0

      Tanid ih bayarlalaa bi 3sar daraalaad dan Nogoo us uuj bsn biye maani hunguruud setgel sanaa uudrug Jin hasaad mash saihan bsn.

      Хариулах

    • Нар

      (176.171.196.22) 2017-02-14 19:28
      • 0
      • 0

      Ойлгомжгүй бна. Утгагүй ум.

      Хариулах