Найдлага талаар өнгөрөв

Twitter Print
2016 оны 12-р сар 16-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

ОХУ, Японы хоорондын харилцаанд “шүдний өвчин” болсон газар нутгийн маргаантай асуудал энэ удаад шийдэгдэхгүй бололтой. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч үүнд эхнээс нь ойлголт өгсөн зангараг гаргав. Учир нь өчигдөр 15-ны өдөр тэрээр Японд очихдоо түүний энэ удаагийн айлчлалд ихээхэн найдлага тавьж байсан Японы талынхныг бүтэн гурван цаг хүлээлгэсэн байна.

Гэвч Путины ингэж хоцорсон шалтгаан Сирийн хямралыг зохицуулах (тэр дундаа Алеппо хотын хувьд) геополитикийн нэн чухал асуудал гарсантай холбоотой гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Олон улсын хэмжээнд чандлан мөрддөг дипломат ёс журамд сонирхолтой нь энэ мэт явдал хүлээн зөвшөөрөгдөх асуудал уу. Гэтэл Японы талаас энэ асуудлыг “ердийн л явдал” гэж үзэж, тун найрсагаар тал зассан байна. Ёстой “гуйх хүн бөхийж, гуйлгаж байгаа нь гэдийдэг” гэдэг л энэ болж гэлтэй.

Ингээд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээ Нагато хотод үргэлжилж байна. Өнөөдөр Путины айлчлалын хоёр дахь, Япончуудын хувьд шийдвэрлэх маш чухал өдөр. Харин Оросын төрийн тэргүүний хувьд 11 жилийн хойно хийж байгаа энэ айлчлалын үр дүн оройхон тийшээ ямар байх бол гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Владимир Путин Нагато хотын Ямагути Убэ нисэх онгоцны буудалд газардахдаа, Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн хүчин чармайлт Орос-Японы  харилцаанд "дэвшил" гаргасныг тэмдэглэж, үр дүнтэй яриа хэлэлцээр болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн нь зөвхөн дипломат чиг бодлогоор хэлдэг ердийн үг болохоос эцсийн үр дүнд найдлага төрүүлэх асуудал биш.

Гэвч япончуудын найдлага тасарсангүй. Шинзо Абе Путиныг төрөлх хот Наготад чин сэтгэлээсээ хүлээн авч байгаа нь ч учиртай. Путинд нэгийг бодуулах үүднээс. Тэр ч байтугай хэдэн өдрийн өмнө тэрээр Умард газар нутгийн (Японд өмнөд Курилын арлуудыг ингэж нэрлэдэг) иргэдтэй ярилцаж,  энэ удаагийн хэлэлцээрт тэднийг дэмжинэ гэж амлаад авсан байна. Харамсалтай нь түүний энэ их хүчин чармайлт зохистой үр дүнд хүрсэнгүй.

Хоёр талын гадаад харилцааны төлөөлөгчдийн урьдчилан хэлэлцэж, тохиролцсоноор энэ удаагийн хэлэлцээрээр маргаантай газар нутагт эдийн засгийн хувьд хамтран ажиллах хэдэн хэдэн гэрээ байгуулах боловч Путины хувьд үүнээс илүү гаргалгүй, ам таглаж орхих магадлалтай байсан, тэр ч ёсоор одоо эдийн засгийн хамтын ажиллагаанаас одоохонддо хэтэрсэнгүй. Саяхан Японы сэтгүүлчдэд өгсөн түүний ярилцлагаас үзэхэд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн уулзалт энхийн гэрээ байгуулах асуудалд илүү найдах ахиц авчрахгүй нь тодорхой болсон.  Хоёр улсын хооронд өнөө болтол энхийн гэрээ байгуулаагүй байна гэдэг "засаж залруулах" ёстой "анахронизм" буюу “хоцрогдсон явдал” гэж Путин хэдийгээр мэдэгдэж байсан ч гэлээ асуудлыг чухам хэзээ, хэрхэн шийдвэрлэхэд  тэрээр тодорхой хариулт өгөөгүй. Энэ нь ч учиртай, Токио өрнөдийнхний гар хөл болж,  Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан явдалд Путин гомдолтой байгаагаа саяхан Японы сэтгүүлчдийг хүлээн авч уулзахдаа тодорхой хэлж байв, яагаад гэж. Харин яагаад гэдгээ Японы тал  энэ удаа эвтэйхэн тайлбарлаж чадвал нааштай үр дүнд хүрч, алдагдсан газар нутгаасаа ядаж талыг нь болов эргүүлэн олж авч магадгүй байсан хэдий ч одоо асуудал нэгэнт шийдэгдчихлээ.

Дээд хэмжээний энэ удаагийн уулзалтаар эхний ээлжинд Хабомаи болон Шикотан хоёр арлыг эргүүлэн авах тухай асуудал яригдаж магадгүй гэсэн мэдээлэл өмнө нь Японы хэвлэл мэдээлэл дээр гарч байсан бол айлчлалын хугацаа дөхөөд ирэхийн хэрээр энэ таамаглал үндэслэлгүй болсон байна. Харин ч оросуудын тавих санал эртнээс тодорхой байсны дагуу маргаантай газар нутаг дээр одоо эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж, хоёр орны хооронд визийн хялбаршуулсан журмаар зорчих яриа хэлэлцээр бодитой болоод ирэв.

Хоёр улс засгийн газрын түвшинд 13 хэлэлцээр, тэдгээрийн дотор эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурахын хамт бизнесийн 60 гаруй гэрээ, тухайлбал Дорнод Сибирь дэх нүүрсний ордыг хамтран ашиглах, Арктикт байгалийн хий олборлоход зээл олгох тухай гэрээ байгуулна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд гаргасан хэвлэлийн мэдээнд дурьдсан байна.

Ингээд хоёр улсын удирдагчид өнөөдөр Токио хотноо дахин хэлэлцээ хийж, үдээс хойшдоо хүндэтгэлийн зоог барьснаар айлчлал өндөрлөнө.

Японы Умард газар нутаг гэдэг Курилийн арлууд Дэлхийн хоёрдугаар дайнд Япончууд ялагдсаны дүнд ЗХУ-ын мэдэлд шилжсэн билээ. Тэр цагаас хойш Токио уг бүлэг арлуудыг бүхэлд нь багтаадаг Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлуудыг нутаг дэвсгэртээ эргүүлэн авах асуудал тавьдаг болсноор хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах асуудал хойшлогдсоор ирсэн бөгөөд 1956 онд ЗХУ, Япон улсын хооронд дайны нөхцөл байдлаас гарах тунхаглал баталсан хэдий ч энхийн гэрээ байгуулаагүй байна. Гэхдээ уг тунхаглалд тэмдэглэснээр, хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулсан цагт ЗХУ Шикотан болон Хабомаин эгнээ арлуудыг Японы талд эргүүлэн өгөх үүрэг хүлээсэн байдаг боловч тэр цагаас хойш бүтэн жаран өнгөрсөн өнөө цагт ч мөн энхийн гэрээ байгуулсангүй.

Оросын талаас гэтэл яагаад буулт хийхгүйд хүрэв? Үүнд харин учир шалтгаан байдаг аж. Учир нь яагаад ч юм оросууд Курилийн арлуудыг фашизмын даран сөнөөсний нэг билэг тэмдэг, бахархал гэж үздэгийн дээр 2014 оны хавар Крымийг нэгтгэсний дараа Путин эх нутгийнхаа алга дарам ч газрыг алдахгүй  хэмээн амлалт өгч, өөртөө бас нэгэн имиж олж авсан нь Японы талаас тавьдаг маргаантай асуудалд цэг тавьсан гэхэд болно. Гэвч Япончууд үүнийг өнөө хэр ойлгосонгүй, тэгээд ч найдлага тасарсангүй. Учир нь газар нутгаа эргүүлэн авна гэдэг тэдний хувьд нэр төрөө сэргээнэ гэсэн үг. Тиймээс энэ асуудал тэдний хувьд үеийн үед яригдах асуудал. Японы засгийн газрын одоогийн тэргүүний эцэг Синтаро Абэ 1980-аад онд Японы дипломат албыг тэргүүлж байсан цагтаа Михаил Горбачевт асуудлыг тавьж, арга мухардаж байсан учир Шинзо Абэ "Манай үеийнхэн энэ асуудлыг шийдвэрлэхийг би харна. Үүнийг би өөрөө хариуцна” гэж мэдэгдэж байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.