
Гар утас төдийгүй нарийвчилсан технологийн салбартаа тэргүүн эгнээнд жагсдаг АНУ-ын Аpple компани технологийн дэвшлийн олон зүйлд анхдагч байж ирсэн. Энэ ч утгаараа тус компани өнгөрөгч 9-р сард өөрсдийн шинэ бүтээгдэхүүн болох Iphone-7-г танилцуулах үеэрээ утаснаас бүрэн хамааралгүй болсон анхны утасгүй чихэвчийг танилцуулсан. “EarPods”-той төстэй дизайн бүхий, утасгүй “AirPods” чихэвчийг 10-р сараас худалдаанд гаргана хэмээн төлөвлөж байсан ч компанийн зүгээс бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хараахан бэлэн болоогүй гэсэн шалтгаанаар, худалдаанд гаргах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл аpple компани Airpods чихэвчээ энэ сарын 21-нээс эхлэн албан ёсоор худалдаанд гаргах гэж байгаа тухай цахим хуудсандаа нийтэлжээ. Чихэвчний үнийн хувьд анх зарлаж байсан үнээсээ өөрчлөгдөөгүй 159 америк доллараар аpplе-ийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдах бол хүргэлтийн үйлчилгээг зул сарын баяраас хойш үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Airpods-ийн тухайд өөр дээрээ цэнэг хураагууртай бөгөөд, чихэвчээ зориулалтынх нь хайрцагт хийж цэнэглэнэ, харин чихэвчийн цэнэгээ барих хугацаа 5 цаг байна. Мөн чихэвчиндээ хүрэхэд хариу үйлдэл хийнэ. Жишээ нь 2 товшиход Siri ажиллаж эхэлнэ. Америкийн гар утасны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Spigen компани Airpods-т зориулж 10 америк долларын үнэтэй чихэвчний оосор зохион бүтээгээд байгаа юм. Учир нь тэд чихэвчинд нэг асуудал байгааг олж харсан нь ямар ч холбоосгүй салангид чихэвчийн нэг нь хаяагдахад хүрэх эрсдэл өндөр гэж үзжээ. Тиймээс тус компанийн зүгээс чихэвчийг хамтад нь бэхлэх зорилготой оосрыг зохион бүтээжээ.
Эх сурвалж: mnb.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.