Г.Мөнхбаяр: ТОСК цаашдаа барилга барихгүй

Twitter Print
2016 оны 12-р сар 20-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд"-ын талаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл хийсэн юм. 

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр:

"Барилгын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт 2008 онд 3.8 тэрбум төгрөг байсан. Өнгөрсөн жил 100.9 тэрбум төгрөг болж 3.1 дахин нэмэгдсэн. Энэ онд барилгын салбарт ямар нэг шинэ хөрөнгө оруулалт байхгүй.

Улсын хэмжээнд 770 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын иргэдийн 30 хувь нь инженерийн тоног төхөөрөмжид холбогдсон орон сууцанд хамрагдсан байна. Ойрын дөрвөн жилд Улаанбаатар хотод  жил бүр 40000 айл орон сууцад хамрагдах хэрэгцээ байна.

Улаанбаатар хотод орон сууцны хэрэгцээ байнга байдаг. Өнөөдөр 4 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлээд байна. Өнгөрсөн 10 дугаар сарын дүнгээр 672 иргэд ипотекийн зээл авсан байна. Монгол банк УИХ чиглэл өгсний дагуу өмнө нь 8 хувийн зээлээр санхүүжүүлэгдсэн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр зээлийг үргэлжлүүлэн явуулж байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байгаа. Зээл олголтын бодит эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна.

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны 725 айлын сууц Улаанбаатар хотод байна. Үүнээс борлогдоогүй орон сууц Буянт-Ухаа хороололд байгаа. Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны талбайн ам.метрийн хэмжээг  нэмэгдүүлсэн"  хэмээлээ.

Хуралдааны үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Ипотекийн зээл сүүлийн саруудад бага олгогдож байна. Хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхэн барилгаа бариад явж байхад төрийн өмчийн компанийн хэрэг байхгүй баймаар. ТОСК-ийг цаашид хэрхэх бэ? Борлогдоогүй байгаа орон сууцуудыг хэрхэн зах зээлийн эргэлтэд оруулах, барилгын компаниуд хэт олширч байгаад салбарын яам бодлого барих гэж байна” 

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Одоогоор энэ зээл эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжиж байгаа. Тодорхой хугацаанд ингэж явах нь. Сангийн яамх бодит эх үүсвэр чиглэлээр ажиллаж байгаа. Сая бодит эх үүсвэр орож ирэх асуудал бараг шийдэгдсэн байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. ТОСК цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцны асуудлаа хариуцаж ажиллах юм” гэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн олголтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаармаар байна. Орон нутагт орон сууц баригдах нь эрс бага байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжих ямар гарч байгаа бэ? Төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэхдээ орон нутагт нь эрхийг нь өгчихөж болдоггүй юм уу? Ингэхгүй болохоор аймагт эрх мэдэл алга, тендерээр хэдэн тахир дутуу барилга баригдаад, эзэд нь хот руу явчихаад байна. Замын-Үүдэд 100 ортойгоор баригдах эмнэлэг нь одоо жорлон болчихоод байна. Хөрөнгийг нь бүгдийг нь авчихсан. Сургууль цэцэрлэгийн засварын орон нутагт компани очиж хийгээд, эргээд утсаа авахаа больчихдог. Ийм боломж нөхцлийг салбарын яам нь засаг даргад нь өгчихөж болдоггүй юм уу

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Аймаг орон нутагт ипотекийн зээлийн хүүг наймаас бага хүүтэйгээр олгох чиглэлд яам анхаарч ажиллаа. Бодит эх үүсвэр олдсон тохиолдод энэ ажлыг эхлүүлнэ. Төсвийн хөрөнгөөр баригдах орон нутгийн барилгын ажлыг бид анхаарна. Орон нутгийн ядуурал, Нийслэлийн утааны асуудлаар бид олон улсын байгууллагуудтай ярьж байгаа. Амины орон сууцтай айлуудыг идотекийн зээлтэй хэрхэн уяж өгөх асуудлаар ажиллана. Үүнийг бид шийдэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд явагдсан тендерүүдийн тухайд бид асуудлыг нягтлаад, холбогдох шаардлагуудаа тавиад явна. Уг нь аймгийн засаг даргад тендерийн эрх байдаг. Гэтэл тэр нөхөр нь Нийслэлийн компанид өгчихсөн байгаа юм. Цаашид улсын төсвөөс барилгын ажил нь дуусаагүй компаниудын мөнгийг олгодог хэлбэрт хязгаарлалт хийнэ” гэсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Ипотекийн зээлийг үргэлжлүүэхээр УИХ-аас тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд салбар яам хэрхэн ажиллаж байна. Үүний хэрэгжилтэд манай байнгын хороо хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй” хэмээн тодруулга хүсэхэд, 

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Өнөөдрийн бололцоон дээр тулгуурлаж Монголбанк идэвхтэй ажиллаж байгаа. Сангийн яамнаас ипотекийн зээлийн бодит эх үүсвэрийн асуудлаар мэдээлэл авах хэрэгтэй. Барилга хот байгуулалтын яам чиг үүргийнхээ хүрээнд ипотекийн зээлийн эх үүсвэрийг хариуцахгүй байгаа. Гэхдээ Сангийн яамтай хамтран идэвхтэй ажиллаж байна.”

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сангийн яамыг хараад хэрэггүй. Барилга хот байгуулалтын яам хөрөнгө оруулалтаа хөөцөлдөх хэрэгтэй. Яам санаачлагатай ажиллаарай” гэсэн юм. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.