Музей үзэх соёлд суралцацгаая: Үзмэрийн танхимд уух шингэн, идэх зүйлсийг хориглодог

Twitter Print
2022 оны 10-р сар 17-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

"Чингис хаан" музей нээгээд удаагүй ч бид ачаалалаа дийлэхгүй ажиллаж байна. Бүгд тайлбарлагч, зохицуулагч, чиглүүлэгч, зохион байгуулагч хийж дээр дооргүй хөл хөөрцөг болсон хүмүүст музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх хүчээ дайчлан өдрийн цайгаа ч ууж амжихгүй чадлын хэрээр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл музейг маш богино хугацаанд нээх болсон нь эцэстээ алба хааж буй энгийн албан хаагчдад асар их ачаалал ирж, ухаан алдаж унатлаа ажилласан ч залгуулаад нээлт болоод шууд ачаалалаа дийлэхээ байгаад байна.

Энэ өдрүүдэд анзаарсан зүйлсийг хэлмээр санагдлаа.

1. Музейн үзмэрийн танхимд уух шингэн, идэх зүйлсийг дэлхийн бүх улсад адил хориглодог. Үүнийг БҮХ ЭЦЭГ ЭХЧҮҮД НАС БИЕД ХҮРСЭН ИРГЭД МЭДДЭГ БОЛМООР БАЙНА. Музейн үзмэрийн танхимд уухаа идэхээ болиоч ээ, идэж уух юмаа аваад ирсэн бол коридорт зааланд гараад идэж болно оо, гагц үзмэрийн танхимд л биш. Таны хэн нэгний асгасан шингэн дээр араас орж ирэх нэгэн хальтирч гулгаж унах эрсдэлтэй байдаг. Танхимд хоол хүнсний бүх төрлийн үлдэгдлээс болж элдэв хорхой шавьж үүрлэх боломжтой. Үзмэрийн хорго, эд өлгийн зүйлсийг хоол хүнсээс тусгаарладаг гол шалтгаан энэ. Музей рүү зарим нь идэж уух гэж ирсэн аятай санагдсан. Музей бол кино театр биш.

2. Ил Үзмэрт Гар хүрэхгүй байж сурья. Хүүхдээ хөтлөөд ээж аав нар орж ирээд шууд л өөрсдөө үзмэрт гар хүрээд явах, хажуунаас нь хүүхдүүд яг ээж аав нарынхаа үйлдлийг дуурайх юм. Ид ачаалалтай байх үед 1000 хүнд, 2000 удаа, үзмэрт хүрэх хэрэггүйг сануулавч аанай л.. Овор ихтэй үзмэрүүд олон гаранд өртсөөр унаж хүн гэмтэх, үзмэр эвдэрч муудах аюултай. ҮЗМЭРТ БИТГИЙ ХҮРЭЭРЭЙ. Музей бол гудамж талбай биш.

3. Музейд оройтож ирчихээд хаах болохоор танхимаар давхраар хэсээд байдаг. Нэг бол дөнгөж 200м хүрэхгүй газар шатаар өгсөж гарч ирэнгүүтээ үзүүллэгийн танхимд ороогүй байж шууд л өөдөөс хоолны газар цайны газар ус ундаа нэхээд байдаг, уучлаарай, нэг давхраас тасалбар авахдаа энэ бүхнийгээ өөрсдөө зохицуулж орж ирмээр байна, гэрээсээ гарахдаа өглөө эрт босоод музей үзнэ гэж төлөвлөсөн бол цай хоол ундаа уугаад гарч баймаарсан. Музей бол гуанз биш.

4. Музейд зураг дарахыг хориглосон л бол хулгайгаар зураг дарах хэрэггүй л баймаар. Танхимд зураг дарах бичлэг хийхийг хориглосон. Өөрсдийнхөө соёлын хосгүй үнэт өвүүд, монгол улсынхаа эрдэнэсийн сан болсон үнэт үзмэрийн зураг дарах гэж улайрч явснаас гар утсаа халааслаад хүүхэддээ тайлбарлагч хийх гэж оролдвол яасан юм бэ эцэг эхчүүд ээ! гэж уриалмаар байна.

5. Сургуулийн сурагчид ангиараа сургуулиараа ирж музей үзэж байна. Үнэгүй үздэг ч гэсэн музей үзэх соёлд суралцаагүй байгаа хүүхдүүдийг багш нар асран хамгаалагчид нь даан ч нэг тоохгүй, хэлж чиглүүлэхгүй... Бод доо, нэг танхимд 100 гаруй сурагч хүүхдүүд шуугилдаад ороод ирдэг, хажууд нь нялх хүүхэдтэй эцэг эхчүүд өндөр настан, гадны жуулчид... Ишиг хурга тугал унага бүгд нэг хашаанд байна уу гэлтэй. Хамгийн чухал нь хэн нь ч хэндээ ч садаа болдоггүй бол, музей үзэх соёлд суралцсан бол зүв зүгээр. Өөрсдөө төсөөл өө энэ үзэгдлийг. Тайлбарлаж чадахгүй нь.

Цагийн хуваарь: 09:00-18:00 гэсэн ч 15:30~16:00 цагт билетийн касс хааж (сүүлийн үйлчлүүлэгч тогтсон цагаар тасалбар болж) 17:00 цагт үзүүллэгийн танхимууд хааж, өдөр бүр танхимуудад цэвэрлэгээ ариутгал хийгддэг байна. Үүнийг бодолцох хэрэгтэй. Дэлхийн аль ч ямар ч музей аль нэг өдөр амарч тэр өдрөө их цэвэрлэгээ ариутгал хийгддэг. Чингис хаан музейн хувьд МЯГМАР гарагт амарна.

Нээлтийн өдөр тусгай УРИЛГААР бид 2000 орчим хүнд үйлчилсэн. Маргааш нь олон нийтэд шууд үүд хаалгаа нээхээр бэлдсэн. Зассан тайз тусгай үзэсгэлэнгээ бүгдийг л байлгаж байсан. Хаалга балбаад орно гэж гадаа бөөндөө үймээн дэгдээгээд юу болов оо. Тэгтлээ хүлээсэн олон иргэдээ сэтгэлийг нь дэвтээх гээд оруулсан. Орсон хүмүүс нь бөөн хэл ам хийгээд яваа сурагтай. Бүхэл бүтэн хамт олны ар гэр, төрийн өндөрлөгүүд, хамтран ажилласан уран бүтээлчид байгууллагууд гээд урилгатай хүмүүст зориулсан нээлт байсан шүү, бид өөрсдөө нээлт гээд тэмдэглээд хөөрөөд явсан юм байхгүй ээ.

Одоо ч ядраад яс шархираад бүх бие салж унах нь холгүй өвдөж шаналж дээрэлхүүлж доромжлуулж тэгсэн ч шүдээ зуун тэвчиж яваа энгийн л албан хаагчийн бодлыг сийрүүллээ.

ХҮНИЙ ХӨЛ ХӨДӨЛГӨӨН, ИХ УРСГАЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ ХӨВӨРЧ БАЙГАА Ч МУЗЕЙ РҮҮ ОЧИХ ӨӨРИЙН ШАЛТГААНАА ЯГ ТАГ ТОДОРХОЙЛООД, МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛД ХАМТДАА НИЙТЭЭРЭЭ СУРАЛЦААД ЯВБАЛ ЯАЖ БАЙНА.

ҮЕИЙНХЭНДЭЭ, ХАМТРАГЧИДДАА, НАЙЗУУДДАА, ГЭР БҮЛДЭЭ, ҮР ХҮҮХЭДДЭЭ ДЭЭР СИЙРҮҮЛСЭН 1,2,3,4-Р ЗҮЙЛИЙГ ХЭЛЖ, ЗӨВЛӨЖ НИЙГЭМ ДАЯАР ЭЕРЭГ ХАНДЛАГААР ДАВАЛГААЛЬЯ.

ЭЦЭСТ НЬ: ЭХЛЭЭД МУЗЕЙГ ИРЭЭД НҮДЭЭР ҮЗ, ДАРАА НЬ ДҮГНЭ.

Хүндэтгэн,

Музейн ажилтан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.