Аугаа их Октябрийн секс хувьсгал

Twitter Print
2018 оны 10-р сар 29-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст анх сексийн хувьсгал гарсан гэдэг үнэн хэрэгтээ тун эргэлзээтэй асуудал аж. Учир нь оросууд энэ хувьсгалыг бүр зууны эхнээс эхлүүлчихжээ. Үүнийг батлах сонирхолтой баримт мэдээлэл ч хангалттай байдаг байна. 

Наад захын жишээ гэхэд 1918 оны аравдугаар сарын 29-нд Москва хотноо ажилчин, тариачин залуучуудын холбооны анхдугаар их хурал хуралдаж, Оросын Коммунист Залуучуудын Эвлэл (РКСМ) байгуулах шийдвэрт хүрэхдээ хачин сонирхолтой дүрэм баталж байсан баримт бий. Тэр дүрэм ёсоор бол «Комсомолын гишүүн эмэгтэй бүр гишүүнчлэлийн татвараа цаг алдалгүй хураалгаж, олон нийтийн ажилд идэвхи зүтгэлтэй оролцдог ямар ч гишүүний эхний шаардлагаар биеэ өгч байх» ёстой байжээ. Хатуу чанд энэ дүрэм 1929 он буюу дараагийн засвар оруултал мөрдөгдсөн байна. 

Тэгээд ч тэр үеийн комсомолч залуучуудын дунд бүсгүйчүүдийг «үзээд алдах» (“пробовать”) үдэшлэг өргөн дэлгэрсэн байв. Энэ мэт арга хэмжээг бүр комсомолын хороо, үйлдвэр, заводын байранд нээлттэй зохион байгуулдаг байсан тул ангийн тэмцэлд хатуужиж, Маркс, Энгельс, Лениний бүтээлүүдтэй танилцаж, судлахаар ирсэн залуу хүн бүр хамрагддаг байжээ. Харин тэдэнд комсомолийн удирдагч нь хэн нь хэнтэй танилцаж үерхэхийг зааж, зааварлаж өгдөг байсан гэдэг. Гайхмаар баримт байгаа биз. Гэхдээ энэ бол эндүү ташаа асуудал огт биш. Үүнийг батлах яруу тод нэгэн жишээ бол 1920-оод онд гаргаж байсан ухуулга сурталчилгааны үзүүлэн буюу плакат.

“Бэлгийн амьдралын асуудал” хэмээн нэрлэсэн уг плакат дээрээс харахад  зүүн гар тал дахь нь “Комсомолч эмэгтэй бүр түүнийг угтах ёстой, эс бол хөрөнгөтний албат(мещанка-хувьсгалаас өмнөх жижиг худалдаачин, гар урчууд, нийгмийн доод давхаргын төлөөлөгчдийн бүсгүйг ингэж нэрлэдэг байв)” гэсэн уриа барьсан байхад баруун гар тал дахь нь “Комсомолч бүр бэлгийн хэрэгцээгээ хангах эрхтэй, хангаж байх ёстой” гэсэн ухуулга барьсан байх аж. Ойлгомжтой байгаа биз, өөр ямар ч тайлбар хэрэггүй.

Нам, засгаас нь ингэж уриалаад байхад мэдээж, залуучуудын урам зориг бадарч улс орон даяар хүчирхийлэл газар авалгүй яахав. 1926 онд гэхэд зөвхөн Москва мужийн шүүх бэлгийн хүчирхийллийн 547 хэрэг шийдэж байсан бол 1927 онд 726, 1928 онд 849 болтлоо өссөн байв. Оросын бусад томоохон хотуудад ч мөн адил үзүүлэлт гардаг байжээ. Харин 1926 оны зун «Чубаровскийн хэрэг» хэмээх дуулиан дэгдсэн байна. Энэ бол Ленинград хотын Чубаровскийн гудамжинд тариачин бүсгүй Люба Беляковаг  комсомолийн 26 гишүүн, Бүх Холбоотын Коммунист намын гишүүд хүчирхийлсэн хэрэг байв. Ингээд аргагүй их дуулиан дэгдсэн учраас дайчин давшингуй коммунистуудаас зургааг нь буудан хороож, бусдыг нь урт удаан хугацаагаар шоронд хорьсон байна.

Хувьсгалт он жилүүдийн эхнээс газар авсаар ирсэн энэ явдал мэдээж асуудал дагуулах болсон тул намын ажилтан Марков гэгч 1924 онд «Нийгмийн эрүүл ахуйн асуудлаар» явуулсан бага хурал дээр «Бид чөлөөт хайр сэтгэл гэдэг ухагдахууныг буруу ойлгосноос уг үндсээрээ их хохирол амсах эгзэгтэй үед ирээд байгааг анхааруулж байна. Үүний үр дүнд, энэ чөлөөт хайр дурлалын үрээр коммунистууд хүүхэд үйлдвэрлэж эхлэв... Дайн бидэнд тахир дутуу олон сая хүн өгсөн бол энэ буруу ойлгосон чөлөөт хайр сэтгэл гэдэг эрэмдэг зэмдэг олон хүүхдээр шагнахад хүрэх нь» гэж хэлж байжээ.

Люмпен пролетариудын сэтгэлгээ гэдэг л ёстой энэ байх. Улаан хувьсгалын ид дундуур Москвад очиж үзсэн Британийн алдартай зохиолч Герберт Уэллс ямар сайндаа ингэж хэлж байхав, «...социализм ялсан улс оронд сексийг ямар амар хялбар шийдчихдэг юм бэ» гэж. 

Харин коммунизмын  гэрэлт ирээдүйн төлөө социализм байгуулж эхэлсэн энэ улс орны удирдлагад Сталин гарч ирсэн 20-оод оноос улам өргөн дэлгэрлийг олж ирсэн сексийн хувьсгалд жаахан хазаар тавьж эхлэв. «Ёс суртахууны уналт» бүр газар авсан учраас тэр, нийгмийн санаа бодол ч эргээд «гэр бүл гэдэг нийгмийн үндэс» гэх шалгарсан үзэл баримтлалдаа хэвшиж эхэлжээ.

Үүгээр ч зогсохгүй, Сталины шинэ хуульчлал «Гэр бүлийг цуцлах тухай» Лениний тогтоолыг ч хүчингүй болгов. Ингээд 1934 оноос үр хөндөлтийг таслан зогсоож, мөн энэ оны гуравдугаар сард Калинин эрчүүдийн хооронд бэлгийн харьцаа тогтоохыг хориглох, цээрлүүлэх хуулинд гарын үсэг зурсан нь Орос орон даяар дайнаас дутахгүй дажин үүсгэсэн байна.

Октябрийн хувьсгалаар байгуулсан шинэ тулгар төр засаг дөнгөж хөл дээр тогтох гэж дэнжигнэж байсан 1917 оны  оны арванхоёрдугаар сарын 19-нд Лениний тунхагласан алдарт «Энх тайвны тухай» болон «Газрын тухай» тогтоолуудын араас «Гэр бүл цуцлах тухай», «Иргэдийн гэрлэлт, иргэдийн амьдралын нөхцөл, хүүхдийн тухай» тогтоолуудын бүрэлдэхүүнд «Ижил хүйстнүүдэд үзүүлэх цээрлэлийг цуцлах тухай» хууль тогтоомж батлагдсан байдаг аж. 

Гэтэл сонирхолтой нь Зөвлөлт Оросын 20-оод оны секс хувьсгалын уриа лоозонгууд коммунизмын онолоос урган гарсан байдаг бөгөөд энэ онолыг үндэслэгч Маркс, Энгельс, Август Бебел зэрэг олон сэтгэгчид эмэгтэй хүнийг нийгмийн өмч хэмээн эергүү үздэг байсан учир ганц хүнээс хамааралтай гэр бүлийн тогтоолцоог (моногами) нурааж, нийгмийн гишүүдийн бэлгийн хэрэгцээг хангах өөр арга зам хайдаг байсны үр дүн нь оросуудын амжилттай хэрэгжүүлсэн «чөлөөт хайр сэтгэл» гэлтэй. Тэгээд ч энэ туршилтаар үр хүүхдүүдийг нь улс өсгөж хүмүүжүүлээд өгөх  үүрэг хүлээж байсан болохоор хувьсгалын ялалтын төлөө борви бохисхийлгүй зүтгэсэн пролетариуд алив амсхийх чөлөөндөө ужид жаргалыг илүүд үзэж, хүүхэд үйлдвэрлээд байхаас өөрийг хүсэхгүй байлаа.

Оросуудын энэ хувьсгалт ололт амжилтаас идэвхийлэн суралцсан манайд ч мөн гучаад оны үед хамтрал хомуун байгуулагдаж, бултаараа цадтал идэж, хүний өөрийн ялгаагүй эхнэр хүүхдээ нийгэмчлэх нугалаа завхрал гарч байсан бөгөөд хэтэрхий задгай жаргасны эцэст мал хуйгаа барж, модоо барахдаа тулсан тул  даруй таслан зогсоож байсан түүх бий.

Коммунистуудын энэ үзэл санаа намын чиг баримтлалд мэдээж тусгалаа олдог байсан бөгөөд Оросын Социал Демократ Ажилчны намын III их хурал дээр Лев Троцкийд хэрвээ большевикууд ялсан тохиолдолд бэлгийн харьцааны тухайд шинэ онол, баримтлал боловсруулах үүрэг даалгавар өгч байсан аж. Харин Владимир Ленин өөрөө «Гэр бүлийн үнэт зүйлсэд шүтэлцсэн мэдрэмж, эрч хүчийг чөлөөлж, социализмын ялалтын төлөө ашиглах ёстой» гэж 1904 онд бичиж байсан бол 1911 онд Троцкий Ленинд «Бэлгийн хүчирхийлэл хүнийг боолчлох гол арга хэрэгсэл болдог нь гарцаагүй. Ийм хүчирхийлэл байсаар байсан цагт жинхэнэ эрх чөлөөний тухай ярихын ч хэрэггүй. Гэр бүл гэдэг ухагдахуун хөрөнгөтний хүрээлэлийн нэгэн адил үеэ өнгөрөөлөө. Ажилчин ангид энэ тухай сайн ярьж, тайлбарлан таниулах хэрэгтэй байна…» гэж бичсэн байхад Ленин хариуд нь «...Зөвхөн гэр бүл ч биш. Бэлгийн харьцаанд тавьдаг бүх хориг цээрийг таслан зогсоох хэрэгтэй... ганц хүнээс хамааралтай хайр сэтгэлийг хориглоход эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн төлөө тэмцэгчдээс (суфражист) бидэнд суралцах зүйл бас байна» гэж байжээ.

«Ичгүүр сөнөтүгэй!» 

Оросуудын 20-оод оноос эх авсан сексийн хувьсгал “Ичгүүр сөнөтүгэй!” («Долой стыд!») уриан дор өрнөж байв. Улс орон даяар «шинэ дэвшлийн хүмүүс» үзэл санаагаа тунхаглаж, гудамж талбайгаар чармай нүцгэн сэлгүүцдэг болсноор барахгүй, ичгүүр, санаа зовинол гэдэг зөвлөлтийн ард түмэнд огт хамаагүй энэ бол хуучин хөрөнгөтний нийгмийн үеийн хоцрогдол хэмээн өндөр дуугаар ухуулан таниулдаг болж.

1918 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Петроград хотноо «Гэр бүл цуцлах тухай» тогтоол батлагдсаны нэг жилийн ойн баяр ёслол дээр ижил хүйстэн бүсгүйчүүдийн (лесби) жагсаал хөврөн орж ирэхэд Ленин тун сэтгэл догдлон «Так держать, товарищи!» хэмээн мэндчилж байсныг Троцкий хожим нь дурссан байдаг.

Харин Москвад бол цээжээрээ улаан тууз ороосон жагсагчид Улаан талбай дундуур чармай нүцгэн туучсан бөгөөд өргөн олныг эгнээндээ нэгдэхийг уриалж байсан гэж байгаа. Нүцгэн пролетариудын энэ санааг Лев Троцкийн дотнын анд, большевик намын үнэнч хүү Карл Радек сэдэж олсон байна. Энэ сүрт жагсаалын тухай тэр үеийн хэвлэлийн мэдээнд «Усанд орох гэж байгаа маягтай энэ жагсаалын тэргүүнд нэр хүндтэй большевик, Ленины дотнын хүн Карл Радек явж байлаа. Дашрамд тэмдэглэхэд тэрээр, гэртээ чармай нүцгэн явдаг учир хамт амьдардаг эгчийнхээ нялх нойтон хүүхдүүдийг айлгаж ичээдэг байна...» хэмээн буулгасан баримт байдаг аж.

Сергей Алексеевич Григо́рьев
«Комсомольд элсүүлэх шалгалт» (1949, Украины Үндэсний урлагийн музей, Киев); Сталины хоёрдугаар зэргийн шагналт (1950)

Гэвч хачирхалтай нь энэ мэт ичгүүргүй, гудиггүй явдал зөвхөн нийслэл хотоор хязгаарлагдсангүй бусад томоохон хотуудаар ч гарч байв. Тэдгээрээс заримыг нь дурьдвал,

Крым. Симферополь хотод Владимир Маяковский тэргүүтэй пролетарийн ухуулагчид «гэгээрүүлэх» ажлаар очив. Төлөөлөгчдийн тэргүүнд Маяковский цагаан костюмтой алхаж явсан бол дэргэд нь цээжээрээ «Долой стыд!» гэж бичсэн улаан даавуу эгэлдэрсэн чармай нүцгэн хоёр хүүхэн явахыг орон нутгийн иргэд олж харсан байна.

Краснодар. «Долой стыд!» хэмээн бичсэн ганц туузаар гоёсон ухуулагч индэр дээрээс «Хамжлага сөнөтүгэй! Худал хуурмаг хар лам нар сөнөтүгэй! Бидний коммунчдад бие халхалсан ямар ч хувцас хэрэггүй! Бид алтан нар, тэнгэрийн хүүхдүүд!» хэмээн хашгирч байв. Гэвч оройхон түүнийг индэр дээрээ навс зодуулсан хэвтэж байхыг хүмүүс олж харсан байна.

Нийгэм гэнэт  тэр чигээрээ өөрчлөгдөн шинэчлэгдэхэд урьд өмнө нь ухаан санаанд ороогүй гэнэтийн үйл явдалтай нүүр тулсан хүн  цочирдож, оюун ухаан нь  хэсэг зууртаа самуурдаг гэх судалгаа, онол магадлал байдаг бол Октябрийн хувьсгалын үр нөлөө оросуудад зөвхөн ингэж туссан бус Америкт ч цагтаа хоёр ч удаа секс хувьсгал гарч байсан билээ. Эхнийх нь харин оросуудаас аль эрт 1900-аад онд нийгмийн эрүүл ахуйн хөдөлгөөнөөр тохиосон бол удаах нь 1960-аад онд баригдмал үзэл суртлаас чөлөөлөгдөх үндсэн дээр гарсан гэж үздэг. Тэгээд сүүлийн энэ хувьсгал хүн төрөлхтний хэвшмэл бэлгийн чиг хандлагыг өөрчилсөн учраас 1960-аад оноос 80-аад оныг дуустал хорь гаран жил үргэлжилсэн түүхтэй. Одоо харин энэ тухай “хориотой” сэдвийг хэн ч тоохгүй  “асуудал” болж хоцорч. Энэ тэгээд секс хувьсгалын үр нөлөө юу, эсвэл хүн төрөлхтний оюун санааны хоосрол уу? Гэвч оросуудын хувьсгалч үзэл санааны түүхийг эргэн сөхөөд үзэхэд сонин л юм.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.