Тав хүртэлх насны хүүхдийг гэрээр нь үзэж, эмчилж байна

Twitter Print
2016 оны 12-р сар 14-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Томуу, томуу төст өвчний тохиолдол өндөр байгаагийн улмаас өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу 08.30-22.00 цаг хүртэл ажиллаж байгаа талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийг эмч нар гэрээр нь үзэж эмчилж байгаа гэнэ.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд нэмэгдсэнээр эмнэлгийн орны ачаалал 20 хувиар ихэссэн тул ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн орыг хүүхдийнх рүү шилжүүлэх ажлыг эхний ээлжид хийхээр төлөвлөжээ.

Хэрэв ачаалал энэ хэвээр үргэлжилбэл, хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах, Хан-Уул дүүргийн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох, Сонгинохайрхан дүүргийн I амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, хүүхдийн 70 ор байршуулах зэргээр нөөц бололцоогоо ашиглан ажиллах төлөвлөгөө боловсруулаад байгаа гэнэ.

Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Т.Хулан “Өнгөрсөн долоо хоногт нийт 97 мянган иргэн эмнэлэгт хандсаны дийлэнх нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой. Яг одоогийн байдлаар томуугийн вирус гарч ирээгүй байгаа ч бид бүхэн бэлтгэлийг хангаж ажиллаж байна.

Эмнэлгийн үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнх нь хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа дөрөв хүртэлх насныхан эмнэлэгт хэвтэж байгаагийн 30 хувь нь нэг хүртэлх насныхан байгаа юм. Суурь өвчлөл, тэжээлийн дутагдалд орсон хүүхэд томуу төст өвчин их тусч байна.

Ерөнхийдөө амьсгалын замаар өвчлөгсдийн 60 хувь нь хатгаа болж хүндэрчээ. Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний тархалт бага байгаа ч эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо ихэссэн нь дүүргийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэхэд хүргэж байна. Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 1870 ор байдгийн 879 нь хүүхдийнх. Мөн одоогийн байдлаар нийт орны ачаалал 20 хувиар хэтэрсэн” хэмээн ярьжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.