Ардчилсан хувьсгал 27 нас хүрлээ…

Twitter Print
2016 оны 12-р сар 10-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс 27 жилийн өмнөх энэ л өдөр буюу 1989 оны 12 дугаар сарын 10-нд уран бүтээлч голдуу залуучууд нэгдэж тэр үеийн Залуучуудын соёлын ордны үүдэнд анхны цуглаанаа хийж, МоАХ-г байгуулснаа зарласнаар Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны шанг татсан түүхтэй. Тухайн үедээ англи, орос хэлтэй сэхээтэн голдуу залуус чухам энэ өдрийг сонгож анхны цуглаанаа зохион байгуулсан нь учиртай. “Хамаг бүхэн хаалттай, хатуу чанга заалттай”, төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгэмд амьдарч байсан Монголчуудад анх түрүүнд “12 дугаар сарын 10 чинь Олон улсын Хүний эрхийг хамгаалах өдөр юм байна шүү” гэдгийг тэд л анх зарлан тунхаглаж, анхны цуглаанаа зохион байгуулсан нь тухайн үеийн МАХН-ын удирдагчдад өгсөн томоохон сануулга байжээ. Чухамдаа 1989 оны 12 дугаар сарын 10-нд эхэлсэн ардчилсан хувьсгал хүчээ авсаар 1990 оны гуравдугаар сарын 8-нд Монголд анх удаа улстөрийн өлсгөлөнгөөр үргэлжилж, тэмцлийн хурц хэлбэрт шилжсэнээр тухайн үеийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх агсан “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэсэн зарчимдаа хатуу зогсож, тун удалгүй МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр огцорч, ардчиллын залуучууд анхныхаа түүхэн ялалтыг байгуулсан түүхтэй.

Хэдийгээр 27 жилийн өмнө байгуулагдсан МоАХ-ны анхны удирдагч С.Зориг 1998 оын 10 дугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн ч түүнтэй мөр зэрэгцэн тэмцэж, ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэсэн Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бол, ардчилсан хувьсгалын анхны уриа лоозонг шөнө оройн цагаар Улаанбаатарын гудамжинд нааж, цагдаа нартай муур хулгана бололцож явсан Э.Бат-Үүл 1990 оны ардчилсан хувьсгалын ганц баатар болсон түүхээ өнөөдөр ч үргэлжлүүлсээр явна.

Анх 1989 оны 12 дугаар сард МоАХ-гоор эхэлж байсан ардчиллын төлөөх залуучууд эвлэлдэн нэгдсээр 2000 оны 12 дугаар сарын 6-нд ардчиллын төлөөх таван намаа нэгтгэж өнөөдрийн АН-ыг байгуулсан билээ. Харин хүний насаар идэр залуудаа орох 27 жилийнхээ түүхийг бичиж яваа ардчилагчид нэг л сайн төлөвшиж, ухаажин хэрсүүжиж чадахгүй байгаа нь 2016 оны УИХ-ын сонгуулиар нотлогдож, өнөөдөр л гэхэд намынхаа дүрмийг ч шинэчилж чадахгүй, гашуун ялагдлынхаа бурууг бие биендээ тохож, хэрүүл тэмцэлтэйхэн 27 насынхаа ойтой золгож байна.

Уг нь эе эвээ хичээж, залуу насынхаа алдаа оноо, ааг омгоо хазаарлан татаж чадвал 27 жил гэдэг хэрсүүжиж ухаарах, хүнд хэцүү сорилтын өмнө толгой гудайхааргүй чадал ухаан суучихсан байх учиртай цаг хугацаа билээ. Хүн төрөлхтний түүхээс аваад үзсэн ч 27 жил гэдэг асар ихийг амжуулан бүтээж, бүхэл бүтэн улс орныг ч хөл дээр нь босгочихдог хугацаа аж. Тухайлбал 1963-1979 он буюу 16 жил БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан Пак Жон Хэ нь 20 хүрэхгүй жилийн дотор Азийн ядуу гуйранч байсан орныг өнөөдрийнх нь агуу их хөгжил цэцэглэлтэнд түүчээлж, асар их амжилтад хүрсэн байдаг. Тэгвэл бас л Азийн хамгийн буурай, ядуу дорой улс байсан Сингапурын Ерөнхий сайдаар 1959-1990 онд ажиллах хугацаандаа Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай дөрвөн барын нэг болгосон домогт Ерөнхий сайд Ли Куан Юи нарын бодит жишээнээс үзвэл улс орон хийгээд хүний амьдралын 27 жил гэдэг асар ихийг амжуулж, “Оргүй хоосноос орчлонд гайхагдсан гайхамшгийг бүтээх” он жилүүд байдаг ажээ.

Өнөөдөр Монголын ардчиллын 27 жилийн ойн өдөр. Энэ өдрийн өндөрлөгөөс харахад өнөөдрийн АН-ын тулхтай, шударга гишүүдийн нэг Р.Амаржаргалын дүгнэснээр “Бид өөр, буруу замаар явчихжээ” гэдгийг Монголын нийгэм их багагүй мэдэрч, өөр өөрсдийнхөө амьдрал дээр тун ч гашуунаар мэдэрцгээж байна. Харин 27 жилийн өмнө хар кракуль, тарваган малгайтай, өнгийг нь сольсон цэрэг нэхий дээлтэй байцгаасан өнөөдрийн эрхэм Ерөнхийлөгч, сайд дарга нарын тарвалзан амьдарч байгаа Нүхтийн амнаас  Улаанбаатарын харанхуйлсан утаа харагдахгүй, Баянхошуу, Хайлааст, Улиастайн гэр хорооллын иргэд талхаа хувааж, ургамлын тосыг граммлан авч хорвоогийн бор өдөр хоногуудыг аргацаан өнгөрүүлж байгааг мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй. Учир нь тэд 1990 онд өлсөж тэмцсээр тухайн үеийн МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тусгай хангамжийг халж, өөрсдөө санаж сарвайсан бүхэндээ хүрцгээсэн. Тэд өнөөдөр бүгдээрээ шахуу Панам, Кипр, Гибралтар, Багамын арлууд, Ирланд, Лихтенштейн, АНУ-ын Делавэр муж улсуудын оффшор бүсүүдэд Монголоос хулгайлан зувчуулсан мөнгөө гаргаад нуучихсан. Үлдсэн амьдралаа Хавайн арал юмуу, Америкийн аль нэгэн муж улсад тарвалзан хэвтэж дуусгахаар бүх зүйлээ зохицуулж, хулгайлсан мөнгөө Монголоос гаргаад бэлдчихсэн. Тэдэнд өнөөдөр 27 жилийн өмнө өмсөж байсан хар кракуль, тарваган малгай, өнгийг нь эргүүлсэн цэрэг нэхий дээлийг нь үзүүлвэл “Нэр төрд халдлаа, гутаан доромжиллоо” гээд өөрсдийн мэдлийн цагдаа, шүүхээр дарамталж, эцэст нь хилс хэрэг тулгаад шоронд хатаачихаж дөнгөнө.

Жирийн иргэд байтугай 27 жилийн өмнө хамтран тэмцэж, өнөөдрийн эд баялаг, эрх мэдлийн өндөрлөг рүү гараа атгалцан сарвайцгааж байсан журмын нөхөд, ардчиллын алтан хараацайнуудаа ч замаасаа хэрхэн зайлуулж, хязгааргүй эрх мэдэл, эд баялгийн төлөө хөнөөлдөн тэмцэлдэж байгааг Монголчууд өдөр бүр харж, орой бүр гайхан шагшралдацгааж байгаа. Хүний амьдралаар бол 27 жил гэдэг идэр залуу, эрч хүчтэй, омголон чийрэг нас байдаг. Харин өнөөдөр 27 жилтэйгээ золгож байгаа Монголын ардчилал булхай луйвар, аллага хүчирхийлэл, хардлага сэрдлэг, эрх мэдэл, эд баялгийн төлөө яахаас ч буцахааргүйгээр хуваагдан тэмцсэн, ёстой л “Монголын нууц товчоо”-нд өгүүлдгээр “Орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдсэн” цаг хугацаа болж байна. Ингээд эрхэм ардчилагчидад 27 жилийнх нь ойн баярын мэнд хүргэж, “Та бүхэн юуг зорьж, хаашаа явж байна, хаана хүрч зогсох вэ” гэдэг асуултаар энэхүү бяцхан тэмдэглэлээ өндөрлөе. 27 настай Монголын ардчилалаа гэж… 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.