Солонгосчууд Ерөнхийлөгчөө өршөөсөнгүй…

Twitter Print
2016 оны 12-р сар 09-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе огцорлоо. Үндэсний парламентын хуралд санал өгсөн 234 гишүүний ердөө 56 нь огцруулах хэрэггүй гэж үзсэнээр тэрээр ийнхүү БНСУ-ын төрийн тэргүүний сэнтийгээс бууж байна. Пак Гын-Хе нь 1952 оны хоёрдугаар сарын 2-нд Тэгү хотод төржээ. Тэрээр 2012 оны 12 сарын 19-нд БНСУ-ын 18 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй улстөрч бөгөөд 2013 оны хоёрдугаар сарын 25-нд үүрэгт ажилдаа орсноор түүний засаглал эхэлсэн ч ийнхүү гурван жилийнхээ ойн өмнө өөрийнх нь нэрээр БНСУ-ын томоохон компаниудаас хандив нэрээр ихээхэн мөнгө цуглуулсан, мөн улсын нууц бичиг баримт задруулсан гэгдэж байгаа найзынхаа балгаар огцорц байна. Пак Гын Хэ Ерөнхийлөгчийг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн буруутан гэгдэж байгаа түүний эртний найз Чой Сүн Сил бол Пак Гын Хэгийн эцгийн зөвлөхөөр ажиллаж байсан Чой Тэ Миний тавдугаар охин юм. Бөө мөргөлийг тахин шүтдэг байсан Чой Тэ Мин нь 1974 онд Умард Солонгост талархалтай ханддаг нэгэн этгээд Пак Гын Хэгийн эх Юк Ён Со-г хөнөөсний дараа Пакт зөвлөгөө өгч, улстөрч болох замыг нь зассан тухай мэдээлэл тархсан нь Пак Гын Хэг огцруулах дуулианыг улам газар авхуулсан юм.

Пак Гын Хэ нь БНСУ-ын Ерөнхийлөгчөөр 1963-1979 онд ажиллахдаа тус улсыг өнөөдрийнх нь хөгжил цэцэглэлтйин зам дээр эргэлт буцалтгүй гаргасан Пак Жон-Хэгийн ганц охин бөгөөд 1998 оноос хойш өдийг хүртэл таван удаа парламентын гишүүнээр сонгогдож байжээ. 

БНСУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нэг л удаа, таван жилийн хугацаатай сонгогддог ч Пак Гын Хэгийн хувьд ийнхүү гурван жилийнхээ нүүрийг ч үзэлгүй огцорч байгаа нь энэ улсын түүхэнд анхны тохиолдол болж байгаа ажээ. Тэрээр өнөөдрийн эрх баригч Сэнури /Шинэ хил/ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан ч өнөөдөр явуулсан санал хураалтанд Сэнури намын 30 орчим төлөөлөгч түүний эсрэг санал өгснөөр ийнхүү хугацаанаасаа жил хагасны өмнө огцорч байна. 2012 оны 12 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдсөн ч гол өрсөлдөөн эрх баригч Сэнури намын Пак Гын-Хэ, Ардчиллын нэгдсэн намын Мун Жэ-Ин нарын хооронд болсон бөгөөд Пак Гын- Хэ нийт сонгогчдын 51.6 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Мун Жэ-Ин 48 хувийн санал авсан байдаг.

Тухайн үед БНСУ-ын Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, санал хураалт 75.8 хувьтай явагдсан нь 30.7 сая хүн саналаа өгсөн гэсэн үг юм. Үүнээс Пак Гын-Хэ 15 сая 773128, Мун Жэ-Ин 14 сая 692632 хүний санал авч ялалт байгуулж байж. Өнөөдөр БНСУ-ын парламентын гишүүдийн олонхийн саналаар хугацаанаасаа жил хагасын өмнө огцорч байгаа Ерөнхийлөгч Пак Гын-Хэ өдгөө 64 настай бөгөөд амьдралдаа огтхон ч гэрлэж байгаагүй, төрүүлсэн хүүхэдгүй аж. Тэрээр ганц бие амьдралынх нь талаар асуусан гадаадын сурвалжлагчийн асуултад “Би Солонгосын ард түмэнтэй гэрлэсэн” хэмээн хариулж байсан ч өнгөрсөн хагас сарын хугацаанд өөртэй нь гэрлэсэн Солонгосчууд Сөүл хотынхоо гудамжинд сая саяараа жагсаж тэмцсээр өнөөдөр ийнхүү зорьсондоо хүрч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцрууллаа.   

БНСУ-ыг өнөөдрийн хөгжил цэцэглэлтэд хөтөлж, Азийн бар улс болгосон түүний аав Пак Жон Хэ нь 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авангуутаа 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулж 1979 онд амь үрэгдэх хүртлээ төрийн тэргүүнээр ажиллажээ. Тэрбээр төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Хойд Солонгосын нууц ажилтнуудын амь насыг нь хөнөөх хоёр ч халдлагаас эсэн мэнд гарч байсан ч 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн аюулгүй албаны тэргүүн Ким Жэ-Кюгийн гарт амь эрсэдсэн гэдэг. Өдгөөгийн Солонгосын Үндэсний тагнуулын албаны тэргүүн асан, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга Ким Жэ-Кю нь Пак Жон Хэ Ерөнхийлөгчийн толгойд нь буудан хөнөөсөн бөгөөд 1980 оны тавдугаар сарын 24-нд энэ хэргийнхээ төлөө дүүжлэн хороогдсон байдаг. Пак Жон Хэ нь АНУ-ын алдарт “Тайм” сэтгүүлээс тодруулсан “Зууны 10 ази хүн” жагсаалтад багтсан БНСУ-ын түүхэнд мөнхөрсөн удирдагч юм.  

Өнөөдөр огцорч байгаа Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хувьд эцгийгээ алуулахаас өмнө буюу 1974 онд эцгийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын явуулгын улмаас ээж нь амь үрэгдсэний дараахан дөнгөж 22-хон насандаа улстөрд хөл тавьсан гэдэг. Ийнхүү Солонгосын ард түмний төлөө хоёр үеэрээ бүх л амьдралаа зориулсан ч эцэст нь гунигтайгаар төгсдөг тавилан өнөөдөр Пак Гын Хэ Ерөнхийлөгчийг тойрсонгүй дайрч анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн алдраа “Хугацаагаа дуусгалгүй огцорсон анхны Ерөнхийлөгч” гэсэн гунигтай гуншинтайгаар өндөрлүүлж байна. Ард түмэн нь улстөрийн маш өндөр идэвхтэй, дэлхийн 12 дахь том эдийн засагтай БНСУ-д улстөрийн өндөрлөгт гарах маш хэцүү, адармаатай зам туулдаг шигээ нэг л хазгай гишгэвэл ямар ч өршөөлгүй хатуу шийтгэл хүлээж байдгийг Пак Гын Хэ Ерөнхийлөгч ийнхүү даян дэлхийд нотлон харууллаа.

БНСУ-ын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь хугацаанаасаа өмнө огцорсон тохиолдолд Ерөнхий сайд нь дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл Ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэх бөгөөд ингэхдээ түүний статус нь дэд Ерөнхийлөгчийн хэмжээнд байхаар хуульчилсан байдаг ажээ. Ингэхээр БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу өнөөдрийн Ерөнхий сайд Хван Кио Ан нь дэд Ерөнхийлөгчийн статусаар огцорч байгаа Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр болж байна.  

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.