Толгойн өвдөлтийн төрөл, шалтгаан, эмчилгээ

Twitter Print
2017 оны 10-р сар 02-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

30 гаруй төрлийн толгойн өвдөлт байдаг гэж дэлхийн толгой өвдөлтийг судалдаг эмч мэргэжилтнүүд ажиглажээ. Нийт хүн амын 85 хувь нь толгой өвддөг болохыг судлаачид тогтоосон бөгөөд таван хүн тутмын нэг нь толгой нь байнга өвддөг юм байна.

Үүнээс 80-90 хувийг нь хоёр төрлийн толгой өвдөлт эзэлдэг байна. Үүнд:

1.Мигрень буюу толгой таллаж өвдөх

2. Булчингийн чангарал бүхий толгой өвдөлт гэнэ. Дээрх хоёр төрлийн толгой өвдөлтийн хавсарсан хэлбэр бас байдаг ажээ.

Мигрень өвчний үед толгой яаж өвддөг вэ?

Мигрень буюу таллаж өвдөх үед өвдөлт толгойн нэг талыг хамарч, удаан хугацаагаар үргэлжилнэ. Өвдөх үед чамархайн судас лугшиж байгаа мэт өвдөнө. Өвдөлтийн үед дотор муухай оргих, огиулах, бөөлжих шинж тэмдэг заримдаа илэрдэг. Биеийн хүчний ачаалал авах, шатаар өгсөх, буух, юм өргөх үед, чанга дуу авиа, хурц гэрэл, амт үнэрт өвдөлтийн эрчим нэмэгддэг байна. Мөн эцэг, эх нь энэ өвчнөөр шаналдаг бол үр удам нь ч гэсэн өвдөх магадлалтай байдгийг эрдэмтэд тогтоогоод байна.

Булчингийн чангарал бүхий толгой өвдөлтийн үед толгой яаж өвддөг вэ?

Булчингийн чангарал бүхий толгой өвдөлтийн үед 30 минутаас хэд хоног хүртэл үргэлжилж болно. Өвдөлт толгойн хоёр талыг хамарч дарж, төөнөж, базаж байгаа мэт мэдрэмж төрнө. Ханиаж найтаах үед толгой дотор сул зүйл цалгих мэт болно. Өвдөлтийн эрчим нь биеийн хүчний ачааллын үед, хурц гэрэл, чанга дуунд нэмэгдэхгүй, дотор муухай оргиж, огиулж бөөлжүүлэхгүй.

Tолгой яагаад өвддөг вэ?

Толгойн өвдөлт нь янз бүрийн шалтгаанаар үүссэн тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн ачааллаас үүсдэг. Ерөнхийд нь толгойн өвдөлтийг анхдагч буюу хоёрдогч гэж ангилж үздэг байна. Хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт нь давамгайлан тохиолддог. Хүмүүс ажлын ачаалал нэмэгдсэнээс, даралт ихдэснээс, гэмтэж бэртсэнээс болж толгой нь өвддөг болсон байдаг. Эдгээр шалтгаан дийлэнх тохиолддог учир хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт илүүтэй тохиолддог байна.

Ихэнх толгой нь өвдсөн хүмүүс толгой нь хааяа бага зэрэг өвдөх үед тоохгүй байсаар өвчнөө хүндрүүлсэн байх нь элбэг. Толгойн өвдөлт хэрхэн ямар шалтгаанаар, ямар хүчин зүйлийн нөлөөгөөр сэдэрч, ямар хүч, ямар давтамжтайгаар, өдрийн хэдэн цагт ямар хэлбэрээр, толгойн аль хэсгээр өвдөж байгааг нарийн ажиглах нь оношлогооны төдийгүй эмчилгээний чухал ач холбогдолтой юм.

Насаар нь авч үзвэл:

-Залуу, дунд насны хүмүүсийн толгой харьцангуй их өвддөг. Гол төлөв 20-30 насанд толгой таллаж (мигрень) өвддөг. Энэ нь ихэвчлэн хүзүүний булчингийн чангарал, хүзүүний шохойжилт, тархи доргилт, сэтгэл санааны хямрал, мэдрэл цочрогдол зэргээс болдог байна.

-40 наснаас дээш тархины цусны эргэлтийн дутмагшил, хүзүүний ясны өөрчлөлттэй холбоотой толгой ба хүзүүний өвдөлт өөрөөр хэлбэл хуян шар усны өвдөлт илүү ажиглагдана.

-Нүдний эргэн тойрон дух орчмоор шархирч хатгаж өвдөх нь хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй хүмүүст тохиолддог бөгөөд хүүхэд залуучууд энэ өвчнөөр өвдөх нь элбэг.

-Бага насны хүүхдүүдэд тархины доргилтоос шалтгаалсан өвдөлт ихэвчлэн тохиолдох бөгөөд энэ нь гэдэс гүйлгэх, бөөлжих, огиулах зэрэг хоол боловсруулах замын хямралтай зэрэгцдэгээрээ онцлогтой. Энэ нь тархи доргилтоос шалтгаалан хоол боловсруулах замыг голлон мэдрэлжүүлдэг тэнэгч мэдрэл цочирдогтой холбоотой. 

Ямар эмчилгээ хийлгэх вэ?

Хэрэв таны толгой байнга өвддөг, толгой өвдөлтийн давтамж, хүч нэмэгдэж байгаа бол цаг алдалгүй эмчид хандан зохих шинжилгээг дэс дараатай хийлгэж, өвдөлтийн шалтгааныг тодруулан, оновчтой зөв эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мэдээж эн түрүүнд өвдөлт үүсгэж байгаа шалтгааныг эмчлэх шаардлагатай.

Эмчийн зөвлөгөөгөөр шаардлагатай эмчилгээг хийлгэхээс гадна ажил амралтын зөв дэглэм, нарийн цагийн хуваарь чухал. Өөрөөр хэлбэл, хүн өөрт тогтоосон амьдралын хэмнэлийг бий болгох хэрэгтэй. Тогтмол цагт босч, хооллож, унтаж, амарч байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ зүү тавих, толгойн бариа хийлгэх, хүзүү нурууны татлага, бумба зэрэг физик эмчилгээг үндсэн эмчилгээтэйгээ хавсруулан хийх нь танд ашиг тусаа өгнө.

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч Н.Алтанхундага 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дорж

      (202.179.11.10) 2018-02-22 17:21
      • 0
      • 0

      Уул нь оношлогоо эмчилгээг нь нарийн сайхан гаргаж өгсөн бол өөрийнхөө өвчнийг илүү сайн мэдээд авах байлаа.

      Хариулах