Ирэх баярын өдрүүдэд ямар түгшүүрт мэдээ дахин дуулах бол...

Twitter Print
2016 оны 12-р сар 20-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Зул сарын баяр дөхөхийн хэрээр дэлхий дахиныг аймшиг, айдас хүйдэс нөмрөн айсуй. Энэ нь зөвхөн Христийн шашинтай улс орнуудад хамаагүй, лалын шашны суурь үзэлтнүүд Баруун Европ, Америк төдийгүй, бурхны шашин шүтлэгтнүүдээс ч болов “Аллахын төлөө” өс авахаар хатуу шийдсэнийг сүүлийн хэдэн өдөрт өрнөсөн үйл явдал тодорхой илтгэнэ. Тэр бүх үйл явдлыг товчоолж үзвэл,

-ОХУ-ын элчин сайд Анкарад амиа алдав.

-Берлин хотод зул сарын үзэсгэлэн яармаг сонирхсон хүмүүс ачааны том тэргэнд дайруулж эрсдэв.

-Иорданид гадаадын иргэд амь үрэгдэж, барьцаалагдав.

-“Лалын улс” бүлэглэл Грозныйд халдлага үйлдлээ.

-Йемений цэргийн баазад дараалсан халдлага гарч 100 орчим хүн амь үрэгдэв.

-Туркэд цагдаа нарын сууж явсан автобусыг дэлбэлэв.

-Туркийн нийслэл дэх АНУ-ын элчин сайдын яамны үүдэнд нэгэн этгээд буу тавив.

-Швейцарийн Цюрих хотноо лалын шашны төвд халдав.

Дэлхий дахиныг одоохондоо шуугиулж байгаа тоймтой хэдэн мэдээлэл нь энэ. Гэтэл өнөөдөр бас хаа нэгтээ ээлжит ямар халдлага гарч хичнээн хүн амь үрэгдэхийг мэдэшгүй. Магадгүй маргааш нөгөөдрөөс тэр тухай мэдээлэл түгэхийг үгүйсгэхгүй. Шинэ оны босгон дээр тэд ийм л бэлэг бэлдэж. Хэнд ч тодорхой. Тэд гэдэг бол эрүүл саруул ухаантай хүн бүхний яснаасаа жигшин жийрхэх лалын шашны суурь үзэлтнүүд-жихадууд. Одоо тэд яахаас буцахгүй нь тодорхой болсон учир дэлхий дахин ч зохих хариу барина. Хариу барихгүй байхын ч аргагүй, гэвч…

НҮБ-ын Аюулгүй Зөвлөл шуурхай хуралдаж, Оросын элчин сайдын амийг бүрэлгэсэн явдлыг террорист хадлага хэмээн тэмдэглээд энэ аллагыг зохион байгуулсан цаад эздийг нь олж хариуцлага хүлээлгэх шийдвэрт хүрэв. Гэвч энэ зайлшгүй арга хэмжээ хэр үр дүнд хүргэхэв? “Цаад” гээд байгаа эзэд нь нэгэнт тодорхой байхад яах аргагүй арга хэмжээ гэдэг бол дайн гэсэн үг. Товчдоо дэлхийн хүн ам хоёр хуваагдан нэг хэсэг нь лалын ертөнцийн эсрэг хариу арга хэмжээ авна, харин нөгөө хэсэг нь дайтана.

ОХУ ч ийм мэдэгдэл хийлээ. Бас л “цаад” эздийг нь гэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдогантай утсаар ярихдаа болон телевизээр үг хэлэхдээ “энэ балмад явдлыг сэдсэн хэн боловч ОХУ, Туркийн хоорондын харилцаа тогтворжиж байгаа үйл явцыг таслан зогсоох, тэр дундаа Сирийн терроризмын эсрэг эрчимтэй тэмцэл явуулахад саад тээг учруулахыг зорьж байна. Энэ зорилгодоо харин тэд балмад арга замаар хүрэхийг хичээж байгаа бол тэр нь бүтэхгүй” гэж мэдэгдэв.

Түүний хэлсэн ёсоор одоо ОХУ-ын шуурхай мөрдлөгийн тусгай бүлэг Туркийн шинжээчидтэй хамтран хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоож, энэ хэргийн цаана хэн зогсож байгааг олж илрүүлэхээр ажиллаж эхлэв. Харин оросууд хэргийн цаад эзэн нь хэн байгааг бэлхнээ мэдэж, уг учигийг олж бариад байгаа хэрнээ улам орооцолдуулан ээдрүүлэх гээд байгаа мэт. Гэвч олон улсын хэмжээнд мөрдөгддөг дипломат ёс журмаар бол буруутай талд хүлээлгэн өгөх “илгээмж“-ийн хаяг, нэр усыг албан ёсоор тодруулах учиртай.

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп Оросын элчин сайдын аминд хүрсэн, Берлинд олон хүнийг дайрч хөнөөсөн  явдлыг шууд өдөөн хатгасан халдлага гээд цаад эзэд нь лалын туйлширсан үзэлтнүүд гэж мэдэгдлээ. Угаасаа л дүрвэгсдийн бодлого, лалын суурь үзэлтнүүдийг үзэж чаддаггүй тэрээр "энэ бол дэлхийн соёл иргэншлийн бүх талын хэм хэмжээг ноцтой зөрчсөн асуудал тул хаана ч шүүх ёстой" гэж мэдэгдсэн байна. Үүний дээр "Лалын улс" бүлэглэл болон лалын бусад туйлширсан үзэтнүүдэд христийн шажинтнуудыг алж устгах явдал "Бүх дэлхийн хамарсан жихадын нэг хэсэг" гэж тэмдэглээд зогсохгүй өөрийн Twitter хуудсанд "Өнөөдөр Турк, Швейцари, Германд гурван удаагийн халдлага боллоо. Соёл иргэншилтэй ертөнц одоо өөр сэтгэх ёстой" гэж бичсэн байв.

Энэчлэн Францын ерөнхийлөгч Франсуа Оллан, Их Британийн гадаад харилцааны сайд Борис Жонсон, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дага Иенс Столтенберг нарын өрнөдийн улс төрийн зүтгэлтнүүд Оросын дипломатын аминд хүрсэн явдлыг "арчаагүй" хэмээн үзэн ядаж байна.

Харин энэ мэт уур амьсгал дэлхий дахины улс төрийн хүрээнийхэнд нөлөөлөөд зогсохгүй энгийн иргэдэд дургүйцэл жигшил төрүүлж, айдас эмээлд автуулж байна. Үүний тод жишээ гэхэд АНУ-ын Төрийн департамент өөрийн иргэдийг Европт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, араб гаралтай маягийн халтар царайтнуудаас нүд салгахгүй байхыг уриалсан байна. Энэ анхааруулга  2017 оны хоёрдугаар сарын 20 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Учир нь Зул сарын баярын аялал жуулчлалын энэ оргил үед дахин ямар ч халдлага гарч болзошгүй, бүр Төрийн департментад ирүүлсэн өндөр магадлалтай  баримт мэдээллээр бол "Аль-Каида" болон”Лалын улс” бүлэглэлийн террористууд Зул сарын баярын үеэр Европын улс орнуудад халдлага үйлдэхээр төлөвлөөд байгаа аж.

Энэ мэт баримт мэдээлэл, анхааруулга Францын иргэдэд мөн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд  тус улсын хүн амын 71 хувь нь шинэ жилийн баяр ёслолын үеэр террорист халдлага гарахаас болгоомжилж байна. Урьд өмнө юу ч, хэзээ ч тэднийг ингэж айдас түгшүүрт автуулж байгаагүй учир халдлага гарах өндөр магадлалтай газрууд болох томоохон худалдааны төвүүдээр орохоос татгалзах болсон аж. Тиймээс Францад энэ жилийн Зул сарын баяр ёслол нам тайван өнгөрөх нь.

Баярын ийм “уур амьсгал” хөрш зэргэлдээ Бельгид ч мөн адил аж. "Лалын улс" бүлэглэлийн талд тулалдаж буй 5000 европчууд Зул сарын баяраар нутагтаа эргэн ирэх учраас халдлага гарах магадлал өндөр гэнэ. Бельгийн Дотоод явдлын яамны сайд Ян Ямбон террористуудын талд тулалдаж байсан 117 бельги иргэн гэртээ эргэж ирсэн гэж мэдэгджээ.

Их Британид мөн адил ийм нөхцөл байдал тулгараад байгаа бөгөөд Сирид лалын зандалчдын талд тулалдаж байсан иргэд эх орондоо эргэж ирж байгаа тул Британийн тусгай алба SAS сөрөг тагнуулын MI5 байгууллагатай хамтран шинэ оны баяр ёслолын үеэр Лондон, Бирмингем, Манчестер, Лидсийн аялал жуулчлалын бүсүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах төлөвлөгөө гаргажээ.

Энэ мэт айдас түгшүүрийн улмаас ирэх баярын өдрүүдэд ямар түгшүүртэй болон жигшүүрт мэдээ дуулах бол...  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.