Д.Оюунхорол: Улстөрч хүн хамгийн гол нь эрх ашгаа зөв эрэмбэлэх ёстой...

Twitter Print
2016 оны 12-р сар 14-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “REDD+ Монгол Улсын үндэсний ойн тооллого” төсөлтэй хамтран “Олон зорилтот үндэсний ойн тооллого” явуулж дуусгажээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэж, “UN-REDD” хөтөлбөрийн түнш орон болсноор 2012 онд “REDD+” хөтөлбөрт хамрагдаж Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтыг Олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар тодорхойлох, тайлагнах үүргийг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд Монгол орны шилмүүст болон навчит ойг бүрэн хамарсан “Олон зорилтот үндэсний ойн тооллого”-ыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч, тэдний дэмжлэг туслалцаатайгаар зохион байгууллаа. Энэ тооллогоор Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байна. Анхны тооллогоос 60 жилийн дараа хийгдсэн энэ удаагийн ойн тооллого нь зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд нилээд өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой ажил боллоо. Энэхүү төслийн хүрээнд тооллогын арга зүйг боловсруулах, үндэсний боловсон хүчнийг сургах, тэдний чадавхийг дээшлүүлэх, багаж, техник тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр дэмжин ажилласны үр дүнд цаашид ойн тооллогыг бие даан гүйцэтгэх боловсон хүчний болоод техник, технологийн үндэсний чадавхи бүрэлдэн бий боллоо. Мөн Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох үндсэн зорилго бүхий “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү тооллогын үр дүн асар өндөр ач холбогдолтой юм.

-Таньтай ярилцах гэж нэлээд хэдэн удаа хандсан боловч та байнга завгүй байлаа. Лав л өнгөрсөн долоо хоногт тун их ажилтай байх шиг байсан?  Танд ер нь чөлөөт цаг гардаг уу? 

-За ер нь бол тун завгүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, ХБНГУ-ын Сэргээн босголтын банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Перг Георгиев нарыг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцож нэлээн үр дүнтэй ярилцсан. Мөн “Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалтын хүрээнд ой судлаач эрдэмтэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсч Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ойн нөөцийг хамгаалах, үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх менежментийг сайжруулах ойн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлнэ”гэсэн томоохон зорилтуудыг тус тус  дэвшүүлсэн талаар ярилцаж, өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт 2030 он гэхэд ойн түймрийн дундаж талбайг 70 хувь бууруулахаар тусгасан болон шавьж, өвчний голомтыг бүрэн хянах, мод ашиглалтын төвшинг 80 хувьд хүргэх, экологийн ач холбогдолтой эрүүл ойг бий болгох зэрэг  зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх, энэ томоохон зорилтыг биелүүлэхэд эрдэмтэн мэргэдийн оролцоо ямар байх талаар нухацтай ярилцсан. БОАЖЯ гэдэг бол үндсэн чиг үүргийн яам, ер нь ачаалал маш ихтэй байдаг. Оролцдоггүй асуудал, хүрээ гэж байхгүй. Ерөнхийдөө бүх л асуудалд оролцдог. Нөгөө талаас хийж байгаа ажилдаа эзэн байя гэж боддог сэтгэл минь бас зулгаагаад байдаг учраас ерөнхийдөө өөрөө, өөртөө хэтэрхий илүү их ачаалал өгдөг юм шиг байна. 

-Өнгөрсөн хоёр гурван жилд ойн түймэр нэлээн гарсан. Та ч түймрийн голомт руу байсхийгээд л яваад байх шиг байсан?

-Түймрийн голомт руу олон удаа явсан. Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан гал дээр очиж ажиллаад шөнө ирж л байлаа. Тухайн үед тэрхүү түймэр нэлээн ноцтой байсан нь нэгдүгээрт ойд гарсан, хоёрдугаарт аянганаас болж гарсан гал, нөгөө талаас нь битүү ой дотор асч байгаа гал учраас доогуураа, хөвдөн доогуураа мод руугаа ороод явах магадлал маш өндөртэй, хүний гараар бүгдийг унтраах боломж их муутай байсан тул онцгой анхаарал хандуулах шаардлагатай байсан юм. Нөгөө талаас Бурхан халдуны мод руу орох магадлал маш өндөр байсан учир онцгой анхаарахаас аргагүй байсан. Тухайн үед Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал тэргүүтэй нилээн хүчтэй баг гарч ажилласан. Хамгийн гол нь орон нутгийн уугуул иргэд гэдэг маш мундаг хүч байдгийг тэр үед л илүүтэй мэдэрсэн. Нутагтаа амьдарч байгаа иргэд морьтойгоо, явган гээд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд оролцож байсан. Ялангуяа бүсгүйчүүд, хүүхнүүд нь бүр идэвхтэй оролцдог юм билээ.   

-Ойн түймрийг унтраахад нэлээд бэрхшээлтэй, улаан гараараа нүдээд тэр болгон бүрэн унтрааж чадахгүй. Бусад улс орнуудын жишгээр онгоцоор унтраах боломж байдаггүй юм уу. Жишээлбэл БОАЖЯ юмуу Онцгой байдлын газарт  түймэр унтраадаг тусгай нисдэг тэрэг авчих боломж  байна уу?   

-Ер нь  манайх цаашдаа Онцгой байдлын газартай ойн түймэр болон хээрийн янз бүрийн түймрүүд гарахад яаралтай арга хэмжээ авах, хүний гар хүрч чадахгүй байгаа тэр хэсгүүд дээр үнэхээр ийм техник, тоног төхөөрөмж дутагдаж байгаа. Цаашдаа улс орны маань эдийн засаг сэргэж, мөнгө төгрөгтэй болвол ядаж томоохон гал түймэр, осол аваарын үед, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед хэрэглэх онгоцтой болох зайлшгүй шаардлагатай байгаа. Бид энэ талаар судалж байна.

-Төрийн алба дөрөв дөрвөн жилээр аль нам ялснаас хамааран жинхэнэ мэргэшсэн албан хаагчдыг халж сольж байгаа тухай байнга л шуугидаг. БОАЖЯ дээр мэдээж шинэ баг бүрдсэн л байх даа?     

-Хоёр дахь удаагаа энэ яамыг удирдахаар томилогдсоноос хойш халаа сэлгээг хавтгайруулаагүй ээ. БОАЖЯ-ны ажлаа мэддэг, мэргэшсэн 100 гаруй хүн, харъяаны агентлагуудаас солигдсон хүн олон байхгүй. Яаман дотор 20 гаруй хүн л өөрчлөгдсөн байх. Тэдгээр хүмүүсийн тухайд төрийн алба, сайдын ажлын алба гээд угаасаа солигдох ёстой албан тушаалууд байсан. Сайдын ажлын алба гэж ойлгож болно. Жишээлбэл намайг дагаж ажиллах зургаан хүн л ирсэн. Нэг туслах, жолооч тэнд хамаарна. Ер нь аливаа асуудлыг яаж, ямар өнцгөөс харах нь л гол асуудал байдаг. Түрүүлж төрийн албанд орсон хүн л хөдөлгөөнгүй сууж байх ёстой юм шиг үзэж байна. Өмчлөх гэж үзэж байна. Би  энэ асуудалд өөр бодолтой. Төрийн алба гэдэг бол орсон нэг өдөр байхад гарах нэг өдөр байдгийг ажил хийж байгаа хүн бүхэн ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд солигддог, өөрчлөгддөг тэр жамаараа л яваг. Үнэхээр сайн ажилладаг бол дараагийн ирсэн сайд түүний баг, тэр хүнийг уриад ажиллуулна. Тийм нөхцөл боломжоор нь ч гэсэн төрийн албаны тухай хуулиар олгоод өгөх ёстой.  Энэ салбарын бүхий л асуудлыг Монгол Улсын засгийн газрын өмнөөс та хариуц  гээд байх шиг байгаа юм. Гэтэл яг тийм эрх мэдлийг нь өгдөг юмуу гэхээр өгдөггүй юм шиг байгаа юм. Томилгоогоо хийх эрх мэдэлгүй ийм сайд хэнээс, ямар ажил хий гэж шаардах юм. Энэ чинь их хэцүү. Тийм учраас би зоригтой ажил хийх багийг  оруулан ирж заримыг нь ажиллуулсан. Түүнийхээ бүх тайлбаруудыг нь холбогдох газруудад нь бичиж, яриад л өгсөн.

Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд бүрэн оруулахаар яарч байгаа нь тодорхой. Мэдээж энэ том асуудал танай яаманд ч хамаатай? 

-Нэгэнт Монголын ард түмний өвөг дээдсээс үлдээж өгсөн энэ том баялгийг Монголын ард түмэнд хамгийн зөв шударга хэлбэрээр хуваарилж хүртээх тухай асуудал, баялгийн сан бий болгох, улс орны хөгжилд  хэрэглэх  асуудал дээр хүн болгон анхаарлаа тавьж байна. Тийм учраас УИХ, Засгийн газрын гишүүд ард түмний төлөөлөл учраас тэнд байгаа дуу хоолойгоо нэгтгэж асуудлаа ярих ёстой. Ганцхан үүнийгээ гагцхүү бизнесийн өнцөгөөс бус, аль нэгэн нам, олигархжсан хөрөнгөтнүүд хувийн эрх ашиг, сонирхолдоо хөтлөгдөж энэ чухал асуудалд хандаасай л гэж   боддог. Тийм учраас Тавантолгойг тойрч битий их улстөржүүлээсэй. Эдийн засаг бизнесийн чиглэлийн юмыг тэр бизнесийн, эдийн засгийн харилцааныхаар нь цааш нь хөгжүүлээд цааш нь аваад явах ёстой л гэж бодож байна. Бид нар ер нь энэ нүүрсийг хэрвээ борлуулж чадахгүй, үнийг нь унагаад байх юм бол ямар их хохирол амсахыг эдийн засгийн агуулгаар нь энд хориг тавьж байсан, блоклож байсан   хүмүүс хариуцлага хүлээхгүй нь тодорхой. Би одоо боддог л юм. Оюутолгойн гэрээг үзэглэж байх үед нэг тонн нүүрсийг 70 доллараар гаргаж байхад С.Баяр нар “Энийг идэж уулаа, энэ бол хачин муу юм боллоо” гээд л чичилж байсан. Өнөөдөр 20 орчим доллароор л нүүрсээ борлуулсан болж байгааг хаа хаана аа харж л байна. Одоо энэ асуултад тэр хүмүүсээс хариулт авмаар санагддаг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол бас л зах зээлийнхээ жамаар л явдаг юм байна.

-Та улстөрд ороод 20 гаруй жил болж байгаа байх. Та энэ хугацаанд парламентэд дөрвөн удаа сонгогдлоо. Та эрчүүдэд тэр болгон бууж өгөхгүй, маргаж харагддаг. Энэ нь таны үндсэн зан характер уу, улстөрд ороод ийм  болов уу?

-За бараг л байдаг байх. Надад байдаг төрмөл араншин л байх. Улстөр хийж байгаа хүн бүхэнд нэг үнэт зүйл байдаг гэж ойлгодог. Хамгийн гол нь эрх ашгаа зөв эрэмблэдэг байгаасай гэж боддог. Хэрвээ улстөрд эрх ашгаа эрэмбэлж чадахгүй бол, улстөр хийх ерөөсөө хэрэггүй. Өөрөөр хэлвэл шуналын сэдлээ дарж чаддаггүй хүн бол улстөр хийж тоглох гээд бараг хэрэггүй дээ. Холхон байсан дээр юм шиг санагддаг. Тийм учраас өөрийнхөө зөв гэж бодсон зарчмын асуудал дээр би дарга юм, энэ нь цэрэг юм гэж хэзээ ч ханддаггүй, өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсдог. Тэр л миний үнэт зүйл гэж боддог. Тийм ч учраас нэг тийм хатуу ч юм шиг харагддаг байж магадгүй.

-Та сая шуналын сэдлээ дарж чадахгүй бол улстөрд байгаад хэрэггүй гэлээ. Танай яаманд  тодорхой хэмжээгээр төсөв мөнгө хувиарлагдаад ирж байгаа. Энэ мөнгийг магадгүй та нутаг руугаа арай их, илүү лоббидоод хөрөнгө оруулалт хийчих ч юмуу, эсвэл одоо өөрийн хувийн бизнест ашиглачихъя гэсэн бодол хааяа төрдөг л байх даа? 

-Энэ яам маань өөрөө  хамгийн сайхан, дандаа л байгаль орчноо хамгаалъя гэдэг онцлогтой. Энэ яаманд тэгж их идэж уугаад, ийш нь тийш нь хувиарлачих нэг их мөнгө байдаггүй. Онцлогтой яам юм. Эсвэл нэг их тендер зарлаад л тэрийг хийлгэнэ гээд байх ажиллагаа байдаггүй. Дандаа л салбар хоорондын байгаль орчныг хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг. Тиймээс тэр асуудал байхгүй гэж хэлж болно. Өөрийн тань асуусан шиг элдэв зүйл рүү зүтгэж ороод, хууль бус юм хийгээд байх хэрэгцээ, шаардлага байдаггүй яам гэж ойлгож болно. Олон жил улстөрд явсан хүн нэг зүйлийг өөртөө төлөвшүүлчихдэг. Би Завхан аймаг, Баянзүрх дүүргийн ард иргэдийн итгэлийг хүлээж, дөрөв дэхь удаагаа сонгогдсон гишүүн. Бие дааж нэг удаа нэр дэвшихдээ 30 хувийн санал авч байсан. Олон суманд ялалт байгуулж байсан. Тийм учраас дөрвөн удаа ард олны итгэлийг дааж улстөрд сонгогдсон гишүүний хувьд олон түмний итгэлийг хэзээ ч, хөсөрдүүлэхгүй, худалдахгүй байх юмсан гэж бодож явдаг. Энэ маань Богд Очирваань хайрханыхаа өмнө залбирдаг, миний өмнөө барьдаг зарчим юм даа.

-Та бизнесийн салбараас улстөрд орж ирсэн хүн. Эмэгтэй хүн бизнес удирдаад явна гэдэг энэ цаг үед хүч, ухаан шаардсан ажил байх. Таныг Отгонтэнгэр их сургуулийн үүсгэн байгуулагч гэдгийг хүн болгон мэднэ. Энэ сургуулийг үүсгэн байгуулах гэж байхад таньд бэрхшээл аль хэр тулгарч байв. Сургууль байгуулах хөрөнгөө хаанаас, яаж босгосон бэ?

-Би математикийн  багш  мэргэжилтэй. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг дагаж анх энэ сургуулийг байгуулах санаа төрсөн. Тухайн үед би 27,28 настай залуу байхдаа энэ ажлыг эхлүүлж байсан. Ер нь арван жилд байхын л идэвхтэй хүүхдүүдийн нэг байсан. Конкурс гэж болдог. Улаан шугамны цаана олон мянган аавын хүүхдүүд үлдэж хоцордог байсан. Үүнийг арилгахын тулд  сургууль байгуулья гэж шийдсэн. Тухайн үед би боловсролын салбарт удирдах албан тушаал хашдаг байлаа. Мэдээж сургууль байгуулахад амар байгаагүй. Сургууль байгуулахад надад тусалж, дэмжиж, өөртөө байгаа тав, арван төгрөгөө зарцуулсан хүмүүс бол миний аав, ээж хоёр. Аав минь 2000  онд бурхан болсон. Маш хөдөлмөрч, мундаг хүн байсан  даа. Үр хүүхдээ боловсролтой болгохын тулд маш их хөдөлмөрлөсөн. Миний дээд талын ах, эгч нарыг бүгдэд нь дээд боловсрол эзэмшүүлсэн. Ер нь л хөдөлмөрлөж, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэн хүмүүс байсан.

-Та гэр бүлдээ нэлээн эрх танхи хүүхэд нь байсан болов уу. Дээрээ ах, эгч нартай гэж байна. Аав, ээж нь 27–хон настай жаахан охиндоо бизнес хий гээд хуримтлуулсан мөнгөө зориулна гэдэг нэлээдгүй байр суурьтай, эрх танхи байсан хүүхдийн шинж болов уу гэж бодогдлоо?

-Эрх ч гэж юу байх вэ дээ. Бид чинь эхээс наймуулаа. Тав дахь нь би. Миний дор хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүү байдаг. Ер нь ямар ч айлд нэг нь амьдралыг зохицуулдаг, ачааны хүндийг үүрдэг хүүхэд байдаг шүү дээ. Гэрийнхэн дундаасаа тэр хүүхэд нь би л дээ. Жишээлбэл, миний ах эдийн засгийн ухааны доктор их мундаг хүн бий. Хуучнаар бол сайд нарын зөвлөлд референт, ХААИС-д захирал, намын дарга гээд манай намын бэлтгэгдэж байсан боловсон хүчин. Гэхдээ яагаад ч юм миний ах энэ ачааг үүрээгүй. Би л үүрэх өгөгдөл цаанаасаа ногдсон юм байлгүй. Тэгэхээр би энэ айлын дарга нь юм шиг байгаа юм. /инээв/ Би тэр үед өөрийнхөө хийх гэж зорьсон ажлаа маш сайн тайлагнаж, тайлбарлаж байж дэмжлэг авсан байх гэж одоо боддог.

-Аав, ээж тань ямар ажид хийдэг байсан бэ. 1991 онд айл болгон бизнес эрхэлчих хуримтлалтай болж амжаагүй байсан үе. Зах зээлийн сэтгэлгээтэй хүмүүс байсан байх нь ээ?

-Аав, ээж хоёр минь хоёулаа хөдөлмөрч хүмүүс байсан. Мал маллаж байсан. Аав минь социализмын үед гахай малладаг, 40,50 үхэртэй одоогоор бол мянгат малчин байсан юм шиг байгаа юм. Орлогын эх үүсвэр нь тэр хоёр хүний цэвэр бизнесээс орж ирсэн орлого байдаг  байсан. Тиймээс ч “Волго-24” гэдэг машиныг аав минь унадаг байсан. Аав минь насаараа жолооч хийсэн хүн. Харин ээж минь насаараа сургуулийн тогооч хийсэн хүн.   

-Жолооч, тогооч хоёрын гэр бүлээс төрсөн охин сайд болсон гэхээр ээж тань таниар маш их бахархдаг байх. Гэхдээ тухайн үед та мэргэжлээ сонгохдоо аав, ээжээсээ зөвлөгөө авсан уу. Өөрөө шийдсэн үү?

-Өөрөө шийдэж байсан. Арван жилээ онц дүнтэй төгсч, физик, математикийн ангид урилгаар орж байсан. Өөрөө ч энэ талдаа нэлээн сонирхолтой, олимпиадад ч ордог байлаа. Тэр үед ар, өврийн хаалга гэж юм байгаагүй шүү дээ. Тэр дарга, энэ цэрэг, ажилтны хүүхэд гэсэн ялгаа байгаагүй. Хэн хичээл зүтгэлтэй, сурах чадвартайг нь нийгэм өөрөө аваад явчихдаг тийм тогтолцоо байснаараа  би өнөөдөр өдий зэрэгтэй амьдрах боломж нь бүрдсэн байх гэж бодож явдаг.

-Бизнес хийгээд 10 жил болж байх үедээ улстөрд орж байж. Улстөр рүү орсноор таны бизнесын орлого нэмэгдсэн үү, хасагдсан уу. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бичихэд ямархуу өөрчлөлт орж байв?  

-Яг хэвээрээ л байгаа. Манай сургууль ямар байсан яг л тэр хэвээрээ байгаа. Жилд 50-60 хүүхэд төгсгөж, мөн тооны хүүхдийг элсүүлж авдаг. Одоо 2000 гаруй оюутантай байна. Манай сургууль дотор нэг ширхэг ч ТҮЦ ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, Отгонтэнгэр их сургуулийн орчинд боловсролын байгууллагын үйл ажиллагаа л явдаг. Үүнийг ямар нэг байдлаар ашиг орлогын талбар болгож, хольж хутгасан зүйлийг өмнө ч, одоо ч хийлгээгүй. Үүгээрээ бахархдаг. Бид нар нэмж спорт заал барьсан. Энэ нь оюутан залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдараа хөгжүүлэх заал болсон байгаа. Улсын хэмжээнд байгаа спорт заалнууд дотроос гайгүйдээ орно. Энэ болгоныг би системтэйгээр банкны зээл авч бүтээж босгосон. Заримдаа би боддог юм. Зуун лангуутай зах ажиллуулж байсан бол үүнээс илүү ашиг орлого олох байсан байх даа гэж бодогдох өдөр байдаг юм. Боловсролын салбар тийм их ашиг, орлого олоод байдаг ашигтай салбар биш. Өөрөөр хэлбэл, тэнд ажиллаж байгаа, сурч байгаа оюутан залууст үйлчлэх үйлчлэгч, эрдэм номыг заах багш нарыг цалинжуулах, тэдний нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт бусад найман төрлийн татвараа төлөөд  үндсэндээ тэр байгууллага арайхийн он давдаг.

Нөгөө талаас өнөөдөр Монгол Улсад дээд боловсролын салбарын үнэлгээ маш хямд байна. Одоо 1000 доллар хүрэхгүй сургалтын төлбөр авч байна шүү дээ. Гэтэл арван жилийн сургууль арван мянган долларын төлбөртэй болчихсон байна. Төр юунд оролцдоггүй вэ гэхээр их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж болохгүй гээд үүрэгддэг. Гэтэл шинжлэх ухааны тодорхой салбарыг зааж, оюутан залуучуудад эзэмшүүлээд, тэр хүүхдийн насан туршдаа амьдрах чадвар боломжийг олгож өгч байхад олгож байгаа сургалтын төлбөр гэдэг бол төрийн зохицуулалттай явж байгаа. Гэтэл арван жилийн сургуулийн дөрвөн цагийн хичээл үздэг хүүхдийн сургалтын төлбөрт зах зээл жинхэнэ утгаараа хэрэгжээд явж байна. Ялгаа нь л энэ. Ард түмэн бүхнийг бодитойгоор хардаг байхаа гэж би боддог.

-УИХ-д хувийн сургуультай олон гишүүн байгаа. Энэ ч үүднээс их, дээд сургуулийн боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл багагүй маргаан дагуулж байсан. Хууль санаачлагч гишүүдийн дунд та ч байсан, таниас өөр нэлээн хэдэн хувийн сургуультай гишүүд багтаж байсан. Хувийн сургуультай гишүүд өөрсдийнхөө сургуулийг  санхүүжүүлэх гэж энэ хуулиар лобби хийх гэж байна гэсэн хэл ам гарч байсан. Тухайн үед тийм бодол, сэдэл үнэхээр төрж байсан уу? 

-Тэр үед тэгж ярьж байсан хүмүүс дараа нь өөрсдөө эвгүй байдалд орсон л доо. Буруу зүйл ярьсан байна гэсэн. Бүх юмыг мэддэг юм шиг ярихаар заримдаа тэнэг байдалд орох үе байдаг. Яг тэрэн шиг дээд боловсролын санхүүжилтийн тухай хууль буюу оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэлэгийн асуудал яригдаж байхад өөрийн тань асуусан асуудал гарсан л даа. Монгол Улсад их дээд сургуульд сурч байгаа 180 гаруй мянган оюутан байгаа гэж бодьё. Эд нар аав, ээжээсээ сургалтынхаа төлбөр, өдөр болгоны хоол унааныхаа мөнгийг авдаг хүүхдүүд. Социализмын үед төрөөс төлбөр даачихдаг, 240 төгрөгийн стефент өгдөг байлаа. Ээж, аавд минь ямар ч дарамт болохгүйгээр бидэнд боловсрол эзэмшүүлэхийг төр хариуцсан. Өнөөдөр бид дөрвөн жил сурч байгаа оюутнуудад яагаад 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгөөд аав, ээжийнх нь ачаанаас бага ч гэсэн үүрэлцэж болохгүй гэж. Тиймээс энэ хуулийг Ерөнхийлөгч санаачилсан. Би ажлын хэсгийг нь ахалж байсан. Энэ хуулийг би маш сайн хууль гэж боддог. Зарим нэг хүмүүс ярьдаг л юм. Баячуудын хүүхдүүдэд 70 мянган төгрөг өгөөд яах юм бэ гэж. Хэрвээ ингэж үзэж байгаа бол боломжтой айлын хүүхдүүдэд өгөхгүй байж болно л доо. Үнэхээр дундаж, дундаас доогуур орлоготой сурах гээд хичээгээд явж байгаа залуучуудад төр дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж би үздэг.

-Тун удахгүй АН шинэ даргаа сонгоно. Гэтэл даргын сонгуульд өрсөлдөхийн тулд наад зах нь 250 сая төгрөг намдаа тушаах ёстойг Ж.Батзандан гишүүн мэдэгдлээ. Нам болгонд л энэ асуудал байдаг нь тодорхой. Та ер нь ингэхэд   намдаа хэдэн төгрөг өгч байсан бэ?

-Би намдаа мөнгө өгч байгаагүй. Харин өөрсдөө цэвэр сонгуулийнхаа зардлыг даадаг. Би намын жагсаалтад орж үзээгүй. Тойрог дээр л өрсөлддөг. Тэр тусмаа алслагдмал баруун аймгуудад очиж өрсөлдөнө гэдэг маш хүнд. Ядаж л тээврийн зардлаас эхлээд асар их хэмжээний зардал гардаг. Гэхдээ хамгийн гол нь би дөрвөн удаа Завхан аймгаас нэр дэвшихдээ сонгогчдоо худалдаж авч үзээгүй. Тарааж өгөх мөнгө нь ч надад байхгүй. Тиймээс сонгогчид маань намайг итгэл сэтгэлээрээ л дэмждэг байсан. Бидний төлөө юм хийх байх, ажиллах байх гэсэн чин сэтгэлээр намайг дэмжиж байсан учраас би хэн нэгний өмнө их хэмжээний өрөнд орох, шантаажинд орох улстөр хийж явсангүй. Харин ч хамгийн цэвэр улстөрийг хийж явсан гэж боддог. Нөгөө талаас Монголын ард түмэн ухаантай. Би долоон тэрбум төгрөгийн зардал гаргаж байсан нэр дэвшигчтэй өрсөлдөж л байсан. Банкны эзэд гэдэг миний дэргэд ойлгомжтой шүү дээ. Мөнгөн бороо оруулж байсан. Гэхдээ асуудал мөнгөөр шийдэгддэггүй юм. Монголын ард түмэн ухаантай, төрөө дээдэлдэг зарчимтай, хэнийг сонговол бидний төлөө юм хийж чадах вэ гэдгийг ялгаж салгаж чаддаг. Манай Завханы ард түмэн ийм итгэл үнэмшлээр надад итгэл хүлээлгэдэг. Тиймээс би нутгийнхаа ард түмний төлөө насан туршдаа  өртэй  гэж бодож явдаг. Өнгөрсөн зун болсон сонгуульд л гэхэд Банязүрх дүүрэгт АН-ын сайд асан, хөрөнгө мөнгөтэй хүнтэй өрсөлдөн ялалт байгуулаад гарч ирсэн.   

-Жил бүрийн төсөв хэлэлцэх явцад Завхан аймагт нэг сургууль ч юм уу цэцэрлэг байгуулчих гээд Төсвийн байнгын хорооны хурал дээр шаргуу үг хэлж байгаа нь анзаарагддаг. Ер нь өнгөрсөн хугацаанд хэр зэрэг хөрөнгө оруулалт татаж чадсан бэ?

-Парламентад олон удаа сонгогдохдоо аймгийнхаа олон сумыг сургууль, цэцэрлэгтэй болгох, шинэчлэх, Соёлын төв барих, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг чадах чинээгээрээ шийдсэн. Үүнд тухайн үед надтай хамт сонгогдож байсан УИХ-ын гишүүд бүгдээрээ хамтран оролцож, энэ асуудлыг шийдэж байсан. Өнөөдөр улстөрийн системийн тогтолцоо ийм байгаа учраас ярихаас өөр аргагүй л дээ. Зарим нэг хотоос сонгогдсон гишүүд жалга, довны юм ярилаа гэдэг л юм. Аливаа юмыг олон талаас нь хараасай гэж боддог учраас хамгаалж нэлээн дуугардаг  л даа.

-Та одоо УИХ-ын гишүүн, сайд гээд давхар дээлтэй байна. Цаг наргүй энэ их ажлынхаа хажуугаар гэр бүлдээ хэр зэрэг зав гаргаж байна вэ. Улстөрд амжилттай яваа хүний ард гэр бүл нь багагүй ачаа үүрэлцэж явдаг байх. Хувийн бизнесийг танай гэр бүлийн хүн  авч явна уу?

-Отгонтэнгэр их сургуулийг хамгийн сайн удирдагчаар удирдуулдаг. Тэнд ажил явж байгаа учраас гэр бүлийн хүн гэсэн өнцгөөс огт хардаггүй. Хувийн ямар нэгэн сонирхол давамгайлж орох нь дэмий гэж боддог. Улстөр хийхэд ар тал гэдэг онцгой чухал үүрэгтэй. Манай гэр бүлийн хүн ядаж л намайг хоол хийж, хувцас угаасангүй гэдэггүй. Надад тийм үг хэлдэггүйд нь би баярладаг. Гэр бүлдээ муу анхаарал хандуулдаг эмэгтэйчүүдийн тоонд орно л доо. Цаг наргүй ажлыг минь ойлгодог ханьтайдаа баярлаж явдаг даа. Бурхан хүнд бүхнийг илгээдэг юм шиг байгаа юм. Надад сайн хань, үр хүүхэд заяасан, ямар нэг байдлаар татлаа түтлээ болгож намайг зовоосон хүн алга.

-Хүүхдүүд тань таны мэргэжлийг эзэшсэн үү, аавынхаа мэргэжлийг эзэмшсэн үү?

-Охин, хүү хоёр маань хоёулаа Олон улсын харилцаагаар төгссөн. Их сургуулиа төгсөөд хоёулаа ажиллаж байна.

-Хүүхдүүдээ гадаадад их сургуулиа төгсгөсөн гэсэн. Сургалтын төлбөрийг нь хийхэд бас чамгүй хүнд байсан биз дээ?

-Охин маань тэтгэлэгтэйгээр сурсан. Ер нь бол хүүхдүүдээ амархан амьдрах, хялбарчлах аргад сургадаггүй. Би хатуу ээж. Өндөр шаардлага тавьдаг.

-Таныг математикийн багш гэж анх удаа сонслоо. Мэргэжлээрээ ер нь ажилласан уу?

-Их сургуулиа төгсөөд л мэргэжлээрээ ажилласан. Шувуун фабрикийн 26 дугаар сургуульд анх удаа зургадугаар анги дааж авч байсан. Багшийнхаа ажлыг хийж байгаад эвлэлийн байгууллагын дарга, сургуулийн хичээлийн эрхлэгч гээд шат шатаар л ахисан. Надад шууд лифтэнд суугаад дээш явсан амьдралын түүх байхгүй. Өгсүүр шатаар өөрөө ахиж гарсан л түүх байна. Монголын улстөрд улстөрчийг бэлтгэх, оюуны үнэт зүйл, капитал бий болгоно гэдэг их цаг хугацааны асуудал байдаг юм байна гэж одоо боддог.

-Та түрүүн хэллээ. Найдвартай ар тал байдаг учраас санаа амар өдий зэрэгтэй явна гэлээ. Эмэгтэй хүнийхээ хувьд хэр зэрэг халамжтай сайн хань гэж өөрийгөө боддог вэ?

-Гайгүй шүү. Завтай үедээ их сайхан хоол хийнэ. Даан ч хоол  цаг гарах нь бага юм даа.

-Одоо та нөхрийнхөө хийсэн хоолыг л идээд явна уу?    

-Орой хоол идэхээ больсон шүү дээ. Хүмүүс оройд хөнгөхөн хэлбэрээр хооллодог болчихсон байна. Энэ дүрмийг л баримтлаад явж байна даа. Гэхдээ нөхрийнхөө хийсэн хоолыг хамгийн амтархан иддэг.

-Таныг гитартай их гоё дуулдаг гэж сонссон юм байна?

-Амралтын өдрүүдэд болж өгвөл салхинд гарах  дуртай. Дөрөвдүгээр ангиасаа хойш гитар тоглосон. Орцны гитарчин байлаа шүү дээ. Сурсан юмыг сураар боодоггүй гэдэг шиг одоо ч тоглох дуртай. Ер нь орхихгүй юм шиг байна лээ. Манай бүлэгт мундан  дуучид олон бий.

-БОАЖЯ гэсэн чухал салбарыг тэргүүлж байгаагийн хувьд хийхээр төлөвлөсөн олон чухал ажил байгаа байх. Таны цаашдын ажилд амжилт хүсье?

-Та миний салбарын ажлыг ер нь яриулсангүй. Энэ салбарт тулгамдсан, хийх ёстой олон чухал асуудал, ажил байгаа. Жишээ нь, хог хаягдал. Олон жилийн турш энэ асуудлыг ярьсан. Энэ асуудал одоо хөрсний бохирдол руу орсон. Нийслэлчүүд бидний уудаг ундны ус бохирдоод эхэлчихсэн шүү дээ. Олон хүний эрүүл мэндтэй холбоотой, үндэсний аюулгүй байдал руу орчихсон байна. Энд л хамгийн их сэтгэл зовж, ажлаа чиглүүлэхээр төлөвлөөд явж байна. Нөгөө талаар ойн сан, цэвэрлэгээ, нөхөн үржүүлэлт гээд ажил үнэхээр их байна.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Wind

      (188.143.232.32) 2016-12-21 15:00
      • 0
      • 0

      A piece of erouitidn unlike any other!

      Хариулах

    • Theresa

      (188.143.232.27) 2016-12-21 08:55
      • 0
      • 0

      Lets hope that will someday I am going to hold the cailipabties to create this sort of fine articles or blog posts including yours. Mike writes a personal blog, but more right kitchen. In case you where to drive past a few lessons on paper, allow recognize!

      Хариулах